ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго

Физикийн шинжлэх ухаан ба технологийн чиглэлээр  эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэлхийн жишгээр явуулж, үр дүнг практикт нэвтрүүлэх, байгалийн шинжлэх ухааны орчин үеийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Энэхүү зорилгод хүрэхийн тулд Физик, технологийн хүрээлэн нь 2020 он хүртэл эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны дараах ЗОРИЛТ (тэргүүлэх чиглэл)-ыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

  • Квант орны онолын судалгаа;
  • Их энергитэй эгэл бөөмс, цөмийн харилцан үйлчлэлийн судалгаа;
  • Хатуу биеийн физик, функциональ материалын физик технологийн судалгаа;
  • Соно ба фотобиофизикийн судалгаа;
  • Энергийн альтернатив эх үүсгүүрийн технологи ба цацрагийн физикийн судалгаа;
  • Физик электроник, автоматикийн онол, туршилтын ба мэдээллийн технологи, тооцооллын судалгаа.      

 

Одоогийн манай хүрээлэнгийн судалгааны гол нэгжүүд нь ШУА-ийн анхны 4 хүрээлэнгийн нэг болох Байгалийн ухааны хүрээлэнд Их энергийн физикийн тасаг, Рентген спектроскопийн тасаг, Соронзон судлалын тасаг, газар хөдлөлийг судлах сектор, Одон орныг судлах оргил нэртэйгээр байгуулагджээ.

Яваа яваандаа хөгжиж дэвжсээр 1964 онд Физик-химийн хүрээлэн, 1968 онд Физик-математикийн хүрээлэн нэртэйгээр зохион байгуулагдсан юм. Манай хүрээлэнгээс Математикийн хүрээлэн (1973), Одон орныг судлах оргил (1991), Информатикийн төв (199), Электроникийн үйлдвэр МОНЕЛ (1988), цөмийн хурдасгагч микротрон бүхий Цөмийн судалгааны төв (1997) зэрэг хүрээлэн төвүүд салбарлан гарсан байна. ШУА-ийн ФТХ нь физик болон техник технологийн салбарт эрдэм судлал, инновацийн ажил эрхэлдэг манай орны ууган, томоохон төв болжээ.

 Тус хүрээлэнд онолын физик, цөмийн ба эгэл бөөмсийн физик, түлшний элементийн нанотехнологи, биофизик, электроник, газрын ховор элементийн судалгаа зэрэг физик технологийн судалгааны 10 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээний суурь судалгааны ажил явуулж байгаагийн зэрэгцээ электроник автоматжуулалт, цөмийн физикийн ололтыг практикт хэрэглэх, эх орны эрдэс түүхий эд, байгаль орчны дээж, үйлдвэрийн бүтээгдэхүүний бүтэц, найрлага, шинж чанарыг тодорхойлох, нарны энергийг цахилгаан, дулааны энергид хувиргах зэрэг улс ардын аж ахуйд чухал ач холбогдолтой хавсарга судалгааны ажлыг хослуулан явуулж байна.

 Эдүгээ тус хүрээлэнд гадаадад ажиллаж байгааг оролцуулан 100 гаруй ЭША, ажилчид ажиллаж байна. Хамт олны дундаас академич 8, доктор 70 гаруй, төрийн шагналтан 3, ШУ-ны гавъяат зүтгэлтэн 4 төржээ. Хүрээлэн нь өөрийн тохилог байр байшин, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лабораториудтай болсон байна. ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, Япон, БНСУ зэрэг гадаадын олон орны физикчидтэй хамтран ажиллаж, мэргэжилтэн солилцож, нэртэй сэтгүүлүүдэд ном бүтээлээ хэвлүүлж, дэлхийн физикийн нийгэмлэгийн нэр төртэй нэгэн гишүүн болжээ.

 Манай хүрээлэн нь физикийн орчин үеийн лабораториудтай, шинэ технологиуд, инновацийн ундрага болсон төвүүдтэй, физикийн шинжлэх ухааны сургалтын нэгдсэн цогцолбор болж хөгжиж, тусгаар тогтносон монгол орноо цэцэглүүлэн хөгжүүлэх, оюунлаг нийгэм байгуулахад мэдэгдэхүйц хувь нэмэр оруулдаг хамт олон болно гэдэгт бат итгэж байна.

 Тус хүрээлэн:

  •  Онолын физик
  •  Материал судлал, нанотехнологи
  •  Биофизик, биотехнологи
  •  Эгэл бөөм, цөмийн физик
  •  Техник, технологи
  •  Информатик

гэсэн зургаан салбарт орчин үеийн физикийн чиглэлээр суурь судалгаа явуулж, физик технологийн инноваци, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Тус хүрээлэнгийн хамт олон нэгэн сэдэвт бүтээл (диссертацыг оруулахгүйгээр) 40 гаруйг хэвлэн олон нийтийн хүртээл болгожээ.

Физик, технологийн хүрээлэнгийн бүтцийн схем

Sky Bet by bettingy.com

Холбоо барих

Физик, Технологийн Хүрээлэн
Энхтайваны Өргөн Чөлөө 54б, Баянзүрх Дүүрэг, Улаанбаатар 13330, Монгол Улс

  +976 11 452313
  +976 11 458397
  info@ipt.ac.mn 

 лого татаж авах