ШУА-ийн 2025 оны онцлох үйл явдал, үр дүнгээс
ШУА-ийн 2025 оны онцлох үйл явдал, үр дүнгээс

   ШУА-ийн Их чуулган 2 удаа хуралдаж Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын 2024 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны нэгдсэн тайланг хэлэлцэн, дүгнэх, ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явуулах,  Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

   Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын 2024 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны нэгдсэн тайланд ШУА-ийн гишүүдийн гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж, Засгийн газар болон холбогдох төр, засгийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудад хүргүүллээ.

   Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаас “Шинжлэх ухаан, технологийн салбарын жилийн нэгдсэн үйл ажиллагааны тайлан, дүгнэлт, зөвлөмжийг гаргаж Засгийн газарт танилцуулдаг байх” чиг үүргийн дагуу салбарын үйл ажиллагааны анхны нэгдсэн тайланг гаргалаа.

   Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран боловсруулж, ШУА-ийн салбарын Бага чуулган, Төрөлжсөн академи, Их чуулганаар тус тус хэлэлцүүлэн, холбогдох санал зөвлөмжийг боловсруулан Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

   Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны ЖАЙКА байгууллагын санхүүжилтээр “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөж буй хээрийн болон говь, цөлийн экосистемийн эмзэг байдлыг үнэлэх математик загварчлал болон мониторингийн сүлжээний цахим платформыг хөгжүүлэх” сэдэвт САТРЕПС төслийг байгалийн ялгаатай бүс, бүслүүрт байрлах ургамлын урт хугацааны мониторинг судалгааны сууринуудыг түшиглэн хэрэгжүүлж эхэллээ.

   ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хүрэн Дух олдворт газраас ойролцоогоор 110 сая жилийн тэртээ амьдарч байсан пахицефалозавр бүлгийн шинэ зүйлийг илрүүлэн, Zavacephale rinpoche хэмээн нэрлэж шинжлэх ухаанд шинээр бүртгүүлэв. Судалгааны үр дүнгээ дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлийн нэг болох “Nature”-т хэвлүүллээ.

   Шинжлэх Ухааны Академийн салбарын бага чуулган, төрөлжсөн академиуд төр засагт зөвлөмж өгөх чиг үүргийнхээ хүрээнд хэд хэдэн томоохон хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулж, хурлаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газар болон бусад холбогдох Төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Уур амьсгалын өөрчлөлт ба Тэрбум мод” олон улсын чуулга уулзалт, “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган, “МОРИН ХУУР-2025” эрдэм шинжилгээний хурал, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлэг, “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлэг, “Нээлттэй өгөгдөл ба судалгааны их өгөгдөл” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр” хэлэлцүүлэг, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн ажлыг үр ашигтай, уялдаатай зохион байгуулах, талуудын оролцоо, үүрэг хариуцлагыг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмжийг гаргах зорилго бүхий хэлэлцүүлэг, “Агаарын бохирдол: Тулгамдсан асуудал ба шийдэл” эрдэм шинжилгээний хурал, “Газрын ховор элемент, чухал ашигт малтмал ба хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал, "Хиймэл оюун ба шинжлэх ухаан: хотын автозамын түгжрэлийн гарц, шийдэл" эрдэм шинжилгээний хурал, “Монголын хөгжил-5.0: өнөөгийн төлөв, хөгжлийн зорилт” сэдэвт цуврал семинар-хэлэлцүүлэг зэрэг хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хурлаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УИХ, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

   ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн хүний нөөцийн чадамжийг сайжруулах ажлыг бодлогоор дэмжиж ажилласны дүнд энэ онд 9 эрдэмтэн шинжлэх ухааны доктор (Sc.D), 19 судлаач (гадаадад 7) доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгаалав.
 
   Манай эрдэмтэн судлаачдын оюуны бүтээл, судалгааны ажлын үр дүнг өндрөөр үнэлж, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэлийг Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич А.Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор, академич Х.Энхжаргал, доктор Х.Цогтбаатар нар Шинжлэх ухааны гавьяат цолоор шагнуулсан нь Монголын төр засаг шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн үзэж байна.

   Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хангах, 14 мега төслүүдэд шинжлэх ухааны салбарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, салбарын бага чуулганы гишүүдийн тоог 30 болгон нэмэгдүүллээ. Шинэчилсэн дүрмийн дагуу Бага чуулганы бүрэлдэхүүнд тухайн салбарын академичид, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллагын захирал, төрийн өмчийн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, сонгогдсон гишүүдээс гадна төр, бизнес, төрийн бус байгууллагын 6 хүртэлх төлөөллийг оруулах эрх зүйн орчныг бүрдүүллээ. ШУА-ийн салбарын 6 Бага чуулганы 63 мэргэжлийн чиглэлээр 147 эрдэмтэн, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллагын захирал, төрийн өмчийн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга нар зэрэг 29 албан тушаалтан, төр, бизнес, төрийн бус байгууллагын 50 төлөөллийг нэмэн, нийт 226 эрдэмтэн ШУА-ийн салбарын 6 бага чуулганы гишүүнээр сонгогдлоо.   

   Салбарын Бага чуулган, төрөлжсөн академиудын хуралдаанаар 2024 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжиж дууссан суурь судалгааны төслийн тайлан, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв. Хэрэгжиж дууссан суурь судалгааны 59 төслийн тайланг хэлэлцүүлэн дүгнэлтийг ЭЗХЯ болон ШУТС-д хүргүүлсэн бөгөөд нийт 112 эрдэмтэн тайланд шинжээчээр ажиллаж, холбогдох дүгнэлтийг гаргасан байна.

   Олон улсын стандартад нийцсэн, салбар дундын төрөлжсөн лаборатори бүхий “Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор”-т улсын төсвөөс 2025 онд 20.4 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан бөгөөд 27,000 м2 ашиглалтын талбай бүхий лабораторийн 3 барилга болон тусгай зориулалтын агуулахын барилга ашиглалтад орж, 7 хүрээлэн шинэ байрандаа нүүж орлоо.
Энэ цогцолборыг түшиглэн судалгаа шинжилгээ, биологи, хөдөө аж ахуй, био анагаахын салбарт өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахуйц, импортоор авдаг бүх төрлийн универсал праймер, өндөр цэвэршилттэй фермент, моноклональ эсрэг биет зэргээр дотоодын лабораториудыг хангах зорилго бүхий “Хэрэглээний биотехнологийн төв”-д 7.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг төсвийн хөрөнгөөр худалдан авч, үйл ажиллагааг нь жигдрүүлж эхлүүллээ.

   ШУА-ийн хүрээлэнгүүдийн Нэгдсэн цогцолборын лабораторийн багаж, тоног, төхөөрөмж, тавилга эд хогшлын 2026 оны хөрөнгө оруулалтын саналыг боловсруулан танилцуулж, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад 18.5 тэрбум төгрөг батлагдлаа.  

   ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, төр болон орон нутаг, бизнесийн байгууллага болон гадаадын байгууллагуудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн энэ онд 15.0 тэрбум төгрөгийн төсвийн бус орлого бүрдүүлсэн байна.

   ШУА-ийн дангаараа болон хамтран эзэмшигчээр бүртгэлтэй барааны тэмдгийг ашиглах, ашиглуулах эрхийн хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах зорилготой “ШУА-ийн барааны тэмдэг ашиглах журам”-ыг боловсруулж батлуулав.

   Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран уламжлалт "Эрдэм номын чуулган- 2025" ном хандивлах арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд ШУА-ийн Тэргүүлэгчийн газар болон харьяа хүрээлэнгүүд Үндэсний номын сангийн сан хөмрөгт нийт 1600 гаруй нэр төрлийн ном, бүтээл хандивлаад байна. Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 45 жилийн ойд зориулан 1127 нэр төрлийн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном, товхимол хандивласан байна.

   ШУА-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 9 лекц зохион байгуулж, эрдэмтэд судалгааныхаа үр дүн, ач холбогдол, гарц, шийдлийн талаарх мэдээллийг танилцуулж, нийтийн хүртээл болгов. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухаан, судалгааны ажлын үр дүнгээс хүүхэд багачууд болон олон нийтэд зориулан шинжлэх ухааны мэдлэг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухаанч иргэн төлөвшүүлэх зорилгоор бүтээж буй “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал” номын 120-131 дэх цуврал 12 ном хэвлэгдлээ.

   ШУА-иас Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэгдсэн платформ (MongoliaJOL)-ыг дэмжин хөгжүүлснээр нийт 25 сэтгүүлтэй боллоо. Үүнээс дотоодын эрдэм шинжилгээний 2 сэтгүүл олон улсын нэр хүндтэй мэдээллийн сан Скопуст бүртгэгдэж, тэдгээрт хэвлэгдсэн бүтээлүүдээс авагдсан эшлэлийн тоо тогтмол нэмэгдэж байна.

   ШУА-ийн харьяа хүрээлэн төвийн эрдэмтэн судлаачид, лаборатори техник тоног төхөөрөмжийг түшиглэн Шинжлэх Ухааны Академийн Их сургууль (UMAS)-ийн үйл ажиллагааг нээж магистрын 4, докторын 6 үндсэн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлж, магистрын сургалтыг албан ёсоор эхлүүллээ.

   Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд 2025 онд манай академи 12 улсын 16 байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, 6 улсын 7 байгууллагын айлчлалын багийн төлөөлөл болон 6 улсын элчин сайдын яамдын төлөөллийг хүлээн авч ажиллаа. Шинэчлэгдсэн гэрээнүүдийн 5 нь Монгол Улсын Төрийн тэргүүн нарын айлчлалын хүрээнд зурагдлаа.
Шинжлэх Ухааны Академи нь Олон улсын Шинжлэх ухааны байгууллагуудын холбоо (ANSO)-ны удирдах зөвлөлийн гишүүнээр дахин сонгогдлоо. Мөн Олон улсын гүний сансрын хайгуулын холбоо (International Deep Space Exploration Association, IDSEA)-нд гишүүнээр элслээ.

   ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл нь Оросын ШУА-ийн гадаад гишүүн, Олон улсын академийн холбооны гишүүнээр тус тус сонгогдлоо.

   АНУ-ын Төрийн департментын Тусгай мэргэжилтний солилцооны хөтөлбөр (Fulbrigth Specialist)-ийн хүрээнд "Шинжлэх ухаан технологийн төслийн санал боловсруулах “FSP-P009918” сургалтыг амжилттай зохион байгуулав. Тус сургалтад 9 хүрээлэнгийн 37 судлаач хамрагдаж, үр дүнд 11 төслийн санал боловсруулснаас 2 төслийг санхүүжүүлэгч талд илгээж, 1 төсөл дэмжигдэв.

   Монгол Улс, Бүгд Найрамдах Беларус Улсын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол, Беларусын залуу эрдэмтдийн чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалт нь залуу судлаачдын туршлага солилцох, хамтарсан судалгааны сүлжээг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох чухал алхам болсон юм.

ЗАРИМ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 Үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулав.

   ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдээс “Монголын эзэнт гүрэн: Их Юань улсын үеийн археологийн судалгаа”, “Монгол, Байгал, Өмнөд Сибирь ба Умард Хятадын эртний соёлууд”, “Монгол, Францын харилцааны нэгэн жаран”, “Монгол үндэстний адилсал ба ертөнцийн үндэстнүүдийн дүр зураг”, “Монгол, Унгарын нийгмийн өөрчлөлтүүд, түүнд хийх анализ дүгнэлт”, “Монголын угсаатан судлал: дэг, өв, чиг хандлага", “Мэдээлэл, менежментийн алгоритмын асуудлууд”, “Биологийн олон улсын конференц - 2025”, “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал”, "Үндэсний зайнаас тандан судлал болон нам орбитын хиймэл дагуул", “Хубилай Сэцэн хааны намтар, өв” “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил”, “Энх тайвнаар зэрэгцэн оршихуй: Орчин үе ба Монгол” зэрэг үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг амжилттай зохион байгууллаа.

“Аюултай хог хаягдлын зохистой менежмент” үндэсний сургалт зохион байгуулав.

   Монгол Улсад аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн хүрээнд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс “Аюултай хог хаягдлын зохистой менежмент болон Базель, Стокгольм, Минаматагийн конвенцуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт үндэсний сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад 21 аймгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон холбогдох яам, нийслэл, дүүргийн хүрээлэн буй орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн, аюултай хог хаягдал үүсгэгч аж ахуйн нэгж байгууллага, аюултай хог хаягдал хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын ажилтан, албан хаагчдын 80 гаруй төлөөлөл оролцов.

Европын Цөмийн Судалгааны Байгууллага (CERN)-ийн харьяа LHCb хамтын ажиллагааны гишүүн боллоо.

   ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн Европын цөмийн судалгааны байгууллагын харьяа LHCb хамтын ажиллагааны гишүүн болж, дэлхийн тэргүүлэх суурь судалгааны төсөлд оролцох, олон улсын судлаачидтай мөр зэрэгцэн ажиллаж, туршилтын шинэ үеийн детекторын хөгжүүлэлт, өгөгдлийн нарийвчилсан дүн шинжилгээ, онолын ба туршлагын уялдаа зэрэг өргөн хүрээний ажилд оролцох боломжтой боллоо.

     “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг цахим хэлбэрт шилжүүллээ.

     Монгол орны байгаль, түүх, нийгэм, эдийн засгийн талаарх иж бүрэн мэдээллийг нэгтгэсэн шинжлэх ухаан, зураг зүйн суурь бүтээл болох “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг цахим хэлбэрт шилжүүлж, олон нийтэд нээлттэй болголоо. Энэхүү атласт нийт 132 сэдэвчилсэн газрын зураг багтах бөгөөд монгол болон англи хэлээр ашиглах боломжтой, бүлэг бүрийн тайлбар, үе үеийн атласын товч түүх, зураг тус бүрийн зохиогчийн мэдээлэл болон эшлэл авах загварыг хялбар байдлаар оруулснаараа ач холбогдолтой юм.

Монгол бичгийн судалгааны төв байгуулав.

   ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр монгол хэл бичгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах зорилгоор Хэл зохиолын хүрээлэнд “Монгол бичгийн судалгааны төв”-ийг шинээр байгууллаа. Төвийн үйл ажиллагааны хүрээнд ШУА-ийн албан хаагч нарт зориулсан анхан болон ахисан шатны мэдлэг олгох, албан харилцаанд монгол бичгийг хэрэглэх арга зүйг заах “Үндэсний бичиг - Үндэстний бахархал” сургалтыг зохион байгууллаа.

“Монголын үлэг гүрвэл” олон улсын үзэсгэлэн гаргахаар боллоо.

   ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний музейтэй хамтран дэлхийн хамгийн үнэ цэнтэй, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий олдворуудаас бүрдэх “Монголын үлэг гүрвэл” нэртэй олон улсын үзэсгэлэнг 2027 оны 6 дугаар сард Прага хотод нэг жилийн хугацаатай зохион байгуулахаар тогтлоо. Үзэсгэлэнд нийт 65 орчим үзмэр дэглэгдэх бөгөөд тэдгээрийн 70 орчим хувь нь жинхэнэ чулуужсан олдвороос бүрдэж байгаагаараа онцлог юм.

“Квантын мэдлэг түгээе” аяныг зохион байгууллаа.

     НҮБ-аас 2025 оныг Квантын шинжлэх ухаан, технологийн жил болгон зарласантай холбогдуулан квантын шинжлэх ухаан, технологийн мэдлэг, ололтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Квантын мэдлэг түгээе” аяныг зохион байгууллаа. Аянд ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангийн нийт 2,000 гаруй сурагчид хамрагдав.

“Өв хамгаалагчид” өдөрлөг, хэлэлцүүлэг зохион байгуулав.

   ШУА-ийн Археологийн хүрээлэн Их Британы Ливерпүүлийн Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Өв хамгаалагчид” төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд соёлын өвийн талаар мэдлэг түгээх нээлттэй өдөрлөг зохион байгуулав. Мөн боловсрол, соёлын салбарын байгууллагуудын төлөөллийг оролцуулан дунд сургуулийн боловсролын хөтөлбөрт соёлын өвийн талаар ойлголт өгөх, хайрлан хамгаалах мэдлэг олгох хичээлийг нэмж оруулах боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

   Соёлын өвийн талаарх боловсрол нь хүүхэд залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, түүх соёлоороо бахархах суурь асуудал бөгөөд манай ерөнхий боловсролын хөтөлбөрт зайлшгүй оруулах шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэж, энэ талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.

“Эрдэм Хакатон - 2025” тэмцээн зохион байгуулагдлаа.

   ЭЗХЯ-ны дэмжлэгтэйгээр 7 дахь удаагийн “Эрдэм Хакатон-2025” тэмцээнийг сургалт, зөвлөгөө хослуулсан хөтөлбөрөөр зохион байгууллаа. Тус тэмцээнд 28 төсөл өрсөлдсөнөөс тэргүүн байранд Мал эмнэлгийн хүрээлэнгийн “Шимт дэлүү–шилдэг бэлдмэл” төсөл, дэд байранд Хими, химийн технологийн хүрээлэнгийн “Тунхуу” үе мөчний үрэвсэл дарах тосон түрхлэг төсөл, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн “Betulacea–Bionova” төсөл тус тус шалгарлаа. Тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжлэх ухаан, технологийн сан, “Стартап Монгол” ТББ-тай хамтран зохион байгуулав.

“Элчин сайдын индэр” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

   ШУА-ийн Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол болон тухайн улсын шинжлэх ухаан, технологи, соёл, боловсролын салбарын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "Элчин сайдын индэр" хүндэтгэлийн цуврал лекцийг зохион байгуулж байна. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд ОХУ, БНХАУ, БНФУ, БНУУ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд нарыг урьж оролцууллаа.

СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС

 Эрдэмтдийн бүтээл олон улсад хэвлэгдлээ.

   ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачдын баг 108-115 сая жилийн өмнө амьдарч байсан “Цул толгойт” үлэг гүрвэлийн олдворыг олж нээсэн бөгөөд судалгааны үр дүн нь дэлхийн нэр хүндтэй Nature (impact factor: 55) сэтгүүлд нийтлэгдлээ. Энэхүү олдвор нь палеонтологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн “цул толгойт” үлэг гүрвэлүүдээс хамгийн сайн бүрдэлтэй олдворт тооцогдож байгаа бөгөөд геологийн цаг хугацааны хувьд  хамгийн эртний төрөлд хамаарч байгаа нь дэлхийн палеонтологич нарын анхаарлыг татаж байна.

   ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн судлаачдын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” бүтээл нь “Springer Nature” хэвлэлийн газарт  хэвлэгдлээ. Энэхүү бүтээл нь цөмийн физикийн судалгаанаас эхлэн уул уурхай, цаг уур, эдийн засагт хүртэл хэрэглэх боломжтой тооцон бодох математикийн арга, алгоритмыг агуулсан юм. Мөн хоёрдугаар эрэмбийн өөртөө хосмог эллипслэг тэгшитгэлийн хувийн утга болон сарнилын шийдийг төгсгөлөг элементийн арга ашиглан өндөр эрэмбийн нарийвчлалтайгаар олох KANTBP программын 3.0, 3.1 шинэ хувилбаруудыг “Computer physics communications” (impact factor 7.2) сэтгүүлийн программын санд оруулав.

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаачдын “Оросоос Монголын талаар явуулсан бодлого, 1911–1952: Монголчууд улаантай хэрхэн тэмцэв”, “Нэгдэлжих хөдөлгөөний үеийн Монголын газрын харилцаа: Малчдаас нэгдэлчид хүртэлнэртэй судалгааны бүтээлүүд нь “Springer Nature”-д хэвлэгдлээ. Эдгээр бүтээлүүд нь Монгол Улсын түүх, нийгмийн хөгжлийн онцлогийг олон улсын эрдэм шинжилгээний хүрээнд шинэ өнцгөөс таниулах, монгол эрдэмтдийн судалгааны үр дүнг дэлхий дахинд хүргэх чухал ач холбогдолтой юм.

   ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн хамт олон 2017 онд эхлүүлсэн Монгол хүнд элэгний хавдар үүсэхэд зарим генийн үзүүлэх нөлөө судалгааны ажлын үр дүнг олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлсэн. Энэхүү өгүүлэл нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй хамтран гаргасан бөгөөд улсын хоёр байгууллага хамтран зөвхөн монгол судлаачдын багаар хэвлүүлсэн элэгний хавдрын молекул биологийн чиглэлээр хэвлүүлсэн анхны өгүүлэл юм.

Хятаны их, бага бичгийн шинэ дурсгалыг илрүүлэв.

Монгол, Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Булган аймгийн Дашинчилэн сумын Найдаг ууланд хятан бичгийн шинэ хадны дурсгал илрүүллээ. Урьдчилсан судалгаагаар агуйн дотор долоон бичээс хадгалагдаж буй нь тогтоогдсон бөгөөд тэдгээр нь бүгд хятаны их бичгээр, зарим нь бага бичгээр бичигдсэн байж болзошгүй юм. Түүнчлэн нэг газар хятаны их ба бага бичгийг зэрэг ашигласан байж болзошгүй гэсэн дүгнэлт нь энэхүү олдворын онцлогийг тодотгож байна.

Палеонтологичид шинэ төрөл зүйлийг шинжлэх ухаанд нэршүүлэв.

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших хожуу цэрдийн цаг үеийн Баянширээгийн (95.9-89.6 сая жил) настай хурдас хуримтлалаас холимог идэшт үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг ахмад палеонтологич Х.Цогтбаатарыг алдаршуулан Duonychus tsogtbaatari хэмээн нэрлэж шинжлэх ухаанд шинээр нэршүүллээ.
  • 86 орчим сая жилийн тэртээ Монгол оронд амьдарч Khankhuuluu mongoliensis хэмээх шинэ төрөл зүйлийн махчин үлэг гүрвэл шинжлэх ухаанд шинээр бүртгэгдэв.
  • Хожуу цэрдийн цаг үед хуримтлагдсан тунамал чулуулгаас олддог Dromaeosauridae гэж нэрлэдэг шувуутай төстэй махан идэшт үлэг гүрвэлийн бүлэгт хамаарах Shri rapax хэмээх шинэ үлэг гүрвэлийг шинжлэх ухаанд нэршүүллээ.
  • Эртний хөхтөн амьтны Ravjaa ishiii хэмээх шинэ төрөл, зүйлийг Дорноговь аймгийн Баян-ширээ уулын орчимд тархалттай дээд цэрдийн цаг үеийн хурдас, хуримтлалаас олж тогтоон шинжлэх ухаанд шинээр нэршүүллээ. Энэ төрлийн амьтдын үлдвэр зарим бүс нутгаас олддог боловч Монгол орноос анх удаа тодорхойлогдсоноороо онцлог юм.

Шинэ зүйлийн мөөг илрүүллээ.

   ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэд Монгол орны Хэнтийн нуруунаас цуглуулсан мөөгний дээжид ангилалзүйн морфологийн шинжилгээ болон ITS, LSU, RPB2, TEF-1α зэрэг молекул маркеруудыг ашиглан судалгаа хийсний үр дүнд Cudonia mongolica T. Bau & Burenbaatar хэмээх шинэ зүйлийг илрүүлэв. Энэхүү судалгаа нь Монгол орны мөөгний төрөл зүйлийн олон янз байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ молекул биологи болон уламжлалт ангилалзүйн аргыг хослуулан ашиглахын ач холбогдлыг тодорхой харуулсан төдийгүй Монгол орны судлагдаагүй биологийн нөөцийг илрүүлэх, дэлхийн мөөг судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал үр дүн юм.

Жужаны үеийн булш илрүүлэн судалж байна.

   ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн дурсгалт газарт Жужаны үеийн (НТV–VI зуун) оршуулгын дурсгал илрүүлэн судалж байна. Илэрсэн булш, дурсгалууд нь хүний яс, эд өлгийн зүйлсээ бүрэн хадгалсан, шинэлэг олдворууд бөгөөд нарийвчилсан судалгаанд хамруулахаар дээжийг Япон улсын лабораторид илгээв. Энэхүү судалгаа нь эрт үеийн бурхны шашин, нүүдэлчдийн соёл, шүтлэг, амьдралын хэв маягийг судлах шинэ эх сурвалжийг бүрдүүлж байна.

Баянхонгорын бүсийн тектоник схемийг гурван хэмжээст байдлаар боловсруулав.

   ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн судлаачид Баянхонгорын офиолит эвшлийг бүрэлдэхүүнд оролцдог дэрэн лавуудад нарийвчилсан геохимийн болон Sm-Nd изотопын судалгааг явуулж, далайн голч нуруунд (MORs) үүссэн болохыг тогтоон 3 хэмжээст тектоник моделийг боловсруулав. Эдгээр дэрэн лавууд нь ихэвчлэн баяжсан мантиас (EMORB) гарал үүсэлтэй байв. Мантиас анх ялгарч талсжсан нас нь ойролцоогоор 721 сая.жил байж болохыг анхдагч Nd изотопын нэг шатны модель насыг тооцоолж тогтоов.

Инвазив бус аргаар ургийн гажгийг дижитал полимеразийн гинжин урвал (ПГУ) ашиглан илрүүлэх оношилгооны зааврыг боловсруулав.  

   ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд ЭМЯ-ны захиалгаар “Инвазив бус аргаар ургийн гажгийг дижитал полимеразийн гинжин урвал (ПГУ) ашиглан илрүүлэх нь” судалгааг гүйцэтгэв. Судалгаагаар нийт 50 дээжид шинжилгээ хийж хүн амд суурилсан суурь утга (0.9880) болон z-онооны босго (≥3)-г тогтоосон. Үүнийг өндөр эрсдэлтэй 63 дээжид шинжилгээ хийн баталгаажуулахад өвөрмөц болон мэдрэг чанар 100% байжээ. Иймд судалгааны үр дүнгээс сүүлийн үеийн дэвшилтэт арга болох дижитал ПГУ (ddPCR)-д суурилсан жирэмсэн үед хромосомын эмгэгийг эрт илрүүлэх инвазив бус ургийн урьдчилсан шинжилгээ (NIPT)-г нутагшуулах шаардлагатай гэж үзсэн байна. Тус судалгааны үр дүнг нэгтгэн олон улсын өгүүлэл хэвлүүлэн, оношилгооны зааврыг боловсруулав.

Малын сэг зэмийг боловсруулан органик бордоо гарган авах технологи боловсруулав.

   ШУА-ийн Технологийн инкубаторын эрдэмтэд Мал эмнэлэг, ариун цэврийн стандартын дагуу малын сэг зэмийг цуглуулж, дулааны аргаар, агааргүй орчинд боловсруулан бордоо болгон хувиргах технологийн туршилт судалгааг гүйцэтгэж, байгальд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах технологийг боловсруулаад байна.

“Монгол орны амьд ертөнцийн цогцлохуун” цуврал бүтээлүүд хэвлэгдлээ.

   “Монгол орны амьд ертөнцийн цогцлохуун” 10 ботийн эхний хоёр цуврал бүтээл болон тусгай дугаарын цомгийг туурвилаа. Манай орны ой тайга, тал хээр, ус намгархаг орчинд тархах 124 зүйл шувуудын таних шинж, амьдрах орчин, тэдгээрийн дэлхийн тархац, фото болон зурмал дүрслэлийг багтаасан “Монгол орны шувууд”, усны сээр нуруугүйтэн амьтдын үндсэн бүлэг тус бүрийн онцлог шинж, мөн загасны бие бүтэц, физиологи, зан төрх, түүхэн хувьсах хөгжил, хүн ба байгалийн харилцан хамаарал зэргийг тусгасан “Монгол орны усны амьтад” бүтээлүүдийг тус тус хэвлүүллээ. Түүнчлэн трофикийн бүсэд тархах бие бүтэц, өвөрмөц дүр төрхөөрөө дэлхийд гайхагдсан 279 зүйл эрвээхэй, 16 зүйл цохны макро гэрэл зураг бүхий “Халуун орны эрвээхэй ба цох” тусгай дугаарын цомгийг гаргалаа.

Монгол орны царцдасын зузааныг тодорхойлов.

   ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд Монгол оронд ажиллаж буй газар хөдлөлт бүртгэх, өргөн зурвасын байнгын станцуудын доорх дэлхийн царцдасын зузааныг холын газар хөдлөлтийн хүлээн авагчийн функцийн аргаар тодорхойлон Монгол орны царцдасын зузааны анхны тойм зураг зохиолоо. Судалгааны үр дүнд царцдасын зузаан ерөнхийдөө зүүнээсээ баруун тийш зузаарч байгааг тогтоов. Монголын Дорнод мужийн Улз- Хэрлэнгийн дэд мужид орших, газар хөдлөлт бүртгэх DABM станцын доор царцдас 35.9±0.5 км гэж тодорхойлогдсон байхад хамгийн зузаан царцдас Монгол Алтайн бүсэд Ховд аймгийн Ховд хотын ойролцоо орших газар хөдлөлт бүртгэх HBDM станцын доор 63.1±0.4 км гэж тодорхойлогджээ. Монгол орны хойд хязгаар, Хөвсгөлийн бүс нутагт орших HTGM станцын доорх царцдасын зузаан 47.3±0.3 км хүрч байхад Монгол орны өмнөд хязгаар бүс нутагт орших DZBM станцын доорх царцдасын зузаан 44.5±0.3 км хүрч байна. Мөн Улаанбаатар хот орчмын бүс нутгийн доорх царцдасын зузаан 42-44 км хүрч байна.

Монгол малын арьс ширийг микробиологийн дэвшилтэт аргаар боловсруулах шинэ технологийн судалгаа эхлүүлэв.

   ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд хөрс болон усны дээжээс уураг задлах идэвхтэй бактерийн өсгөврүүдийг ялган авч шинж чанарыг тодорхойлов. Цаашлаад уг идэвхтэй өсгөврийн бэлдмэлийг арьс шир боловсруулах үйлдвэрийн арьснаас үсийг салгах технологийн дамжлагад химийн бодисын оронд хэрэглэх боломжийн судалгааг гүйцэтгэн, үйлдвэрлэлийн үйл явц, үр дүнд үндэслэн “Арьс ширний үйлдвэрт ашиглах протеаза ферментийн идэвхтэй бэлдмэл хийх технологийн заавар” боловсрууллаа. Арьс боловсруулахад ашигласан ферментийн идэвхтэй өсгөврөөр “Протеаза фермент нийлэгжүүлэгч Bacillus pumilus-MNL12 нутгийн омог” гэсэн патент мэдүүлж, мэдүүлгийн дугаар (MN/10-2024-0007403) аваад байна.

“Мод тарих хөрс гарын авлага, зөвлөмж” бүтээл хэвлэгдэн гарлаа.

   ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэд Монгол орны байгаль, уур амьсгалын онцлог байдлаас шалтгаалан үржил шим багатай хөрс дийлэнх бүс нутагт тархсан байдаг бөгөөд хөрсний шинж чанарын хувьд органикийн агууламж бага, шим тэжээлийн макро элементийн хангамж сул, карбонат их, хялбар уусах давсны агууламж өндөр, ширхгийн бүрэлдэхүүний хувьд хэт хүнд, хөнгөн байх нь нийтлэг асуудал байдаг. Энэхүү гарын авлага, зөвлөмжид мод, ургамал тарихад тохиромжгүй хөрсний шинж чанарын сайжруулах чиглэлийн боломжит хувилбаруудыг санал болгосноороо ач холбогдолтой бүтээл юм.

Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор дурсгал”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх номинацийг бэлтгэв.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ССАЖЗЯ-ны захиалгаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей хамтарч “Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор дурсгал”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх номинацийг бэлтгэж, 2025 оны 2 дугаар сард Дэлхийн өвийн хороонд хүргүүлсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд байгаа дурсгалт газрууд, дурсгалт газруудыг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага (ICOMOS)-аас уг номинацийн шалгуур хангаж буй эсэхийг шалгах зорилгоор энэ оны 8 дугаар сард Олон улсын экспертийг томилж, Дэлхийн өвд бүртгүүлэхээр бэлтгэж буй Ноён уул, Гол мод, Гол мод-2, Дуурлиг нарс, Тахилтын хотгор, Чихэртийн зоо зэрэг 7 дурсгалтай газар дээр нь танилцуулах ажлыг тус хүрээлэн амжилттай зохион байгуулж, хангалттай үнэлгээ авсан. Ингэснээр “Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор дурсгал”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх асуудал ирэх жил БНСУ-ын Пусан хотноо болох Дэлхийн өвийн хорооны ээлжит хурлаар орохоор боллоо.

“Нэр томьёо судлалын толь бичиг” хэвлэгдэв.

   ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд, мэргэжилтэн, их, дээд сургуулийн багш, оюутан, судлаач, орчуулагч болон нэр томьёо судлалыг сонирхогчдод зориулан суурь мэдлэг олгох зорилгоор 1,000 гаруй нэр томьёог монгол хэлээр толгойлон, англи нэр томьёо болон тодорхойлолт бүхий “Нэр томьёо судлалын толь бичиг” гарын авлага бүтээлээ.

Улаанбаатар хот орчмын газрын гүний дулааны нөөцийн судалгаа хийв.

   ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд Монголд анх удаа газрын гадаргад илрэлгүй далд газрын гүний дулааны нөөцийг илрүүлэх суурь судалгааг иж бүрэн геофизикийн болон зайнаас тандалтын хэмжилт, боловсруулалтын аргаар гүйцэтгэв. Судалгааны үр дүнд Улаанбаатар орчимд газрын гүний дулаанд тулгуурлан дулаан, эрчим хүч үйлдвэрлэх өндөр боломжтойг тогтоосон бөгөөд энэхүү дүнгийн үндсэн дээр газрын гүний дулааны станцуудын ТЭЗҮ-ийн ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Судалгаа нь ногоон эрчим хүчний шилжилтийг дэмжих, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой ажил болж байна.

Хангайн нурууны өмнөд хэсгийн газар хөдлөлтийн голомтын судалгаа хийв.

   ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд Хангайн өргөгдлийн бүсийн Өмнөд Хангайн хагарал орчмын деформац болон орчин цагийн тектоникийн шилжилт хөдөлгөөний зүй тогтлыг газар хөдлөлтийн мэдээлэлтэй холбон үнэлэх иж бүрэн судалгааны ажлыг хийж гүйцэтгэв. Судалгааны үр дүнгээр Хангайн нурууны доорх сейсмогеник үе давхаргыг 16 км-ээс багагүй (<16км) гүнд байгааг, энэхүү бүсэд оршиж байгаа систем хагарал нь зөрөл болон тохролтой зүүн-гарын хэвтээ шилжилттэй болохыг, деформац нь Энэтхэг-ЕвроАзийн шахалтын хүчний нөлөөнд оршиж байгаа болон дахин идэвхжиж байгаа зэргийг тодорхойлов.

Хануй голын сав дахь эртний хот “Хархул хааны балгас”-ын бүтэц зохион байгуулалтыг тодорхойлов.

   ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Хархорум хоттой хамгийн ойр, түүнтэй нэгэн цаг үед холбогдох, хот төлөвлөлтийн дагуу баригдсан, гоёмсог барилга байгууламж, сүм хийд, олон өргөн чөлөөтэй, нүсэр зохион байгуулалттай Хархул хааны балгас хэмээх эртний хотын туурьд малтлага явуулж, хотын хойд хэсэгт олон дагуул дуган бүхий хоёр томоохон хийдийн туурийг нээн илрүүлэн, бүтэц зохион байгуулалтыг тодорхойллоо. Япон улсад хийсэн он цаг тогтоох лабораторийн судалгаагаар 95.4% магадлалтай 1224-1275calAD (784±21 BP) буюу XIII зуунд холбогдохыг тогтоогоод байна. Малтлагын үр дүнд сүмийн нурангиас бурхны шашин, сүм хийдтэй холбоотой олон төрлийн барилгын материал, хэрэглэгдэхүүн илрүүлсний дотор Өгөдэй хаантай холбогдох боломжтой араб бичээстэй алтан зоос олдсон нь шинжлэх ухааны онцгой ач холбогдол бүхий ховор олдворт тооцогдож байна.

Хөл газрын ургамлын хандаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулав.

   ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад ашиглах зорилгоор арьсны нөхөн төлжилтийг дэмжих үйлчлэлтэй Одой далан түрүү (Stellera chamaejasme L.) ургамлаас антиоксидант идэвх өндөртэй, нийт фенолт болон флавоноид нэгдлийн агууламж ихтэй спиртэн ханд гарган авах тохиромжтой нөхцөлийг тогтоов. Мөн усан ба тосон суурьтай бүтээгдэхүүний найрлагыг боловсруулж, түүний бүрэлдэхүүнд Өмхий шимэлдэг ургамлын эфирийн тос, Одой далан түрүү болон Азийн төлөгч өвсийн спиртэн хандыг ашиглан чийгшүүлэгч, сүүн шингэн болон нүүрний тосны загвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулав.

Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан номын нээлт боллоо.

   Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ойг тохиолдуулан “Хубилай Сэцэн хааны намтар, өв” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг хийж, энэ үеэр “Монголын эзэнт гүрний түүхийн товч толь” номын нээлтийг зохион байгууллаа. Энэхүү номыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын 20 гаруй эрдэмтэн, судлаач хамтран бүтээсэн бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн түүхэн зүтгэлтэн, газар ус, түүхэн үйл явдал, ёс заншил, зарим археологийн олдвор зэрэгтэй холбоотой 1,700 орчим толгой үгийг багтаасан байна.

Хүннүгийн үед холбогдох элсний оршуулга илрүүллээ.

   ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгонд үерийн улмаас ил гарсан Хүннүгийн үеийн булш, эд өлгийн зүйлсийг авран хамгаалж, малтлага судалгаа хийв. Судалгааны явцад тоногдоогүй 8, хэсэгчлэн хөндөгдсөн 15 булш нийт 23 дурсгал илрүүлснээс хүрэл бүсний арал, зүүлт, ваар, хүрэл чимэглэл зэрэг олон үнэт олдворууд илрүүлсэн. Энэхүү дурсгал нь Хүннүгийн эрт үед холбогдох бөгөөд анх удаа бүрэн бүтэн хадгалалттай олдсоноор Хүннүгийн соёлын онцлогийг судлах чухал эх сурвалж болж байна.

Хүчтэй харилцан үйлчлэлийн гүйдэг тогтмолын судалгааг амжилттай явууллаа.

   ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хүчтэй харилцан үйлчлэлийн гүйдэг тогтмол ( ) -ын судалгааг амжилттай явууллаа. Урьд өмнө дамжуулагдсан импульсын утга багатай мужид α_S(q²)-ын туршлагын утгыг бараг гаргаж чадаагүй байсан бол судалгааны баг хурдасгагдсан бөөмийн импульс харьцангуй багатай 4.2–40 ГэВ/с мужид хөөст камерын аргаар Дубнагийн ЦШНИ-ийн өгөгдлийг ашиглан тогтмолын утгыг тодорхойлж чадлаа. Гарсан үр дүн нь Квант хромодинамикийн (QCD) томьёогоор бодсон дамжуулагдсан импульсын квадратын утга q² > 2 ГэВ²/с² мужид сайн тохирч байгааг харуулж, их энергитэй адрон, цөмийн харилцан үйлчлэлээр олон бөөм үүсэх процесс нь QCD онолд захирагддаг болохыг нотолж байна.

Хулж–Ерөөгийн бүсийн палеозойн магматизмын идэвхжил дөрвөн үндсэн үе шаттай явагдсаныг тогтоов.

   ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд Зүүн хойд Монголын хэсэгт хамаарагдах Хулж–Ерөөгийн бүсийн Палеозойн магматизмын идэвхжил дөрвөн үе шаттай явагдсаныг тогтоов. Судалгааны ажлын хүрээнд Орхон орчмоос дээжилсэн суурилаг гүний чулуулгийн (габбро) үнэмлэхүй насыг циркон дэх U-Pb изотопын  аргаар ойролцоогоор 437 сая жил гэж тогтоов. Геохимийн шинжээрээ энэхүү габбро нь нумын арын орчинд үүссэн байж болохыг тогтоосон нь тухайн бүс нутгийн геологийн хөгжлийн түүхийг шинээр сэргээн босгож тодруулсан чухал үр дүн боллоо.

Хүнд баяжигдах фосфоритын хүдрийг баяжуулж, бордоо гарган авах технологийн горим тогтоолоо.

   ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд Бордоо үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох хүнд баяжигддаг шинж чанартай фторапатит, кварцын эрдсүүд зонхилсон фосфоритын хүдрийг флотацын аргаар баяжуулж 35.91%-ийн фосфор агуулсан фторапатитын баяжмал гарган авах технологийн оновчтой горимыг тогтоов. Гарган авсан фосфатын баяжмалыг хүхрийн хүчлээр боловсруулан энгийн суперфосфатын бордоо, фосфорын хүчлээр үйлчлэн 100%-ийн усанд уусдаг фосфат агуулсан давхар суперфосфатын бордоо, мөн нойтон аргаар (H3PO4, H2SO4) үйлчлэн техникийн фосфорын хүчил (H3PO4, 85%) гарган авах технологиудыг тус тус боловсрууллаа. Эдгээр технологиуд нь фосфорын баяжмалын үр ашиг, бүтээгдэхүүний чанар, усанд уусах шинж чанарыг сайжруулахад чиглэсэн бөгөөд хөдөө аж ахуйн бордоо үйлдвэрлэлийн үр ашиг, өргөн хэрэглээний боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Эртний 11 төрлийн 20 зүйл ургамлыг тогтоов.

   ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Довцог худаг ордод эртний ургамлын судалгаа хийгдлээ. Тус судалгаагаар дунд юрийн Хамархөөвөр формацын хурдас хуримтлалаас 11 төрлийн 20 зүйл ургамлыг тогтоосон бөгөөд эдгээр нь нь хөвд, үе иштэн, ойм, цикадууд, гинкгууд, чекановскийнхэн, шилмүүстийнхэн зэрэг 7 багт хамаарч байна. Тогтоогдсон ургамлын бүлгээр эртний орчин нөхцөлийг тайлбарлавал гинкго, цикад, шилмүүст мод нь тэгш талд харин чекановски, хөвд, үе иштэн, оймын бүлгийн ургамал нь намгархаг орныг илэрхийлж байна.

Анагаах ухааны салбарын зарим онцлох үр дүнгээс:

   ШУА-ийн бүтцийн төрөлжсөн академи болох Монголын Анагаах ухааны Академийн эрдэмтэд БНХАУ-тай хамтран Цусны цочмог хавдрын эмчилгээний шинэ хувилбарыг бий болгох төслийг хэрэгжүүлж, Хятад, Монголын уламжлалт анагаах ухаанд эртнээс хэрэглэгдэж ирсэн гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) интерферонтой хослон хэрэглэснээр эмд тэсвэрлэх байдлыг нь дарж, хавдрын эсийн тоог бууруулж, нас баралтыг багасгах боломжтойг судлан тогтоов. Судалгааны үр дүнгээр шинээр гарган авсан эмчилгээний арга нь эмчилгээний шинэ горимыг бий болгох үндэслэл болсон өндөр үр дүнтэй, Монгол Улсад хүнцэл, мөнгөн ус, ринсэл зэрэг урьд нь судлагдаж байгаагүй эрдсийн судалгааг орчин үеийн анагаах ухааны аргаар судлах эхлэл суурийг тавьжээ. Судалгааны үр дүнг 21.7 импакт фактортой сэтгүүл “Drug Resistance Updates”-д хэвлэн нийтлүүллээ.

   Анагаах ухааны хүрээлэнгийн судлаачид бодисын солилцооны шалтгаант элэг өөхлөх өвчний тархалтыг тогтоож, хүн амд PNPLA3 (rs738409, rs2896019) болон FTO (rs9939609, rs17817449) генийн нэг нуклеотидын полиморфизм нь бодисын солилцооны шалтгаант элэг өөхлөх өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тогтоож, өвчний оношилгоо, эмчилгээний талаарх зөвлөмж боловсруулан эмч, мэргэжилтнүүдэд хүртээл болголоо.

   Нийгмийн эрүүл мэнд судлаачид хүүхдэд тохиолдох А бүлгийн стрептококкийн шалтгаант залгиурын үрэвслийн тархалт, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судалж, 6-15 насны хүүхдийн 5.78%-д А бүлгийн стрептококкийн шалтгаант залгиурын үрэвсэл илэрч байгааг судалж, тамхидалт, антибиотикийн хэрэглээ, эцэг эх, асран хамгаалагчийн эрүүл мэндийн боловсрол, ам дамжуулан хоол хуваалцах зан үйл нь А бүлгийн стрептококкийн халдварт өртөх эрсдэлийг 1.6-2 дахин нэмэгдүүлж байгааг судлан тогтоожээ.

Хөдөө аж ахуйн салбарын зарим онцлох үр дүнгээс:

   Ургамал хамгааллын салбарын судлаачид пестицидийн үлдэгдлийг хамгийн бага концентрацын түвшинд оновчтой, өндөр нарийвчлалтай илрүүлэх зүй тогтлыг судалж, хийн хроматограф, масс спектрометр багажид 150 нэр төрлийн пестицид тодорхойлох аргыг амжилттай суулгаж, мэдээллийн сан бүрдүүллээ. Микробиологийн лаборатори “Бичил биетний тэсвэржилт”-ийн  олон улсын ур чадварын сорилд амжилттай оролцож батламжлуулав.

   Мал эмнэлгийн салбарын эрдэмтэд ”Сүрьеэ, ям өвчний хяналт” САТРЕПС төслийн үр дүнд зоонозын сүрьеэ болон ям өвчний үүсгэгчийг ялган таних, шинэ үеийн технологид суурилсан, түргэн хугацаанд үр дүн гарах хуурай - ЛАМП (dry-LAMP), ям өвчнийг илрүүлэх иммуно-хроматаграфийн тест (ICT), ФХЭБУ зэрэг оношлуурыг зохион бүтээж, баталгаажуулсан нь сүрьеэ, ям өвчнийг оношлох аргыг Монгол Улсад шинэчлэх боломж бүрдэв. Нэг эрүүл мэнд (OH) үзэл баримтлалд суурилсан зоонозын халдварт сүрьеэ, ям өвчнийг хянах платформыг Монгол Улсад бий болгов. Бэлчээрийн функциональ ургамлуудын хими-фармакологийн судалгаанд тулгуурлан, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож, зудын эрсдэлийг даван туулахад чухал ач холбогдолтой бэлчээрийн Монгол малын эрүүл мэндийг хамгаалахад зориулсан SARL-3 тэжээлийн нэмэлт бэлдмэлийг шинээр гарган авч,  үр дүнтэйг нь судлан нотлов.

   Вирус судлаачид Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн өвчний вирусийг эсийн өсгөвөр дээр амжилттай ялган авсан нь манай орны мал эмнэлгийн шинжлэх ухаанд томоохон ололт боллоо. Түүнчлэн идэвхгүйжүүлсэн вакциныг амжилттай бүтээж туршихад уг вакцин нь 100 хувийн хамгаалах чадвартай, 9-12 сарын хугацаанд дархлаа тогтоох идэвхтэй болох нь батлагдаж, Монгол Улс өөрийн хэрэгцээг бүрэн хангахуйц, найдвартай сэргийлэх бэлдмэлтэй болох суурь тавигдлаа.

   Мал аж ахуйн салбарын эрдэмтэд Монголын үүлдрийн үхрийн генетикийн олон янз байдлыг анх удаа олон улсын хэмжээнд буюу Азийн бүс нутгийн үхрүүдтэй харьцуулсан дүгнэлт хийв. Монгол үхрийн дасан зохицох чадавх, генийн түвшний өвөрмөц онцлогийг илрүүлсэн нь тухайн популяцийн генетик нөөцийг хамгаалах, бататган сайжруулах үржил селекцийн ажлыг генетикийн түвшинд удирдан жолоодоход чухал ач холбогдолтой юм.

   Ургамал, газар тариалангийн салбарын судлаачид судалгааны үр дүнгээр зохиогчийн эрхийн гэрчилгээ 7, стандарт 3, таримал сортын батламж 6, улсын үр сортын зөвлөлөөр 6 сорт тус тус батлууллаа.


Бусад мэдээлэл