Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр Академич Ш.Болд улиран сонгогдлоо
Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр  Академич Ш.Болд улиран сонгогдлоо

ШУА-ийн төрөлжсөн академи болох Монголын Анагаах Ухааны Академийн (МАУА)-ийн ээлжит чуулган 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, МАУА-ийн Ерөнхийлөгчийн 2022-2026 оны Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, гишүүд сайшаан дэмжив. Чуулганы хуралдааны дэгийн дагуу МАУА-ийн Ерөнхийлөгчийн 2022-2026 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дараа нь МАУА-ийн дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулав. Гишүүд МАУА-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал хэлэлцэж, ил санал хураалтын дүнгээр 87.6 хувийн саналаар МАУА-ийн Ерөнхийлөгчөөр академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Болд улиран сонгогдлоо.
МАУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон академич Ш.Болд хэлсэн үгэндээ: “МАУА-ийн гишүүд эрхэм нөхөд надад итгэл хүлээлгэж ерөнхийлөгчөөр дахин сонгосонд талархаж байна. Би үүнийг шинжлэх ухааны салбарын өмнө хүлээсэн асар том  хариуцлага хэмээн хүлээн авч байна. Цаашид шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, Монгол Улсын ШУА-ийн үндсэн чиглэл, МАУА-ийн дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу эрч хүчтэй ажиллах болно. Ахмад үеийн эрдэмтдийн уламжлалт баялаг туршлагыг өвлөн авч, Академийн гишүүд, эрдэмтдээ бүх талаар дэмжин, хамтран ажиллахыг уриалж байна хэмээн онцлов.

Илтгэлийнхээ төгсгөлд:
  • Судалгааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулан, хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эрдэм судлалын ажлыг өргөжүүлэх, судалгааны чанар түвшнийг сайжруулах, шинээр үүдэн бүтээсэн, патент, зохиогчийн эрх авсан бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаад харилцааг өргөжүүлэх, шинжлэх ухааны салбар дундын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх;
  • Анагаах ухааны салбарт хэрэгжиж байгаа суурь судалгааны төсөл, шинжлэх ухаан, технологийн болон улсын захиалгат төсөл, гадаадтай хамтарсан төсөл, грант төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, анагаах ухааны салбарын инновацыг хөгжүүлж, импорт орлохуйц бүтээлийг бий болгох;
  • Төсөл, хөтөлбөрийн хүрээнд ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллийн тоог нэмэгдүүлэх, үүнээс Scopus, WoS, PubMed зэрэг олон улсын нэр хүндтэй санд бүртгэлтэй өгүүллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, патент, технологийн загвар, зохиогчийн эрх, стандарт, аргачлал, гарын авлага, зөвлөмж боловсруулан батлуулж, шинжлэх ухааны хялбаршуулсан ном, нийтлэл, өгүүлэл, лекцийг нийтийн хүртээл болгон, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах;
  • Шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, анагаахын шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй хөгжүүлэх, гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах, залуу судлаачдыг чадавхжуулах, дотоод, гадаадад өрсөлдөхүйц чадвар, дадлага, туршлагатай залуу үеийг бэлтгэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна хэмээн онцлов.


МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ








Бусад мэдээлэл