1. Семинар удирдагчийн эрх, үүрэг
1.1. Залуу судлаачдын семинар Хавар, Намар гэсэн хоёр ээлжээр жилийн турш явах ба Лхагва гарагийн 14 цагт эхэлнэ. Хаврын семинар 2 сарын 1-ээс 6 сарын 15, намрын семинар 9 сарын 1-ээс дараа оны 1 сарын 15-ны хооронд явагдана.
1.2. Судлаач илтгэлийнхээ хуваарийг семинар эхлэхээс 1 сарын өмнө өгнө. Үүнээс хоцорвол семинарын удирдагч өөрөө зохицуулж илтгэлийн хуваарийг гаргана.
1.3. Илтгэлийн хуваарийг эрдэмтэн нарийн бичгийн дарга баталгаажуулна.
1.4. Залуу судлаачдын математик боловсролыг дээшлүүлэх, компьютер тооцооллын арга барилд суралцуулах зорилгоор 10 хүртэлх тооны илтгэлийн сэдвийг семинарын удирдагчийн зүгээс гаргаж илтгэгчийг томилж болно.
1.5. Семинарын зарлалыг Даваа гарагт гаргаж нийтэд хүртээмжтэйгээр мэдээлнэ.
1.6. Семинарын үр дүнг /илтгэлийн чанар, семинарын ирц г.м/ хүрээлэнгийн захиргаа болон нийт эрдэм шинжилгээний ажилтнуудад бичгээр илтгэнэ.
1.7. Зөвхөн хүндэтгэх шалтгааны улмаас илтгэлээ тавих боломжгүй болсон судлаачийн товлогдсон илтгэлийг нэг удаа хойшлуулж болно.
1.8. Хүндэтгэх шалтгаангүйгээр семинарт сууж оролцоогүй, илтгэлээ тавиагүй залуу судлаачдыг тухайн семинарыг тасалсанд тооцно.
1.9. Зуны хаалтын семинар зохион байгуулж тухайн жилийн турш тавигдсан илтгэлүүдээс залуу судлаачдын өөрсдийнх нь хүсэлтээр болон семинар удирдагчийн зүгээс шаардлага хангасан гэж үзсэн 10 хүртэл илтгэлийг оруулж хэлэлцүүлнэ. Хаалтын семинарт тавьсан илтгэлүүдээс шилдэг 3 илтгэлийг салбар бүрээс томилогдсон шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж шалгаруулна.
1.10. Семинарт гадаад, дотоодын эрдэмтдийг урьж, семинар, ярилцлага хийлгэж болно.
2. Залуу судлаачийн эрх, үүрэг
2.1. Залуу судлаачид бакалавр, магистрант, магистр, докторант нар хамрагдана.
2.2. Залуу судлаач нь залуу судлаачдын семинарт заавал сууж идэвхтэй оролцоно.
2.3. Нэг судлаач жилд 2-оос доошгүй удаа дараах чиглэлээр илтгэл тавина. Үүнд:
2.3.1. Судалгааны ажлын үр дүн, явцаар
2.3.2. Өөрийн судалгааны ажилтай холбоотой гадаад, дотоодын эрдэм шинжилгээний бүтээлийн тоймоор
2.4. Илтгэлд дараахь зүйлсийг тодорхой гаргаж тавина. Үүнд:
2.4.1. Уг судалгаа нь шинжлэх ухааны ямар томоохон асуудлын аль салаа мөчирт хамаарагдах, нийгэм эдийн засгийн ач холбогдол, судалгааны зорилго, зорилт
2.4.2. Илтгэлийн /судалгааны / чиглэлээр олон улсын хэмжээнд болон манай улсад урьд өмнө нь ямар ажил хийгдэж ирсэн, судлаач эрдэмтэд нь хэн болох, ямар үр дүнд хүрч байсан, тухайн илтгэл ямар үргэлжлэл нь болох, юу шийдэж байгаа
2.4.3. Судалгааны хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, илтгэгчийн оруулж буй тодорхой хувь нэмэр
2.5. Судлаач илтгэлээ сэдэв, төслийн удирдагчдаа танилцуулж, үр дүнг урьдчилан хэлэлцэж илтгэх зөвшөөрөл авсан байна.
2.6. Судлаач илтгэлийн нэр, товч агуулгыг өмнөх долоо хоногийн Баасан гарагт удирдагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийн хамт iptseminar@gmail.com хаягаар ирүүлнэ.
2.7. Хүндэтгэх шалтгааны улмаас залуу судлаач семинарт сууж оролцох боломжгүй болсон, илтгэгч товлосон илтгэлээ тавих боломжгүй болсон тохиолдолд чөлөөг урьдчилан iptseminar@gmail.com хаягаар, шалтгаанаа тайлбарласан тохиолдолд чөлөө өгөх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
2.8. Семинарт гар утастай оролцохыг хориглоно.
2.9. Семинарын төгсгөлд, оролцогчдоос шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт, амьдрал практикт нэвтэрч буй ажлын талаархи шинэ сэргэг мэдээллийг өөрийн санаачлагаар хийж танилцуулж байхыг хөхүүлэн дэмжинэ. Энэ санаачлагыг тусгайлан бүртгэж хүрээлэнгийн Вэб сайт болон ШУА-ийн “Эрдэм” сониноор дамжуулан олон нийтэд мэдээлж байх болно.
3. Төслийн удирдагчийн эрх, үүрэг
3.1. Тухайн төслийг гүйцэтгэж буй залуу судлаачийн илтгэлийг урьдчилан хэлэлцэж, илтгэх зөвшөөрөл олгоно.
3.2. Дотоод, гадаадын хурал, семинарт тавигдах залуу судлаачийн илтгэлийг залуу судлаачдын семинараар урьдчилан хэлэлцүүлсэн байна.
3.3. Судлаач илтгэл тавих үед сэдэв, төслийн удирдагч, эсвэл түүний томилсон эрдэмтэн семинарт оролцож санал, зөвлөмж өгсөн байна.
4. Захиргааны эрх, үүрэг
4.2 Хаалтын семинарт оролцож, шалгарсан шилдэг 3 илтгэгчийг шагнаж урамшуулна.
4.3 Эхний 2 байрт шалгарсан илтгэгчдэд “Хүрэл Тогоот”-ийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих эрх олгоно.
4.4 Залуу судлаачдын семинартай, мөн зуны хаалтын семинартай холбогдолтой зардлыг хариуцана.
4.5 Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт, амьдрал практикт нэвтэрч буй ажлын талаархи шинэ сэргэг мэдээллийг өөрийн санаачлагаар хийж хүрээлэнгийн Вэб сайт болон ШУА-ийн “Эрдэм” сониноор дамжин олон нийтэд мэдээлэгдсэн ажлын тоогоор 3 хүртлэх залуу судлаачийг захиргааны зүгээс жилд 2 удаа урамшуулж шагнаж байна.
4.6 Залуу судлаачдын семинарт хүндэтгэх шалтгаангүйгээр сууж оролцоогүй, мөн жилд 2- оос доошгүй удаа илтгэл тавих үүргээ биелүүлээгүй залуу судлаачдад хариуцлага тооцоно.