Нүүр / Их энергийн физикийн салбар / Эгэл бөөмийн физикийн лаборатори

ЭГЭЛ БӨӨМИЙН ФИЗИКИЙН ЛАБОРАТОРИ

Лабораторийн үндсэн зорилго нь Монгол Улсад эгэл бөөмийн болон их энергийн физикийн судалгааг хөгжүүлэх, олон улсын түвшний туршилтын судалгаанд оролцох, шинэ мэдлэг бий болгох, залуу судлаачдыг бэлтгэх, орчин үеийн өгөгдөл боловсруулах арга зүйг нэвтрүүлэхэд оршино.

Лабораторийн эрхлэгч

Доктор Б. Отгонгэрэл

Цахим шуудан

otgongerelb@mas.ac.mn

Судалгааны чиглэл

Лабораторийн судалгааны үндсэн чиглэл нь их энергитэй адрон-нуклон, адрон-цөм ба цөм-цөмийн харилцан үйлчлэлүүдээр үүссэн хоёрдогч бөөмсийн шинж чанар, үүсэх механизмыг судлахад оршино. Эдгээр судалгааны хүрээнд релятив энергитэй бөөм, цөмийн хамрилцан үйлчлэлээр үүсэх харилцан үйлчлэлтэй материйн шинж чанар, Квант хромодинамикийн (КХД) фазын шилжилтийн процесс, өндөр температуртай, нягт ихтэй цөмийн материйн төлөв, хоёрдогч бөөмсийн үүсэх механизмыг судалдаг. Лабораторийн үйл ажиллагаа нь орчин үеийн детекторын системүүдийн туршилтын өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд чиглэдэг. Адрон-нуклон, адрон-цөм, цөм-цөмийн мөргөлдөөний үр дүнд үүссэн хоёрдогч бөөмсийн олонлог, өнцгийн ба импульсийн түгэлт, кластер бүтэц зэрэг физик хэмжигдэхүүнүүдийг судалж, хүчтэй харилцан үйлчлэлийн үндсэн механизмуудыг тодорхойлоход хувь нэмэр оруулдаг.

Судалгааны үр дүн

Сүүлийн жилүүдэд Эгэл бөөмийн физикийн лаборатори нь релятив цөмийн физик, кумулятив бөөмс үүсэх болон хүчтэй харилцан үйлчлэлтэй материйг судлах чиглэлээр хэд хэдэн үр дүнг гарган авсан. Эдгээр судалгаа нь их энергитэй адрон, цөмийн харилцан үйлчлэлийн туршилтын өгөгдөлд тулгуурлан бөөмс үүсэх механизм болон цөмийн материйн фазын шилжилтийн үзэгдлийг гүнзгий ойлгоход хувь нэмэр оруулж байна

40 ГэВ/с импульстай π⁻ӏC харилцан үйлчлэл дэх адроны үүсэлтийг судалсан судалгаагаар КХД (QCD)-ийн фазын шилжилтийн боломжит шинж тэмдгүүдийг илрүүлж, адроны мөргөлдөөн дэх хүчтэй харилцан үйлчлэлтэй материйн төлөв байдал болон хамтын үзэгдлүүдийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн

Өөр нэгэн судалгаагаар π⁻ӏC харилцан үйлчлэлээр үүссэн хоёрдогч бөөмсийн хувьд хагас масс болон байн масс хувьсагчийн хоорондын хамаарлыг судалсан. Судалгааны үр дүнд хүчтэй харилцан үйлчлэлтэй материд холимог фаз үүсч эхлэхтэй холбоотой байж болох онцлог шинжүүд илэрсэн. Эдгээр үр дүн нь цөмийн материйн өөр өөр фазуудын заагийг тодорхойлох, мөн релятив энергийн муж дахь фазын шилжилтийн динамикийг ойлгоход чиглэсэн олон улсын судалгааны ажлуудад хувь нэмэр оруулж байна

Лаборатори нь мөн 4.2 ба 10 ГэВ/c импульстэй протонӏнүүрстөрөгчийн харилцан үйлчлэлд кумулятив протон үүсэхийг судалсан. Тодорхойгүйн зарчмын аргыг ашиглан судлаачид кумулятив протон үүсэх механизмыг судалж, онолын тооцоо ба туршилтын үр дүн хоорондоо сайн тохирч байгааг харуулсан

Сүүлийн үед p+p, n+p, p+C болон π⁻+C харилцан үйлчлэл дэх π⁻ мезоны үүсэлтийг Байн массын аргыг ашиглан судалсан. Энэхүү арга нь янз бүрийн мөргөлдөөний систем ба энергийн мужид нийтлэг скейлинг хамаарлыг илрүүлж, туршилтын өгөгдөл боловсруулах болон NICA зэрэг орчин үеийн хурдасгуурын ирээдүйн судалгаанд ашиглах боломжийг харуулсан

Эдгээр үр дүн нь бөөмсийн үүсэлтийн механизм болон хүчтэй харилцан үйлчлэлтэй материйн судалгаанд лабораторийн оруулж буй олон улсын түвшний хувь нэмрийг илэрхийлж байна.