Хэрэглээний физик
2017-10-12
Салбарын эрхлэгч, Доктор (Ph.D) С.Саран
Э-шуудан: sarans@
Салбарын зөвлөх, Академич С.Энхбат
Судалгааны чиглэлүүд:
· Сэргээгдэх эрчим хүчний технологийн судалгаа
· Фото өдөөлтийн люминесценцийн загварчлал ба хэрэглээний судалгаа
· Дэвшилтэт технологийн судалгаа болон технологи хөгжүүлэлт
Бүтээлийн жагсаалт (PUBLIST)
1. СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЛАБОРАТОРИ
Судалгааны багийн удирдагч: Академич Т.Галбаатар
Судалгааны багийн зорилго:
Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурлан байгаль орчинд ээлтэй, цахилгаан хангамжинд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, Монголын цаг уурын нөхцөлд тохирсон дулааны энергийг ашиглах боломжийн судалгаа хийх.
Судалгааны ажлын чиглэл 1: Сэргээгдэх эрчим хүчний технологийн судалгаа
“Нарны энергийг ашиглах” төслийн хүрээнд 2011-2013 онуудад сэргээгдэх эрчим хүчний шинэ технологиуд их хэмжээний энерги гаргах нарны болон альтернатив энергийн эх үүсгүүрүүдийн зохистой ашиглах хувилбар, арга зүй боловсруулж нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан хангамж, халуун усны хэрэгцээ, амьдарч буй орчны тохижилтонд нэвтрүүлэх туршилт судалгааг гүйцэтгэсэн. Нарны цахилгаан станцыг монгол орны говь хээрийн бүсэд байгуулах боломжийг судлах чиглэлээр туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Төвийн шугамаас алслагдсан байр орон сууцыг Нарны эрчим хүчээр халаах туршилт, судалгааг Физик технологийн хүрээлэн дээр 2017 оны 2 сараас эхлэн “Airsol-20” агаар халаагч хавтгай коллекторыг суурилуулан гүйцэтгэж байна. Нарны цахилгаан станцыг монгол орны говь хээрийн бүсэд байгуулах боломжийг судлах чиглэлээр туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Судалгааны ажлын чиглэл 2: Барилгын дулаан алдагдал, материалын дулаан нэвтрүүлэлтийг тодорхойлох
Барилгын дулааны алдагдал, барилгын материалын дулаан нэвтрүүлэлт, эсэргүүцлийг тодорхойлох судалгаа, хэмжилт, туршилтыг “ГрийнТег гО” болон “ФлаксТег” хэмжилтийн багажуудыг ашиглан хийж гүйцэтгэж байна.
Зураг 2. Барилгын дулааны алдагдал, дулааны нэвтрүүлэлтийн коэффициентийг тодорхойлох “ГрийнТег” хэмжилтийн багаж
Зураг 3. Барилгын материалын дулаан дамжуулалт, эсэргүүцлийг тодорхойлох “ФлаксТек” хэмжилтийн багаж
Хийж гүйцэтгэсэн судалгааны ажлууд:
Зураг 4. Нарны вакуум коллекторт халаалтын систем болон
хэмжилтийн багаж төхөөрөмж
а. Нарны вакуум коллекторт халаалтын систем болон хэмжилтийн багаж
төхөөрөмжийн дотор угсралт
б. Нарны вакуум коллекторт халаалтын систем бүхий канад технологитой монгол гэр
в. Нарны вакуум коллекторт халаалтын систем бүхий эрчим хүчний хэмнэлтэт байр
г. УЦС-тай хослон ажиллах Их чадлын нарны цахилгаан станцын судалгаа
д. Физик технологийн хүрээлэнд суурилуулсан нарны хавтгай коллектор
е. Дарханы 10 МВт-ын эрчим хүчний станц.
Гадаад харилцаа:
· ХБНГУ-ын “HEINDL ENERGY” GmbH
- Москвагийн Эрчим хүчний их сургуулийн Радио төхөөрөмж болон Антенны системийн тэнхим
ФОТО ӨДӨӨЛТИЙН ЛЮМИНЕСЦЕНЦИЙН ЗАГВАРЧЛАЛ БА ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГААНЫ БАГ:
Судалгааны багийн удирдагч: доктор С.Саран
Судалгааны зорилго: Цацрагийн дозиметр эрдсийн люминесценцийн судалгаа явуулах, фото-өдөөлтийн люминесценцийн (OSL) арга зүйн судалгаа, OSL-ийн тусламжтайгаар гео-археологийн дээжийн нас тодорхойлох судалгаа, археометрийн цогц судалгаа.
Судалгааны ажлын чиглэл 1: Цацрагийн дозиметр эрдсийн люминесценцийн судалгаа
Байгалийн эрдэс орчны цацрагийг өөртөө шингээн метастабиль дефектэд харгалзах гүн түвшинд цэнэг зөөгчид удаан хугацаагаар хадгалагдах чадвартай. Кварц, жонш г.м. минералын дулааны үйлчлэлээр үүсэх термолюминесценц болон гэрлийн үйлчлэлээр үүсэх фото-өдөөлтийн люминесценцийн судалгааг явуулж байна. Кварцын фото-өдөөлтийн люминесценц нь хурдан (fast), дунд (medium), удаан (slow) гэж нэрлэгдэх компонентоос бүрддэг ба удаан компонент нь бусдаасаа удаан ханадаг бөгөөд тодорхойлж болох насны дээд хязгаарыг ихэсгэх боломжтойг харуулсан.
Зураг 5. Фото-өдөөлтийн люминесценцийн загвар
Шатаасан кварцын фото өдөөлтийн люминесценцийн муруйд анализ хийж, хэт хурдан хийж параметрүүд тодорхойлох судалгаа явуулдаг.
Зураг 6. LM-OSL хэмжилтийн үр дүнд дөхүүлэлт хийсэн нь
Урьд өмнө зөвхөн 470 нм–ийн лазерын өдөөлтөөр илэрч байсан хэт хурдан компонентыг 870 нм–ийн өдөөлт хийж, хэт хурдан компонентыг тогтоосон нь нэн шинэлэг үр дүн болсон ба үр дүнг Geochronometria сэтгүүлд хэвлүүллээ.
Судалгааны ажлын чиглэл 2: Археометрийн цогц судалгаа
Шавар керамик материалын термогравиметр болон регидроксилацийн судалгаа, нил улаан гэрлийн спектроскоп болон рентген флюоресценцийн спектроскопийн хэмжилтээр тухайн олдворын нас, гарал үүсэл, найрлага болон технологи тогтоох археометрийн цогц судалгаа явуулж байна.
Дулааны термогравиметрийн аргаар шавар эдлэлийн дегидрац, дегидроксилац, тухайн материалд агуулагдах шохойн чулууны задралд харгалзах массын алдагдал болон эдлэлийг үйлдвэрлэсэн технологи, мөн кинетик судалгаа, энтальпи өөрчлөлт зэргийг тодорхойлох боломжтой юм. Харин 105оС-д хатааж регидраци явуулж, 500оС–д шатааж, регидроксилацийн масс хугацааны m=f(t^1/4) хамаарлыг олж регидроксилацийн аргаар нас тогтоох арга зүйг ашиглаж байна.
Зураг 7. Термогравиметрийн багаж: TGA-2100D /зүүн/,
Программын удирдлагатай муфелийн цахилгаан зуух: ПУМП-2У /баруун/
Хийж гүйцэтгэсэн судалгааны ажлууд:
Монголын археологийн олдворын нас тогтооход OSL, LM-OSL, TL аргыг ашиглах судалгааг явуулж, LM-OSL аргыг хуримтлагдсан тунг тогтооход ашиглах арга зүй дэвшүүлэн хурдан компонент болон дунд компонент давамгайлсан кварцад тус тус туршиж байна.
Шавар ваар, соёлын өв, археологийн олдвор найрлага, гарал үүсэл, технологийн цогц судалгааг явуулж байна.
Гадаад харилцаа:
· ХБНГУ-ын Хайдельбергийн Их Сургуулийн люминесценцийн лаборатори, Лайпцигийн Макс-Планкийн Хүрээлэнгийн люминесценцийн лаборатори
· ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Лазерын физикийн хүрээлэнгийн Эрхүүгийн салбар
· Үндэсний Соёлын Өвийн Төв
2. ТЕХНОЛОГИ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЛАБОРАТОРИ
Судалгааны багийн удирдагч: академич С.Энхбат
Судалгааны багийн зорилго:
Радиоэлектроник болон хүчний электроникийн тоног төхөөрөмжүүдийн судалгааг онолын үндэстэйгээр явуулж, дэвшилтэт технологийн шийдлийг боловсруулах.
Судалгааны ажлын чиглэл 1: Радиоэлектроник, автоматжуулалт, хүчний электроник болон суурилагдсан системийн судалгаа
2017 оноос “Квант криптографын түлхүүр хуваарилах систем ба AES шифрийн судалгаа” явуулж дохио боловсруулах, тэдгээрийн оновчтой кодлол, нөгөөтэйгүүр физикийн процессуудын хэмжилт, хэмжилтийн автоматжуулалт, тухайлбал, даралтын аппарат болон эмнэлгийн бусад электрон төхөөрөмжүүд, 3D скайнер, принтерын судалгааны ажлууд явагдаж байна.
Судалгааны ажлын чиглэл 2: Лазерын технологийн судалгаа
2019 оноос "Лазерын спектрометрийн технологийн судалгаа" төслийг хэрэгжүүлж фурье хувиргалттай нил улаан туяаны спектрометрийг угсрахаар ажиллаж байна. Хиймэл оюун ухаанд суурилсан Монгол хэлний яриа таних систем, нарийн төвөгтэй объектын 3D загвар, релфийг үүсгэх технологийн судалгааг явуулж байна.
ОХУ-ын ИЛ ИЛФ СО РАН-тай хамтын ажиллагааны хүрээнд фемтосекундын лазерын ажиллах зарчмыг судлан, туршилт судалгааг гүйцэтгэж байна.
Хийж гүйцэтгэсэн судалгааны ажлууд:
Лазераар зүсэгч CNC машин “Mini-LCNC”: CNC машины жижиг загварыг зохион бүтээгээд байгаа бөгөөд лазерын үүсгүүрийн чадал, CNC машины ажлын талбай зэргийг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна.
Зураг 8. CNC машины лазерын үүсгүүр /зүүн/,
CNC машины ажлын талбай, суурь /баруун/
Алсын зайн хяналт, удирдлагын систем: Төрөл бүрийн цахилгаан хэрэгслийн үйл ажиллагааг мессежээр удирдахад зориулагдсан. GSM системийн сүлжээ нэвтэрсэн бүх газраас цахилгаан хэрэгслүүдийн горимын талаарх мэдээллийг авах, дамжуулах, удирдах боломжтой.
Зураг 9. Алсын зайн хяналт удирдлагын системийн удирдлагын самбар
Нийгэмд чиглэсэн
· Радио долгионоор мэдээлэл дамжуулах, хүлээн авах төхөөрөмж
· Хэмжилт мэдээллийн төхөөрөмж
· Төрөл бүрийн цахилгаан болон цахилгаан механик төхөөрөмжийн удирдлага
Цахилгаан халаагуур: Айл өрх, жижиг объектын хэрэгцээнд тохирсон угсрах, ашиглахад хялбар ахуйн цахилгаан халаагуурын хоёр хувилбарыг (алсын зайн удирдлагатай, микроконтроллерын удирдлагатай) зохион бүтээж практикт нэвтрүүлээд байна.
|
|
Алсын зайн удирдлагатай цахилгаан халаалтын бойллер |
Микроконтроллерын удирдлагатай, мульти горимт бага чадлын цахилгаан халаагуур |
Зураг 10. Алсын зайн болон микроконтроллерын удирдлагатай
цахилгаан халаагуурын систем
Гадаад харилцаа:
- ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Лазерын физикийн хүрээлэнгийн Эрхүүгийн салбар
- Москвагийн Эрчим хүчний их сургуулийн Радио төхөөрөмж болон Антенны системийн тэнхим
Салбарын түүх
Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн түүх:
Монгол улсын ШУА-д Чехословакийн ШУА-аас бэлэглэсэн иж бүрэн механик цех дээр суурилсан “Зохион бүтээх тасаг”-ийг 1966 онд ФТХ-д байгуулж, эрхлэгчээр нь Л.Шагдарсүрэнг томилжээ. 1972 оноос “Техник Туршилтын Лаборатори” болгон өргөтгөж лабораторийн эрхлэгчээр Г.Гэрэлчулуун, Б.Хүүхэнхүү, 1982 оноос “Дулааны Физикийн Лаборатори” нэртэй болгож эрхлэгчээр доктор Л.Халтай, 1994 оноос доктор Т.Лодой, 1996 оноос доктор Б.Пунцагдулам, 2014 оноос “Нар, альтернатив энергийн лаборатори” болгон өөрчилж, эрхлэгчээр академич Б.Чадраа, 2016 оноос “Дэвшилтэт технологийн лаборатори” болон шинэчлэгдэж, эрхлэгчээр академич Д.Сангаа, 2017 оноос доктор С.Саран нар ажиллаж байсан. 2019 оны 11 сараас хүрээлэнгийн бүтэц шинэчлэгдэж, мөн түүнчлэн академич Б.Чадраа агсны мэндэлсэний 80 насны ойг тохиолдуулан “Сэргээгдэх эрчим хүчний лаборатори” болгон өргөтгөн шинэчилж, лабораторийн эрхлэгчээр доктор С.Саран ажиллаж байна.
Технологи хөгжүүлэлтийн лабораторийн түүх:
Физик электроникийн лаборатори нь 1974 онд ШУА-ийн Физик Математикийн хүрээлэнд Радиоэлектроникийн лаборатори (РЭЛ) нэртэйгээр байгуулагдаж, улс ардын аж ахуйд шаардлагатай электрон багаж, тоног төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэх болон энэ чиглэлээр үндэсний боловсон хүчин бэлтгэх зорилгоор үүсэн байгуулагдсан нь манай оронд энэ чиглэлийн судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэл хөгжихөд чухал алхам болсон юм. Тус лабораторийн эрхлэгчээр: 1974-1978 онд Д.Ойдов; 1978-1979 онд Ж.Сайнхүү, Л.Цогбадрах нар; 1979-1980 онд Ш.Ялалт; 1981-1982 онд Д.Доржготов; 1982-1983 онд Ш.Дамба; 1983-2005 онд Ч.Дэчинпунцаг; 2005 оноос Ц.Энх-Амгалан; 2012 оноос О.Бөхцоож, 2019 оноос Б.Наранбат ажиллажээ. 2011-2013 онд “Электронжуулалт болон альтернатив эрчим хүч энерги хэмнэлттэй технологи” сэдэв, 2013 онд “Радио давтамжаар таних аргыг үйлчилгээний салбарт нэвтрүүлэх нь” төсөл, 2014-2015 онд “Фемтосекундын лазерын импульсын нөлөөгөөр диэлектрик орчинд энерги хуримтлагдах механизм” төсөл, 2016 оноос “Нярайн инкубаторыг зохион бүтээх” зэрэг төслүүдийг гүйцэтгэж ирлээ.