Танилцуулга
2017-10-12
ШУА-ИЙН ФИЗИК, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
1961 онд ШУА–ийн Байгалийн ухааны хүрээлэн байгуулагдсанаар Монгол улсад байгалийн шинжлэлийннарийвчилсан судалгаа, байгаль дэлхийн үүсэл, материйн бүтэц, юмс үзэгдлийн зүй тогтлыг тайлан тайлбарлах физикийн шинжлэх ухаан хөгжсөн юм. Байгалийн ухааны хүрээлэнд физикийн шинжлэх ухааны салбарын 5, химийн шинжлэх ухааны салбарын 3 тасаг харьяалагдаж байв. Энэ нь хожим 1964 онд Физик, химийн хүрээлэн, 1968 онд Физик-математикийн хүрээлэн, 1973 онд Физик техникийн хүрээлэн, 1997 оноос эдүгээ хүртэл Физик, технологийн хүрээлэн нэртэйгээр түүхэн хөгжлийн урт замыг туулан ирсэн.
Хүрээлэнгийн түүхэн хөгжлийн бүдүүвч
Манай физикчид нарны зайн технологийн судалгааг анх хөгжүүлж төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан, сансрын нислэгийн үед жингүйдлийн нөхцөлд кристалл ургуулан судалсан, Монэл компьютер, өнгөт зурагтыг үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлсэн, нүдний цайсан болорлогт мэс засал хийх термоцахилгаан хөргөгч багажийг зохион бүтээж нэвтрүүлэн 500 гаруй хүнд мэс засал хийж хараа оруулсан, өндөр антиоксидант шинж чанар бүхий төрийн шагналт Тарга бэлдмэл бүтээсэн зэрэг улс ардын аж ахуйд үр өгөөжтэй олон арван судалгааг явуулжээ. Эдгээрээс онцлох үр дүнгүүдийг дурдвал Академич Х.Намсрай квант орны онолын харьцангуй бага судлагдсан эгэл уртын бага масштаб дахь огторгуйн геометр бүтцийг стохастик (санамсаргүй) ба квант шинж чанартай гэсэн таамаглалыг дэвшүүлж, классик ба квант орны онолыг байгуулсан нь физикийн онолд шинэ чиглэл болов. Доктор Д.Нямаа амьтны биед ургамлын алкалойдын эсрэг дархлаа үүсэх үзэгдлийг судлан шинэ нээлт гаргав. Академич Ц.Баатар их энергийн физикийн туршилтын үр дүнг боловсруулахад шинэ хувьсагч “байн масс” хэмээх ойлголтыг хэрэглэж, хүчтэй харилцан үйлчлэлийн нууцыг тайлахад хэрэглэснээр шинэ үр дүн гарган авав.
Гадаад хамтын ажиллагаанаас онцлон дурдвал олон улсын судалгааны байгууллагууд болох ОХУ–ын Дубнагийн ЦШНИ, Цөмийн судалгааны ДЕЗИ-гийн H1 коллабораци, Бээжингийн Их энергийн физикийн хүрээлэнгийн BESIII коллабораци, Европын Цөмийн
Судалгааны төв ЦЕРН, Италийн Триест хотын Онолын Физикийн төвүүдтэй удаан хугацаагаар хамтран ажиллах нөхцөл бүрдээд байна.
Өнөөдрийг хүртэл манай Физик, технологийн хүрээлэнгээс Төрийн шагналтан 3, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 4, Шинжлэх ухааны нээлт хийсэн эрдэмтэн 1, академич 12, Шинжлэх ухааны доктор (Sc.D) 13, боловсролын доктор (Ph.D) 70 орчим төрөн гарчээ.
Хүрээлэнгийн “АЛСЫН ХАРАА”
Монгол улсад орчин үеийн физик, өндөр технологийн салбаруудад хийгдэж буй суурь болон хавсарга судалгааг тэргүүлэн гүйцэтгэгч, инновацийг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засаг, оюуны хөгжлийн тулгамдсан асуудлыг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд судлан боловсруулах, шинэ мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох эрдэм шинжилгээний байгууллага байна.
Хүрээлэнгийн “ЭРХЭМ ЗОРИЛГО”
Орчин үеийн онолын физик, их энергийн физик, биофизик, хатуу бие, материал судлал, нанотехнологи, сэргээгдэх эрчим хүч, электроникийн чиглэлээр шинэ мэдлэг, шинэ технологи бүтээж улс орныхоо хөгжилд хүч нэмнэ.
Хүрээлэнгийн “ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС”
· · Эрдэм номыг эрхэмлэн дээдлэх
· · Бүтээлч ба инновацлаг байх
· · Академик эрх чөлөө
· · Нийгмийн хариуцлага
· · Уламжлал ба шинэчлэл
· · Хөдөлмөрийн сахилга, хариуцлага
· · Шинэ арга зүй, технологи, техникийн шинэ шийдэл
· · Өндөр мэдлэг боловсролтой эрдэмтэн судлаачид
· · Эвсэг найртай хамт олон
Өнөөдөр тус хүрээлэнд 7 академич, 1 шинжлэх ухааны доктор, 25 доктор, 14 докторант бүхий эрдэм шинжилгээний ажилтнууд, инженер, техникийн баг, захиргаа аж ахуйн ажилчид нийлсэн 100 гаруй ажилтан судалгаа шинжилгээний ажлыг 6 лаборатори, захиргаа, менежментийн алба гэсэн зохион байгуулалтын дор гүйцэтгэж байна.
Хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалт