Сансрын хурдан радио тэсрэлтийг бүртгэснээр удаан хугацаанд хайсан “алга болсон” материйн нууцыг тайлав
Зураг 1. Хурдан радио тэсрэлт өөрийн галактикаа радио долгионы хурц тэсрэлт байдлаар орхин оддог
Астрономичид нууцлаг хурдан радио тэсрэлтийг ашиглан ертөнцөд байх ёстой хэмээн таамагласан ч өнөөг хүртэл олж чадаагүй алга болсон материйн нууцыг тайллаа.
Судлаачид одод болон галактикуудын хоорон дахь өргөн уудам зайд байх бүх алга болсон ердийн материйг олсон бөгөөд энэ тухай Nature сэтгүүлийн 2020 оны 5-р сарын 27-ны дугаарт дэлгэрэнгүй өгүүлсэн.
Энэ тухай уг судалгааны удирдагч Олон Улсын Радио Астрономийн Төв (ICRAR)-ийн гишүүн Кюртин Их Сургуулийн дэд профессор Жан-Пьер Маккварт хэлэхдээ астрономичид уг алга болсон материйг 30 гаруй жил хайж байна гэжээ
Зураг 2. Хурдан радио тэсрэлт өөрийн галактикаасаа дэлхийрүү явж буй нь
Мөн тэрээр “бид Их Тэсрэлтийн тооцооллоос ертөнцийн эхэн үед хичнээн хэмжээний матери байсныг мэднэ. Гэвч одоогийн ертөнцийг ажиглахад байх ёстой материйн хагасыг олж чадахгүй байсан юм” гэжээ.
Галактик хоорондын орон зай нь асар сийрэг байдаг. Алга болсон матери нь яг л дундаж оффисийн өрөөн дэх нэг эсвэл хоёр атомтай л дүйх хэмжээтэй юм. Иймээс ердийн телескоп болон техникийг ашиглан бүртгэх нь асар хэцүү.
Зураг 3. Хурдан радио тэсрэлтийн бүх долгионы муж хоосон огторгуйгаар явж байхдаа бүгд ижил хурдтай байдаг. Харин материар нэвчин гарвал зарим долгионы уртын муж удааширдаг
Судаалчид алга болсон материйг огторгуйн янз бүрийн хэсгээс ирэх, хэдхэн миллисекунд ажиглагдах энергийн гялбаа болсон хурдан радио тэсрэлтийн үзэгдлийг ашиглан шууд бүртгэж авсан юм.
Эрдэмтэд эдгээр хурдан радио тэсрэлтийг юу үүсгэдгийг одоогоор олоогүй ч, асар их энерги тухайлбал нарнаас 80 жил ялгарах энергитэй дүйх хэмжээний үзэгдэлтэй холбоотой гэж үзжээ.
Зураг 4. CSIRO-ийн ASKAP радио телескоп нь хурдан радио тэсрэлтийн долгионы уртын мужуудын хугацааны саатлыг хэмжих замаар алга болсон материйн нягтыг тооцоолох боломжтой болгосон юм
Дэд профессор Маккварт “судлаачдын баг хурдан радио тэсрэлтийг сансрын жин хэмжүүр байдлаар ашиглан алга болсон материйг олсон” гэжээ.
Хурдан радио тэсрэлтийн цацраг нь яг л нарны гэрэл призмийн дундуур орохдоо хугарч олон өнгөнд задардаг шиг алга болсон материйн дундуур нэвтрэхдээ задардаг. Бид одоо хурдан радио тэсрэлт болон туулсан зайг мэдэх замаар ертөнцийг нягтыг тодорхойлох боломжтой болсон. Бид зөвхөн 6 хурдан радио тэсрэлтийг л бүртгэх хэрэгтэй хэмээн дэд профессор Маккварт өгүүлжээ.
Зураг 5. Алга болсон материйн нягтыг хурдан радио тэсрэлт хэр зайг туулан дэлхийд ирснийг болон долгионы уртын мужийн хугацааны саатлыг ашиглан тооцоолсон
Алга болсон матери нь гэхдээ барионик матери буюу одод, гаргууд, хүмүүс гэх мэтийг бүрдүүлэх протон, нейтрон шиг ердийн материйг хэлж буй юм. Ердийн матери нь харанхуй матери болоод харанхуй энергиэс ялгаатай. Ердийн матери нь ертөнцийн ердөө 4 хувийг бүрдүүлэх бол харанхуй матери нь 21 хувь, харин харанхуй энерги нь 75 хувийг бүрдүүлэх бөгөөд харанхуй матери болоод харанхуй энергийг одоо хүртэл шууд бүртгэж чадаагүй л байгаа юм.
Дэд профессор Маккварттай хамтран судалгаа хийсэн Калифорнийн Их Сургууль, Санта Круз (UC Santa Cruz) их сургуулийн профессор Ж. Ксавье Прочаска “бид өөрсдийн хамгийн том телескопоороо алга болсон материйг бүтэн 20 жилийн турш амжилтгүй хайсан” хэмээн өгүүлсэн юм.
Зураг 6. Өөр өөр газраас ирэх хурдан радио тэсрэлтийг ашиглан алга болсон материйн нягтыг хэмжсэн
Хурдан радио тэсрэлтүүд болон тэдгээрийн алсын галактикууд дахь байршлыг олсон явдал нь алга болсон материйн нууцыг тайлах гол түлхүүр нээлт байсан гэж Ж. Ксавье Прочаска өгүүлсэн юм.
Судалгааны өөр нэгэн хамтрагч нь болох Свинбурн Технологийн их сургуулийн дэд профессор Райан Шеннон хэлэхдээ гол түлхүүр нь Австралийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллага (CSIRO)-ын Australian Square Kilometre Array Pathfinder (ASKAP) радио телескоп байсан гэжээ .
ASKAP нь бүлэг радио телескопоос тогтох бөгөөд маш өргөн хүрээг тухайлбал тэргэл сарнаас 60 дахин том зайг, маш өндөр нягтралтай ажиглаж чадах чадвартай. Энэ нь бид тэсрэлтийг харьцангуй амархан бүртгэж авах боломжтой бөгөөд тэсрэлтийн тухайн галактик дахь байршлыг нь маш нарийн тогтоох чадвартай хэмээн дэд профессор Райан Шеннон өгүүлсэн юм.
Тэсрэлт телескоп дээр ирэхэд, телескоп тэсрэлтийн шууд бичлэгийг секундаас ч бага хугацаанд хуулах чадвартай хэмээн уг судалгааны пульс бүртгэх системийг боловсруулсан Австралийн Сансрын Агентлагийн гишүүн доктор Кейд Баниистер өгүүлсэн юм. Энэ нь хүний үсийг 200 метрийн цаана бариад байршлыг нь тодорхойлохтой адил хурдан радио тэсрэлтийн байршлыг яв цав тогтоох боломжийг олгодог хэмээн тэрээр мөн өгүүлжээ.
Зураг 7. CSIRO-ийн ASKAP телескоп үргэлжлүүлэн хурдан радио тэсрэлтүүдийг бүртгэсээр л байгаа юм
Дэд профессор Маккварт хэлэхдээ судалгааны баг мөн хурдан радио тэсрэлтийн хэр хол байгаа болон ертөнцөөр тархахдаа хэр тарж байгаа хамаарлыг олсноо мэдэгдсэн юм.
Тэрээр “бид галактикийн хөдөлгөөнийг тодорхойлогч Хаббл-Леметрийн хуультай ижил хуул нээсэн бөгөөд манай тохиолдолд галактикууд биш харин хурдан радио тэсрэлтүүд юм” гэж тэрээр хэлжээ.
Хаббл-Леметрийн хууль нь биднээс галактик хол байх тусмаа биднээс улам хурдлан одно гэсэн хуул бөгөөд космологийн зайн хувьд бүх галактикуудыг хэмжих суурь нь болсон хууль юм.
Зураг 8. Уг зураг нь Хаббл одон орны дурангийн авсан хурдан радио тэсрэлт үүсэн галактикийн зураг бөгөөд тухайн хурдан радио тэсрэлт болсон хэсгийг улаан өнгөөр тэмдэглэжээ. Уг хурдан радио тэсрэлт нь алга болсон материйг олоход ашигласан бүлэг хурдан радио тэсрэлтүүдийн нэг юм
Хурдан радио тэсрэлтүүдийг бүртгэсэн ASKAP радио телескоп нь Баруун Австралид орших Мюрчинсон Радио-Астрономийн одон орны ажиглалтын төвд байрладаг. Уг нээлтэд оролцсон олон улсын багийн гишүүд нь Австрали, Америкийн Нэгдсэн Улс, Чили улсын астрономичдаас бүрдсэн юм.
ASKAP нь ирээдүйн Square Kilometre Array (SKA) телескопын өмнөх үе нь болж байгаа билээ.
SKA нь асар олон тооны хурдан радио тэсрэлтүүдийг бүртгэж чадах бөгөөд энэ нь астрономичдад ертөнцийн өмнө нь үзэж чадахгүй байсан бүтцийг мэдэх боломжийг олгох юм.
https://www.
Мэдээг бэлтгэсэн : ФТХ, Онолын ба Их энергийн физикийн салбарын ЭШДаА Л.Мөнхжаргал