Вэбсайтын цэс
Москва хотын нэрийг химийн шинжлэх ухаанд мөнхлөв.
Москва хотын нэрийг химийн шинжлэх ухаанд мөнхлөв.

“Монгол улсад ЦШНИ-ийн өдрүүд” зохион багйуулж байх үеэр ЦШНИ-ийн эрдэмтэдийн амжилт бүтээлийг дэлхийд зарласан нэгэн сайхан мэдээ гарсан юм. 

    Д.И.Менделеевийн үелэх системийн 113, 115, 117, 118 дугаар химийн элементүүдийн нээлтийг баталснаа Олон улсын онолын болон хэрэглээний химийн холбоо (IUPAC), Олон улсын онолын ба хэрэглээний физикийн холбоо (IUPAP) -ны хамтарсан комисс 2015 оны 12-р сарын 30-нд албан ёсоор зарласан билээ.

  • 113-р элементийг Японы РИКЕН хэмээх физик, химийн судалгааны хүрээлэнд;
  • 115 ба 117–р элементүүдийг Дубна хот дахь олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) болон АНУ-ын Ливерморын үндэсний лаборатори (ЛҮЛ), Оак Риджийн үндэсний лаборатори гурав хамтарч;
  • 118-р элементийг ЦШНИ, ЛҮЛ хоёр хамтарч нээжээ.
  • 115, 117, 118 элементүүдийг Дубна дахь ЦШНИ-ийн Г.Н.Флеровын нэрэмжит Цөмийн урвалын лабораторийн У-400 хурдасгуурын иж бүрдэл дээр хурдасгасан Са-48 ионоор актинидийн (америций-243, берклий-249, калифорний-249) байг буудаж явуулсан цөмийн нэгдэх урвалаар гаргаж авчээ.

    IUPAC-ийн дүрэм ёсоор шинэ элементийн нэрийг уг элементийг нээсэн эзэн эхлээд санал болгодог бөгөөд энэ удаад зохиогчид дараах нэрүүдийг санал болгожээ:

 113-р элементийг Нихоний (Nh)

 115-р элементийг Московий (Mc)

 117-р элементийг Теннесин (Ts)

 118-р элементийг Оганессон (Og).

IUPAC-ийн Органик бус химийн салбар 2016 оны 6-р сарын 8-нд эдгээр саналыг авч үзээд дэмжихийг зөвлөмж болгосон байна.

    Шинэ элементийн нэрийн асуудлаарх энэ зөвлөмжийн талаар 5 сарын хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг явуулсны дараа IUPAC эцсийн шийдвэр гаргаж, Pure and Applied Chemist сэтгүүлд хэвлэдэг юм.

    Шинээр нээгдсэн элеменүүдийг (а) үлгэр домгийн баатрын нэр буюу ойлголтоор (астрономын эд зүйлийг оролцуулан); (б) эрдэс буюу адил төстэй бодисын нэрээр, (в) хүн суурьшлын хот, газар, орон нутаг газар зүйн мужаар; (г) элементийн шинж чанарт харгалзуулж; (д) эрдэмтний нэрээр нэрлэдэг уламжлалтай.

    Шинэ элементийн нэр нь ерөнхийдөө химийн шинжлэх ухаан ба түүхийн үүднээс нэгдмэл байдлыг хадгалж, харуулсан төсгөлтэй байх ёстой. Ерөнхийдөө 1-16 бүлгийн элентүүдийн нэрийн төгсгөл “+ium”, 17-р бүлгийн элементүүдийнх “+ine”, 18-р бүлгийн элементүүдийнх “+on” байдаг. Эцэст нь химийн шинэ элементийн англи нэр бусад гол хэлд нэгэн утгатайгаар хөрвүүлэгддэг байх ёстой.

    113 атомын дугаартай элементийг нээсэн RIKEN-чүүд (Nishina Center for Accelerator-Based Science, Japan), түүнийг нихоний (Nh, nihonium) буюу япон гэдэг үгийн өөр нэг дуудлагаар Нихон (“Ургах нарны орон” утгатай) гэж нэрлэхийг санал болгожээ.

    115 дугаартай элементийг московий (Mc, moscovium), 117 дугаар элементийг теннесин (tennessine) - Ts гэж нэрлэсэн. Московий гэдэг нэрийн хувьд ЦШНИ байрладаг Дубна хотын харъяалагддаг, Москва мужийн нэрээр эртний Оросын газар нутагт хүндэтгэл үзүүлж өгчээ. Теннесин гэдэг нэрийг Теннеси муж болон Окрижийн үндэсний лаборатори, Вандербильтын мөн Ноксвилл дэх Теннесийн их сургуулиудын оруулсан хувь нэмрийг үнэлж буйн тэмдэг болгож өгчээ.

    Дубнагийн ЦШНИ, Лоуресийн нэрэмжит Ливерморын үндэсний лабораторийн хамтын ажилгааны баг 118 дугаар элементийг Оганессон (Og, oganesson) хэмээн нэрлэхийг санал болгосон байна. ЦШНИ-ийн эрдэмтэн академич Юрий Оганесян актинидуудаас цааших элементийн судалгааг маналайлан хэт хүнд элементийн физикт дэвшил гаргасан, хэт хүнд олон элементийг нээсэн, түүнчлэн “тогтворжлын арал” байдгийг туршлагаар баталсан учир түүний гавьяаг хүлээн зөшөөрч ийнхүү нэрлэхээр шийдвэрлэжээ.

    IUPAC 2011 онд 114 дүгээр элементийг ЦШНИ-ийн эрдэмтэн Г.Н.Флеровын (1913-1990) нэрээ мөнхөлсөн билээ. Академич Г.Н.Флеров бол хэт хүнд элементийг цөмийн урвалаар гаргаж авах судалгааны нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үндэслэгч, ЦШНИ-ийн Цөмийн урвалын лабораторийг үндэслэн байгуулагч бөгөөд анхны захирал, хүнд цөмийн аяандаа хуваагддаг шинэ төрлийн цацраг идэвхит үзэгдлийг нээсэн, судалгааны хэд хэдэн шинэ чиглэлийг үндэслэгч, гарамгай физикч байсан юм.

Дубнагийн эрдэмтэд өмнө нь 105 дугаар элементийг номын хотынхоо нэрээр Дубний (Dubnium) хэмээн нэрлүүлсэн билээ.

    IUPAC-ийн шийдвэр нь орчин үеийн цөмийн физикийн чухал ололт амжилтын нэг болох хэт хүнд элементийн “тогтворжлын арал”-ыг нээхэд ЦШНИ-ийн эрдэмтдийн байгуулсан гавьяаг хүлээн зөвшөөрч, үнэлж, хүндэтгэж буй хэрэг юм.


Бусад мэдээлэл