Вэбсайтын цэс
Хэлний сонголт
73 дахь удаагийн Линдаугийн Нобелийн шагналтнуудын Физикийн салбарын уулзалт
73 дахь удаагийн Линдаугийн Нобелийн шагналтнуудын Физикийн салбарын уулзалт


73 дахь удаагийн Линдаугийн Нобелийн шагналтнуудын уулзалт – Физик

73 дахь удаагийн Линдаугийн Нобелийн шагналтнуудын Физикийн салбарын уулзалт нь 2024 оны 6 сарын 30-ны өдрөөс 7 сарын 5-ны өдрүүдэд ХБНГУ – ын Линдау хотод зохион байгуулагдлаа. Уулзалтад 35 Нобелийн шагналтан, 91 улсын 630 гаруй  залуу судлаачид оролцсон. Уг уулзалтад ШУА – ийн Физик, Технологийн хүрээлэнгийн ЭШДаА Б.Болормаа оролцлоо.

Энэ удаагийн уулзалтаар ирээдүйн эрчим хүчний хангамжийн шийдлүүд, хиймэл оюун ухааны нөлөө, нөөц бололцоо болон квант физикийн хэрэглээний талаар голчлон хэлэлцэв. Энэхүү агуулгын хүрээнд 30 залуу судлаачид хийж буй судалгааны ажлынхаа талаар илтгэл хэлэлцүүлэв. Уулзалтын үеэр Нобелийн шагналтнуудын илтгэл, Agora talk, Open exchange, Science walk зэрэг арга хэмжээнүүд дээр Нобелийн шагналтнууд нь залуу судлаачидтай туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгч, судалгааны сэдвийн талаар ярилцах боломжтой байдаг.

 

Нобелийн шагналтан Уильям Филлипстэй (William D. Phillips) хийсэн “Science Walk” үйл ажиллагаа, Нобелийн шагналтан Уильям Филлипстэй хамт

2022 болон 2023 онд Нобелийн шагнал авсан Антон Зейлингер (Anton Zeilinger), Анне Л'Юлье (Anne L’Huillier) нарын илтгэл нь их шинэлэг байв. Мөн 2010 онд 2D бүтэцтэй материал болох графеныг гарган авснаараа Андре Геймтэй (Andre Geim) хамт Нобелийн шагнал хүртсэн эрхэм Констатин Новоселовын (Konstantin Novoselov) ирээдүйн материалууд илтгэл нь сонирхолтой санагдав. Илтгэлийн эхний хэсэгт графены давуу тал, хэрэглээний тухай ярихдаа графенаар хольцолсон төмрийн нэгдэл гаргах гээд судалгааны багтайгаа цуснаасаа эх дээж болгоё гээд хошигнож ярьж байхад нь нэг сурагч нь туршилт тавиад өгүүлэл хэвлүүлсэн тухай дурдав. Энэ үед туршилтыг хөнгөн байдлаар сэтгэж хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Илтгэлийн хоёрдугаар хэсэгт материал судлалын салбарт хиймэл оюун ухааны хэрэглээ, хэрэгцээ шаардлагын талаар ярьсан.

Үүнээс гадна 1997 онд лазерын тусламжтай атомыг барих аргыг хөгжүүлснээрээ Стивен Чу (Steven Chu) болон Клауде Коэн-Таннуджи (Claude Cohen-Tannoudji) нартай цуг Нобелийн шагнал авсан Уильям Филлипстэй “Science walk хийх боломж тохиов. Уг үйл ажиллагааны үеэр Уильям Филлипсийн нээлт хийсэн ажлын талаар ярилцаж, хэрхэн туршилт аа тавьж байсан талаар ярилцахад их гайхалтай байлаа.

Нобелийн шагналтнууд маань маш энгийн, залуу судлаачидтай өөрсдийн түүх, туршлагаа ярилцах хүсэл сонирхолтой, зөвлөгөө харамгүй өгч байсан нь үнэхээр гоё байсан. Ихэнх хүмүүсийн зөвлөгөө нь өөрийн дуртай зүйлээ хийх, тууштай байх, бичих болон илтгэх чадвараа хөгжүүлэх тухай байв.

Хаалтын үйл ажиллагаа. Нобелийн шагналтнууд



Мэдээ бэлтгэсэн:

 ФТХ – ийн Энергийн судалгааны лабораторийн ЭШДаА Б.Болормаа


Бусад мэдээлэл