ХҮНИЙ ХАШХИРАХ ДУУГ ИЛРҮҮЛДЭГ ДРОН
Орчин үед байгалийн гамшиг болон бусад аюул ослын улмаас нуранги дор дарагдсан хүмүүсийг эрэн хайж олох асуудлыг дрон ашиглан гүйцэтгэж байна. Германы “Fraunhofer FKIE” институтийн инженерүүд хүний хашхирах болон бусад тусламж хүссэн дууг мэдрэх замаар хүнийг эрэн хайж олох зориулалттай дроны загварыг бүтээжээ.
Институтийн тэргүүлэх
инженерүүдийн нэг Mакарена Варела нь өнгөрсөн долоо хоногт Америкийн Акустик
Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг бага хурлын үеэр энэ чиглэлд гаргасан
амжилтаа танилцуулсан байна.
Шинжлэх ухааны зөгнөлт кинонд хүн хайж буй дроныг олонтой дүрслэсэн байдаг. Тэгвэл техник технологи хөгжсөн өнөө үед газар хөдлөлт, хар салхи, хээрийн түймэр гэх мэт гамшгийн үед энэхүү дроны шийдлийг ашиглах нь хамгийн тохиромжтой гэж Варела хэлсэн байна.
Тухайн дрон нь аврах багийнхан хүрч очиход хүндрэлтэй хүн гацсан байж магадгүй газруудын дээгүүр нисэх боломжтой, ингэснээрээ аврах баг болон сургуультай аврагч нохойноос богино хугацаанд илүү том талбайг хамрах боломжтой байна. Түүнчлэн дрон нь барилгад нурах аюултай хэсэг байгаа тохиолдолд түүнийг аврагчдад анхааруулж, мэдээллэх чадамжтай.
Гамшгийн үед эрэн хайх аврах үйл ажиллагаанд нисгэгчгүй нисэх аппарат эсвэл дроныг өргөнөөр ашиглаж байгаа нь ихэнх тохиолдолд гамшиг бүхий орчны бүтцийн эвдрэлийн талаар агаарын зураг авах, биеийн дулааныг сканердаж дулааны зураг авах чадамжтай байх бөгөөд харин илүү том дронууд нь эм эмнэлгийн хэрэгслийн хангамж, бусад шаардлагатай зүйлсийг тусгаарлагдсан газар дахь хүмүүст хүргэх боломжтой байдаг.
Вашингтоны их сургуулийнхан гамшгаас амьд үлдэгсдийг хайхад үнэрийг ашигладаг дрон бүтээх санааг дэвшүүлж байна. Агаар мандал, сансрын судалгааны корпораци нь нохойнуудыг ялган таньж, байршлыг нь аврах багийнханд дамжуулдаг дрон бүтээхээр ажиллаж байна. Цюрихийн их сургуулийнхан нислэгийн үеэр ан цав руу нэвтрэхдээ хэлбэрээ өөрчлөх чадамжтай дроныг хөгжүүлж байна.
Эдгээр системийг бүтээхэд төрөл бүрийн сорилттой тулгарч байна. Жишээ нь, хяналтын систем нь амьтны дуу, салхины чимээ гэх мэт байгалийн дуу чимээнээс хүний хашхирах чимээг ялгах, мөн хүмүүс аврах багийнханд анхааруулах зорилгоор өшиглөх, алга таших гэх мэт ярихаас бусад аргаар дуу чимээ үүсгэхэд түүний нь таних шаардлага байж болох юм.
FKIE-ийн инженерүүд дроноо бүтээхдээ дээрх нөхцөл байдлыг авч үзсэн. Эхлээд тэдэнд дроны программыг сургахад шаардлагатай хүний "импульсийн" дуу чимээний мэдээллийн сан үүсгэсэн. Ингэхдээ аюултай байдалд орсон хүмүүсийн шинж тэмдэг байж болох хашхирах, тогших болон бусад дуу чимээг өөрсдөө гаргаж, бичлэг хийсэн. Дараа нь тэд нийтлэг шинж тэмдгийг хайхын тулд дуу бүрийн давтамжид шинжилгээ хийсэн ба түүнийг хиймэл оюун ухааны программ хангамжийг сургахад ашигласан. Мөн түүнчлэн тэд дроны роторын шуугиан болон хүрээлэн буй орчны бусад дуу чимээг шүүхээр ажилласан.
Программ хангамжийн хэсэг бүрэн болмогц тэд дуу чимээ хаанаас гарч байгааг тодорхойлох "нарийн" өнцгийг хангах зорилгоор ухаалаг гар утас болон сонсголын төхөөрөмжүүдэд байдаг шиг жижиг дижитал микрофоны кластерыг угсарчээ. Учир нь дижитал микрофон нь аналог эсвэл уламжлалт микрофонууд шиг нүсэр техник хангамжийг шаарддаггүй байна.
Тус баг микрофоны кластерыг дронд байрлуулж, хүний дуу чимээ хаанаас гарч байгааг мөрдөх дохио боловсруулах техникийг хэрэглэсэн. Тухайн систем нь ярианы чанга сул болон ярианы цэвэр байдлыг сайжруулсан. Одоогийн байдлаар хэдхэн секундын дууны дохионоос гамшиг осолд өртсөн хохирогчийн байрлалыг тооцоолох "задгай талбайн туршилтыг" амжилттай гүйцэтгэсэн.
Дараагийн удаа алс зайнаас дууны дохиог өндөр чанартай, алдаа багатай хүлээн авахын тулд илүү өндөр давтамжийн микрофоныг дронд нэмж суурилуулахаар зорьж ажиллаж байна. Ингэснээр олон зуун метрээс дууны дохиог хүлээн авах боломжтой болно.
Эх сурвалж :
Мэдээ бэлтгэсэн: ФТХ-ийн ЭШДэд ажилтан Б.Зандан.