ЦАХИЛГААН СОРОНЗОН ДОЛГИОНЫ ЦАЦАРГАЛТААС ХАМГААЛАХ ПОЛИМЕР ЯЛТАС
Цахилгаан
хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэн хүн төрөлхтнийг цахилгаан соронзон
цацаргалтаас хамгаалахаас гадна цахилгаан хэрэгслүүд нэг нэгэндээ саад болохоос
сэргийлэх хөнгөн, тогтвортой, уян хатан бөгөөд үйлдвэрлэхэд хялбар материал
гарган авах хэрэгцээ гарч байна.
Цахилгаан соронзон
интерференц (ЦСИ)-нь цахилгаан
төхөөрөмжүүдээс гарах дохио нэг нэгнийхээ ажиллагаанд нөлөөлөх үед үүсдэг.
Жишээ нь гар утаснаас гарах дохио эсвэл зөөврийн компьютер, утасгүй сүлжээний
төхөөрөмж бүр цаашлаад гал тогооны холигч хүртэл зурагтын жирэлзэх шалтгаан
болох боломжтой. Ийм ч учраас онгоц хөөрөх болон газардах үед жолоодлогын
дохиог сарниулж болзошгүй гэж үзэн зорчигчдыг утсаа унтраахыг зөвлөдөг билээ.
Аливаа цахилгаан
төхөөрөмж ойр байгаа төхөөрөмждөө нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах зорилгоор
хамгаалагч материалын судалгаа хийгдсээр ирсэн ч сүүлийн жилүүдэд цахилгаан
төхөөрөмжүүдийн хэрэглээ улам нэмэгдэж, жижиг, утасгүй холбогддог, олон үйлдэлт
болж байгаа нь цахилгаан соронзон долгионоос хамгаалах уламжлалт материалуудыг
үр дүнгүй болгож байна. Иймд цахилгаан төхөөрөмжүүд нэмэгдэхийн хэрээр
цахилгаан соронзон цацаргалтаас хамгаалах ахисан түвшний материалуудын
судалгаaг хийх хэрэгтэй.
АНУ-ын Калифорнийн Их
Сургуулийн инженерүүд салбартаа тэргүүлэгч Advanced Materials сэтгүүлд
хэвлүүлсэн өгүүлэлдээ1 кваси-нэг-хэмжээст нано дүүргэгч ашигласан
уян хатан ялтас гарган авсан тухайгаа дурдсан бөгөөд уг материал нь цахилгаан
соронзон долгионоос хамгаалах чадвар сайтайгаас гадна гарган авахад хялбар
гэжээ.
Калифорнийн Их Сургуулийн профессор Александер А.Баландинаар удирдуулсан багийн гарган авсан кваси-нэг-хэмжээст Ван дер Ваальсын материалаар дүүргэгдсэн композит нэгдэл нь гигагерц болон саб-терагерц (0.1–0.3 TГц) давтамжийн мужид цахилгаан соронзон интерференцээс хамгаалах чадвар өндөртэй байсан байна.
Баландины судалгааны баг шилжилтийн металл трихалькогенид (TaSe3)-ийг урт ба зузааны харьцаа нь ~106 орчим байх кваси-нэг-хэмжээст ван дер Ваальсийн нано-утас болтол нь химийн аргаар салган гаргаж авсан байна.
Нэгдлийн цахилгаан
соронзон цацаргалтаас хамгаалах чадвар нь түүнд агуулагдах дүүргэгчийн урт ба
өргөний харьцаанаас хамаардаг ба уг харьцааг их байлгаж чадвал дүүргэгчийн
концентрацыг багасгаж болно. Ингэснээр полимер нэгдлийн хөнгөн, уян хатан байх
чухал шинж чанарыг нь хадгалах боломжтой болох юм.
Полимер нэгдэлт хэвээ
нэг хэмжээст TaSe3 трихалькогенидаар дүүргэснээр цахилгаан соронзон цацаргалтаас
хамгаалагч нимгэн ялтсаа гарган авсан бөгөөд дүүргэгчийн хэмжээ бага үед ч үр
дүнтэй байж чаджээ.
Судлаачдын гаргаж авсан
микрометрийн зузаантай нимгэн материал нь цахилгаан соронзон интерференцийг
99.99% хаах чадвартайг туршилтаар хэмжсэн байна. Судлаачдын баг
уг ажлыг кваси-нэг-хэмжээст ван дер Ваальсийн материалын судалгаа илүү ахисан
түвшинд гарах эхлэл боллоо гэжээ.
Эх
сурвалж:
https://www.sciencedaily.com/releases/2021/02/210222164141.htm
1.
Zahra Barani, Fariborz Kargar, Yassamin
Ghafouri, Subhajit Ghosh, Konrad Godziszewski, Saba Baraghani, Yevhen
Yashchyshyn, Grzegorz Cywiński, Sergey Rumyantsev, Tina T. Salguero, Alexander
A. Balandin. Electrically Insulating Flexible Films with Quasi‐1D
van der Waals Fillers as Efficient Electromagnetic Shields in the GHz and Sub‐THz
Frequency Bands. Advanced Materials, 2021; 2007286
DOI: 10.1002/adma.202007286
Мэдээг бэлтгэсэн: Материал
судлалын салбарын ЭШДaА О.Намуундарь