Вэбсайтын цэс
ИННОВАЦИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГА
ИННОВАЦИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГА


ИННОВАЦИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГА



Монгол улсад Инновацийн Тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрт хөгжлийн хоцрогдлыг богино хугацаанд даван туулах үндсэн арга зам нь Үндэсний инновацийн Тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх хэмээн тусгасан байдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Үндэсний Инновацийн Тогтолцооны загвар боловсруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах гэсэн гол зорилго дэвшүүлж, төлөвлөжээ.


Инновацийн тухай хуульд “инноваци” гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл явц; “үндэсний инновацийн тогтолцоо” гэж инновацийн үйл ажиллагаанд оролцогч өмчийн бүх хэлбэрийн байгууллага, тэдгээрийн харилцааны хэм хэмжээний цогцыг хэлнэ хэмээн үйл явцын хандлагаар томъёолсон байна. Нөгөө талдаа олон улсын түвшинд Инновацийн систем, түүний анхдагч ойлголт үзэл санааг үзвэл: ADAM SMIT (1776) мэдлэгийн болон технологийн салбарын ололт амжилтын механизмийг ялгаж үзэх гэсэн санааг оруулж ирсэн ба Аж үйлдвэрийн салбарыг туршлагад суурилсан суралцах үйл явц {experience-based learning (DUI)} – хийх, ашиглах, харилцан нөлөөлөх; Шинжлэх ухаанд суурилсан судалгааны процесс {science based research processes (STI)} гэж ангилах анхны оролдлого хийсэн байдаг. Мөн FRIEDRICH LIST (1841 German) - “Үндэсний үйлдвэрлэлийн систем” гэдгийг үндсэн баримтлал болгож өргөн хүрээнд боловсрол болон сургалтыг хамааруулж үзсэн. “Оюуны нөөц” (mental capital)–ийг нөөцийн төрөлд багтааж, “бүхий л төрлийн үйлдвэрлэлд нээлт, зохион бүтээлт, дэвшил, төгөлдөржүүлэлт болон чармайлт хуримтлагдаж байдаг” гэдгийг тодруулан гаргаж тавьсан бол KARL MARX: “Шинжлэх ухаан үйлдвэрлэлд нөлөөлөх” болон “технологийн өрсөлдөөн” гэсэн хоёр ойлголтыг чухалчилсан. Инноваци хийснээр худалдаа нэмэгдэж, өртөг багасна гээд эдийн засагт шинжлэх ухаан технологийн үүрэг ролийг дэвшүүлсэн байдаг. MARSHALL (1919) “representative firm” гэсэн Адам Смитийн санааг дэлгэрүүлэн хоёр төрлийн “ИННОВАЦИЙН СИСТЕМ” гэсэн ойлголтыг томъёолсон. Үүнд:

      Аж үйлдвэрлэлийн ерөнхий динамикийн өөрчлөлтийг ойлгох

      Үндэсний инновацийн систем гэсэн санаа

Тэрээр инновацийг менежментийн чадамжтай уялдуулж, янз бүрийн төрлийн судалгааны лабораторийн хувьд илүү өргөн институционал орчинг шинжилгээнд хамруулж, инновацийн ерөнхий систем, хэлбэр нь улсын хил хязгаараас ялгаатай байж болохыг томъёолжээ.

JOSEPH SCHUMPETER (1934) Инновацийн системийг шинжлэх санааг дэлгэрүүлж, технологийн “БҮТЭЭЛЧ УСТГАЛТ” гэдэг ойлголтыг эдийн засгийн тооцоололд оруулсан ба орчин үеийн Инновацийн онолын анхны төлөөлөл юм. CHRISTOPHER FREEMAN (1982) үндэсний инновацийн систем гэдэг ойлголтыг Friedrich List-ийн санааг Технологийн дэд бүтэц ба Олон улсын өрөлсөлдөх чадвар ухагдахуунаар өргөжүүлэн, технологийн дэд бүтцийг засгийн газрын үүрэг оролцоогоор дэмжих нь чухал болохыг онцолсон.

Үндэсний инновацийн системийн ойлголтыг орчин үеийн түвшинд хөгжүүлсэн төлөөллүүд бол B-A LUNDVALL (1992), RICHARD NELSON (1993), CHARLES EDQUIST (1997) зэрэг юм.

Инновацийн систем ба санааны үйл явцын цөм голлох үйл ажиллагаа нь загвар ба хэрэглэгчийн эх сурвалж руу хандах, үндсэндээ үйл ажиллагааны 2 хэлбэр байна гэж Ландвал тодорхойлсон. 1-рт шинэ санаа болон загвар зохион бүтээлт нь ялгаатай хэлбэрээр хийх, хэрэглэх болон харилцан нөлөөлөхөд тулгуурлан суралцах, 2-рт шинэ санаа болон загвар зохион бүтээлт нь (байрлуулалт, нээлт) өөр, тодорхой бодитой асуудал хэмээн тайлбарлаж, “үйлдвэрлэлийн бүтэц” ба институцийн төлөвлөлт” нь инновацийн системд хоёр чухал хэмжигдэхүүнийг нэгтгэн тодорхойлохыг зөвлөсөн байна. Нэлсон болон Розенберг нар үүнтэй төстэй байдлаар, гэхдээ судалгаа-хөгжүүлэлтээр байгууллагыг дэмжихээр ялгаатай юм. Тэд инновацийн үндсэн эх үүсвэр нь байгууллагын зохион бүтээлт ба мэдлэгийн нэвтрүүлэлт болохыг онцлон тэмдэглэсэн. Байгууллагын мэдлэгийн нэвтрүүлэлтэнд фирм, үйлдвэрлэлийн судалгааны лабораториуд, их сургуулийн судалгаа болон засгийн газрын лабораториудыг хамааруулах  Lundvall and Nelson нар бүрэлдэхүүн (үндсэн байгууллагууд, институцууд, тэдгээрийн хоорондын харилцаа) хэсгүүдэд төвлөрүүлсэн Үндэсний инновацийн системийн тодорхойлолтыг санал болгосон.  Дээр өгүүлсэн, Lundvall Үндэсний инновацийн системийн удирдлагад нийгэм эдийн засгийн системийг өргөнөөр оруулсан. Үүнийг тодруулж, Nelson орчин үеийн нарийн чиг хандлагыг инновацийн үндсэн эх үүсвэр нь үндэсний судалгаа-хөгжүүлэлтийн систем болон байгууллагын судалгаа-хөгжүүлэлтийг төвлөрүүлэн үзсэн.

Инновацийн системд “эдийн засаг, нийгэм, төр засаг, байгууллага, институц, бусад инновацийг ашигладаг болон нэвчүүлдэг, хөгжүүлэхэд нөлөөлдөг бүх чухал хүчин зүйлсийг хамааруулан ерөнхий тодорхойлсон. (Edquist, 1997). Систем хоёр төрлийн үйл ажиллагаанаас бүрдэнэ. Үүнд 1. Бүрэлдэхүүний төрөл (их дээд сургуулиуд, үйлдвэрлэл бизнесийн салбар, засгийн газар, олон нийтийн байгууллага), 2. Тэдгээрийн хоорондын харилцааг дараах 4 үйл ажиллагааны хүрээнд нийт 10 функцээр томъёолсон. (Edquist, June 12-15, 2001.)


ИННОВАЦИЙН СИСТЕМИЙН ЗАГВАРЫН ХЭВ ШИНЖ

 


Мэдлэгийн үйлдвэрлэлийн МОDE 1 (Micheal Gibbons, 1994) үзэл баримлал нь Инновацийн системийн шугаман загвар бөгөөд төлөвийн хувьд эмх цэгцтэй, нэгэн төрөл, үндсэн ойлголтын хүрээнд мэдлэг бүтээх уламжлалт чиг хандлагатай (их дээд сургуулийн суурь судалгаанаас шинжлэх ухааны нээлт гардаг). Системийг дараах шинж чанартай гэж үзнэ.

·         Эмх цэгцтэй

·         Гомоген болон засаглалын шаталсан зохион байгуулалттай

Мэдлэгийн үйлдвэрлэлийн МОDE 2 (Micheal Gibbons, 1994) үзэл баримтлал нь Инновацийн системийн шугаман биш загвар бөгөөд МОDE 1-ийг хөгжүүлж, гаргасан загвар юм. МОDE 2 загварт систем эмх цэгцгүй бөгөөд нийгэм эдийн засгийн өргөн хүрээнд мэдлэг бүтээнэ гэж үздэг. (Их дээд сургуулийн судалгаа ба бизнесийн салбарын хоорондын мэдлэг үйлдвэрлэлийг хослуулах, үүнд: суурь судалгаа, хэрэглээний судалгаа, туршлагын судалгааны хөгжүүлэлтийн хүрээг хамарч, нээлт, хэрэглээ, үйлдвэрлэл хөгжинө). Системийн шинж чанарыг

·         Хэрэглээнд түшиглэсэн мэдлэг бүтээх

·         Эмх цэгцгүй

·         Гетероген болон янз бүрийн зохион байгуулалттай

·         Нийгмийн хариуцлага болон харилцаа

·         Чанарын хяналт





МОDE 2 хэв шинжит “Их дээд сургууль – Аж үйлдвэрлэл, бизнесийн салбар – Засгийн газар хоорондын харилцан үйлчлэлийн Гурамсан ороомгийн загвар” (Triple Helix of University-Industry-Government relation) (H.Etzkowitz, 2000).

Их дээд сургууль, аж үйлдвэрлэлийн салбар, төрийн байгууллагын салбарын 3-ласан бүрэлдэхүүний харилцан хамаарал бүхий Инновацийн системийн шугаман бус загвар юм. Инновацийн системийн үндсэн бүрэлдэхүүн нь:

·         Их дээд сургууль, Шинжлэх ухааны салбар

·         Аж үйлдвэрлэл, бизнесийн салбар,

·         Төрийн байгууллагын салбар

Triple Helix үзэл баримтлал нь 3 үндсэн ойлголтонд тулгуурласан (https://hstar.stanford.edu/3helix_concept, 2013); (1) инновацид Их дээд сургууль тэргүүлэх үүрэгтэй оролцох ба нийгмийн мэдлэгт засгийн газар болон аж үйлдвэрлэлийн салбар тэнцүү үүрэг оролцоотой; (2) үндсэн 3 институцийн хүрээний хоорондын хамтын харилцааны шилжилт, аль ч инновацийн бодлого засгийн газрын зааварчилгаагаар хоорондын үйл ажиллагааны үр дүн нэмэгдэж байдаг; (3) уламжлалт чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ институцийн хүрээ бүр уламжлалт чиг үүргийнхээ хажуугаар шинэ үүрэг гүйцэтгэж, "үүргийг хувааж гүйцэтгэдэг". Уламжлалт бус үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудыг инновацийн  томоохон боломжит эх үүсвэр гэж үздэг

Мэдлэгийн үйлдвэрлэлийн МОDE 3 үзэл баримтлал нь Моde 1 ба Моde 2-ыг хослуулсан шугаман бус загвар юм. Мэдлэг үйлдвэрлэлийн систем (Моde 3) нь мэдлэг бүтээх, нэвчүүлэх Инновацийн сүлжээ, Мэдлэгийн кластераас бүрэлдэнэ. Энэ нь олон давхар, олон хэлбэрт, олон зангилаат, олон талын оролцоотой систем бөгөөд хүний болон оюуны капитал, төлөвшсөн нийгмийн капитал мөн баталгаажсан санхүүгийн капиталаас бүрдэнэ.

Мэдлэгийн системийн өрсөлдөх чадвар болон давуу тал нь ялгаатай мэдлэг ба инновацийн загваруудын дасан зохицох чадварыг хослуулах, нэгтгэх гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл мэдлэгийн нөөц болон урсгалын динамик нь хамтын хувьсал, хамтран мэргэших, хамтын үйл ажиллагаа юм.

Моde 3 үзэл баримтлалд Гурамсан ороомгийн загварыг нийгмийн гэсэн 4 дэх хүрээгээр өргөжүүлж Quadruple Helix (Elias G. Carayannis D. F., 2010) инновацийн загварыг боловсруулсан ба энэхүү загварыг тав дах хүрээ болох хүрээлэн буй орчны асуудлаар өргөжүүлэн Quintuple Helix (Elias G. Carayannis T. D., 2012) загварыг тус тус боловсруулсан.                                

Дөрвөн ороомогт Инновацийн загвар (Quadruple Helix) нь Гурамсан ороомгийн загварын үндсэн хүрээлэл болон их дээд сургууль, аж үйлдвэрлэл бизнесийн салбар, төрийн байгууллагын хүрээг бүхэлд нь нийгмийн хүрээллээр өргөжүүлсэн ба энэхүү нийгмийн хүрээ нь мэдээлэл-соёлд суурилсан олон нийт байна. Нийгмийн хүрээнд мэдээлэл, бүтээлч үйлдвэрлэл, соёл, үнэлэмж, амьдралын хэв маяг зэргийг хамааруулна. Ийм өргөн хүрээнд нийгмийн мэдлэг нь өөрчлөлт хувьсалд нөлөөлөх боломжтой болдог.

Таван ороомогт Инновацийн загвар (Quintuple Helix) нь дөрвөн ороомогт загварыг байгаль орчин, хүрээлэн буй орчны хүрээгээр өргөжүүлсэн загвар бөгөөд таван дэд системээр тодорхойлогдоно. Үүнд:

(1) Боловсролын дэд систем нь академи, их дээд сургууль, ахлах боловсролын систем болон сургууль хамрах ба “хүн-капитал”-аар (2) Эдийн засгийн дэд систем нь үйлдвэрлэл/аж үйлдвэр, фирм, үйлчилгээ, банкийг хамран, “эдийн засгийн капитал”-аар (3) Байгаль, хүрээлэн буй орчны дэд систем нь “байгалийн капитал”-аар (4) мэдээлэл-соёлд суурилсан нийгмийн дэд систем нь “нийгмийн капитал”-аар мөн (5) төрийн дэд систем нь “төрийн болон хуулийн капитал”-аар тус тус тодорхойлогдоно.  

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Edquist, C. (June 12-15, 2001.). The System of Innovation Approach and Innovation Policy: An account of the tate of the art. DRUID Conference, National Systems of Innovation, Institution and Public Policies , (pp. 1-24). Aalborg.

Elias G. Carayannis, D. F. (2010). Triple Helix, Quadruple Helix and Quintuple Helix and How Do Knowledge, Innovation and the Environment Relate To Each Other? International Journal of Social Ecology and Sustanaible Development , 41-69.

Elias G. Carayannis, T. D. (2012). The Quintuple Helix innovation model: global warming as a challenge and driver for innovation. Journal of Innovation and Intrepreneurship , 1:2.

H.Etzkowitz, L. (2000). The dynamics of innovation: from National Systems and "Mode 2" to a Triple Helix of university-industry-government relations. Elsever, Research Policy , 109-123.

https://hstar.stanford.edu/3helix_concept. (2013).

Micheal Gibbons, C. L. (1994). The new production of knowledge. London: SAGA Publications Ltd.

OECD. (May 2013). Triple Helix Partnerships for Innovation in Bosnia and Herzegovina. www.oecd.org .

 

Мэдээллийг бэлтгэсэн:    ФТХ, Инженер Г.Буянцэцэг

(МУИС, Физикийн докторант; Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын докторант)


Бусад мэдээлэл