ГРАФЕН ОКСИДЫН НАНО ХУУДАС АЛЬЦГЕЙМЕРИЙН ӨВЧНИЙГ ҮҮСГЭГЧ УУРГУУДЫН ХОРТ ЧАНАРЫГ БУУРУУЛДАГ БОЛОХЫГ СУДАЛЖЭЭ



Альцгеймерийн өвчний эхэн үеийн гол өдөөгч хүчин зүйл бол амилоид пептид гэх молекулуудын тархин дахь хуримтлал юм. Эдгээр молекулууд нь мэдрэлийн эсийн үхэлд хүргэж, Альцгеймерийн өвчтэй хүмүүсийн тархинд ихэвчлэн илэрдэг.

Шведийн Чалмерсын Технологийн Их Сургуулийн судлаачид эдгээр амилоид пептид хуримтлуулсан мөөгөнцрийн эсүүдийг графен оксидын нано хуудас ашиглан эмчилсний дараа эсүүд сэргэх боломжтой болохыг тогтоожээ. Уураг болон пептид нь хоёулаа амин хүчлээс тогтсон, ижил төрлийн молекул боловч пептид нь бүтэц, хэмжээний хувьд жижиг байдаг. Олон тооны амилоид-бета пептид тархинд хуримтлагдсанаар тэдгээрийг агрегат уураг гэж ангилдаг.

Альцгеймерийн өвчин нь эдгэршгүй, сэтгэцийн хомсдол (деменц) үүсгэж, улмаар үхэлд хүргэдэг тархины өвчин юм. Дэлхий даяар 40 сая гаруй хүн уг өвчин болон түүнтэй төстэй деменцтэй амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Амилоид-бета (Aβ) пептидүүд тархинд бөөгнөрч хуримтлагдсанаар мэдрэлийн эсийн үйл ажиллагааг алдагдуулж, улмаар эсийн үхэлд хүргэдэг. Ингэснээр тухайн хэсгийн тархины үйл ажиллагаа алдагддаг. Одоогоор эдгээр хуримтлалыг үр дүнтэй эмчлэх арга байхгүй хэвээр байна. Гэсэн хэдий ч Чалмерсын судлаачид графен оксидоор эмчилснээр мөөгөнцрийн эсийн загвар дээр амилоид пептидийн бөөгнөрөл багасаж байгааг харуулжээ. Энэхүү судалгаа нь Advanced Functional Materials сэтгүүлд нийтлэгдсэн.
Систем биологийн судлаач Син Чен хэлэхдээ: "Графен оксидын энэ нөлөө нь өмнө нь бусад судалгаагаар батлагдсан ч мөөгөнцрийн эс дээр анх удаа тогтоогдож байна. Бидний судалгаа энэ үзэгдлийн механизмыг тодруулсан. Графен оксид нь эсийн бодисын солилцоонд нөлөөлж, агрегат уураг болон хүчилтөрөгчийн идэвхт радикалуудын эсрэг эсийн тэсвэрийг нэмэгдүүлдэг. Үүнийг өмнө нь тайлбарлаагүй байсан."

Графен оксидын нано хуудас маш их найдлага төрүүлж байна. Графены оксидын нано хуудас нь хоёр хэмжээст нүүрстөрөгчийн наноматериал бөгөөд өндөр дамжуулалттай, биологийн нийцтэй зэрэг өвөрмөц шинж чанартай. Эдгээрийг хорт хавдрын эмчилгээ, эм дамжуулах систем, биосенсор зэрэг олон судалгаанд ашигладаг. Нано хуудас нь усанд уусах чадвартай (гидрофил) бөгөөд уураг зэрэг биомолекулуудтай сайн харилцан үйлчилдэг. Графен оксид нь эс дотор нэвтэрч, уургийн өөрөө үйлчлэх процессыг сааруулж чаддаг.

Судлаач Сантош Пандит хэлэхдээ: “Үүний үр дүнд уургийн бөөгнөрөл үүсэхийг саатуулж, үүссэн агрегатыг задалдаг. Бидний үзэж байгаагаар графен оксид нь амилоид-бета42-ийн хорт нөлөөг хоёр замаар бууруулдаг.”
  1. Шууд зам — амилоид-бета 42 хуримтлагдахаас сэргийлэх.
  2. Шууд бус зам — тодорхойгүй механизмаар эсийн стрессийн хариу урвалд оролцдог генүүдийг идэвхжүүлснээр эс агрегат уураг болон исэлдэлтийн стрессийг илүү үр дүнтэй зохицуулдаг.
Альцгеймерийн өвчний эсрэг үр дүнтэй эмчилгээг хөгжүүлэх нь одоогоор хүлээгдэж буй сорилт хэвээр байна. Гэсэн ч Чалмерсын судлаачдын хэлж буйгаар графен оксид нь мэдрэлийн доройтлын өвчин судлалын салбарт ирээдүйтэй хандлага болон гарч ирж байна. Түүнчлэн тэд графен оксид нь Хантингтоны өвчний уураг бөөгнөрлийн хор хөнөөлийг бууруулж байгааг мөн тогтоосон байна.

Син Чен эрдэмтэн хэлэхдээ: "Дараагийн алхам бол графен оксидын суурьтай эм дамжуулах системийг боловсруулж, Альцгеймерийн өвчний эмчилгээнд ашиглах боломжийг судлах явдал юм. Мөн Паркинсоны өвчин зэрэг мэдрэлийн доройтлын бусад өвчний загварууд дээр үр нөлөөг туршихыг хүсэж байна."

 

Мэдээлэл бэлтгэсэн: ЭШАА Э.Нямдаваа
Эх сурвалж: Chen, Xin, et al. "Graphene Oxide Attenuates Toxicity of Amyloid‐β Aggregates in Yeast by Promoting Disassembly and Boosting Cellular Stress Response." Advanced Functional Materials 33.45 (2023): 2304053. https://doi.org/10.1002/adfm.202304053


Бусад мэдээлэл