Осло болон Ливерпүүлийн Их сургуулийн судлаачид алтан загас ѳвлийн улиралд хѳлдүү нуурын доор амьдрахын тулд ѳѳрѳѳсѳѳ спирт бий болгодог гайхалтай чадварын нууцыг олж илрүүлжээ.
Хүн болон бусад сээр нуруутан амьтад хүчилтѳрѳгчгүйгээр хэдхэн минутын дотор үхнэ. Харин алтан загас болон түүний зэрлэг тѳрлүүдийн нэг болох хэлтэг загас нь мѳсѳѳр хучигдсан нуур цѳѳрмийн ёроолд хүчилтѳрѳгчгүй усанд хэдэн ѳдрѳѳр, бүр хэдэн сараар ч амьд байж чаддаг байна. Энэ хугацаандаа загас хүчилтѳрѳгчгүй орчинд бий болгосон сүүний хүчлийг этанол (спирт) болгон хувиргах ба түүнийгээ заламгайгаараа дамжуулан хүрээлэн буй усандaa тараадаг байна. Ингэснээр биед нь сүүний хүчил хэт хуримтлагдахаас сэргийлнэ. Энэхүү ер бусын чадвар нь түүнийг бусад сээр нуруутан амьтадаас ялгах цор ганц онцлог юм. Энэ нь загасны эсийн молекулын механизмтай холбоотой хэмээн тайлбарласан судалгаа Шинжлэх Ухааны Мэдээ сэтгүүлд хэвлэгджээ. Гэхдээ энэ чадвар дрожжийн эсэнд бас байдаг.
Олон улсын судлаачидын баг алтан загас болон хэлтэг загасны булчингуудад эсийн митохондри дотор нүүрс усыг задлахад оролцдог - (энерги үйлдвэрлэх гол түлхүүр) хоёр бүлэг уургууд агуулагдаж байдгийг олж тогтоожээ. Эдгээр уургийн нэг бүлэг нь бусад зүйлийн загаснуудад байдагтай адилхан бол нѳгѳѳ бүлэг нь хүчилтѳрѳгчгүй орчинд хүчтэй идэвхиждэг, мутацид орсон митохондрийн гадна талд этанол бий болгоход бодисын солилцооны субстрат дамжуулалтанд оролцдог уураг байна. Генетикийн анализ 8 сая жилийн ѳмнѳ алтан загас, хэлтэг загасны ерѳнхий нэг ѳвѳгт бүтэн геномийн дупликаци явагдсанар 2 бүлэг уураг бий болсон хэмээн батлаж байна.
Ливерпүүлын Их сургуулийн эволюцын физиологич Доктор Майкл Беребринк: “Европын хойд хэсгээр нутагладаг хэлтэг загас нь мѳсѳѳр хучигдсан цѳѳрмд хүчилтѳрѳгчгүйгээр хэдэн сар амьдрахад тэдний цусан дахь спиртийн агууламж нь 100 мл тутамд 50 мг –аас их байдаг, энэ нь манай орны согтуугаар жолоо барих хязгаараас ѳндѳр байгаа юм” хэмээжээ.
Хэдий тийм боловч энэ нѳхцѳл байдал нь эдгээр загаснуудын хувьд ѳдийг хүртэл сүүн хүчлээр биеэ дүүргэхээс хавьгүй дээр сонголт болсон юм. Хүчилтѳрѳгчгүй үед сүүн хүчил нь хүн болоод бусад сээр нуруутнуудын бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болдог.
Ослогийн Их сургуулийн Тэргүүлэх доктор Катерин Елизабет Фагернес: “Энэ судалгааны ажил маань биологийн шинэ тѳрѳл зүйл үүсэх эволюцид бүтэн геномын дупликаци явагдсаны дүнд байгалийн хатуу ширүүн нѳхцѳлд тѳрѳл зүйлийн дасан зохицолын асуудал хѳндсѳнѳѳрѳѳ онцлогтой” хэмээн дурьджээ.
Хэлтэг загас нь этанолыг бий болгосоноор байгалийн хатуу ширүүн нѳхцѳлийг ашиглан амьд үлдэхээс гадна, ѳрсѳлдѳѳнѳѳс зайлсхийж, махчин загаснуудаас зугатааж чаддаг байна.
“Хэлтэг загасны үеэл болох алтан загас хүний халамжин доорхи хамгийн чимээгүй тэжээмэл амьтан гэдэгтэй хэн ч маргаангүйгээр санал нийлэх бизээ.”
Мэдээллийн эх сурвалж: https://phys.org/news/2017-08-scientists-reveal-goldfish-alcohol-survive.html
Мэдээг бэлтгэсэн: Биофизикийн салбар