Вэбсайтын цэс
2019 ОНЫ ХИМИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ЛИТИЙН ИОНЫ БАТАРЕЙН СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТЭНД ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН ЭРДЭМТДЭД ОЛГОЛОО.
2019 ОНЫ ХИМИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ЛИТИЙН ИОНЫ БАТАРЕЙН СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТЭНД ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН ЭРДЭМТДЭД ОЛГОЛОО.

2019 оны 10 дугаар сарын 9 - нд Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн  шагналтнуудыг тодруулах хорооноос Химийн Салбарын Нобелийн шагналтнуудыг  зарлалаа.


 

§    АНУ-ын Бригхамтоны Их Сургуулийн профессор, химич M. Stanley Whittingham,

§  АНУ-ын Техасын Их Сургуулийн профессор, хатуу биеийн физикч John B. Goodenough,

§  Японы Асахи Касей корпорацийн хүндэт гишүүн, Миайжо Их Сургуулийн профессор, химич Akira Yoshino

нарыг литийн ионы батарейн судалгаа, хөгжүүлэлтийн ажлаар нь Нобелийн шагналын эздээр тодрууллаа.  

Гар утаснаас цүнхний компьютер, бүх төрлийн электроник төхөөрөмжүүд улмаар цахилгаан авто машин гээд литийн ионы батарей нь  нэгэнтээ  бидний амьдралын салшгүй хэрэглээ болжээ.  Энергийн өндөр  багтаамжтай, дотоод эсэргүүцэл багатай, аюулгүй, ашиглах хугацаа урт, хөнгөн зэрэг нь түүний онцлох давуу тал бөгөөд нарны болон салхин цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүчийг хадгалах найдвартай төхөөрөмж юм.

Литийн ионы батарей нь газрын тос, нүүрс зэрэг энергийн уламжлалт  үүсгүүрүүдээс үл хамаарах нийгмийг бүтээх боломжийг  хүн төрөлхтөнд олгоно. Энэ батарейны тусламжтайгаар дэлхий даяар хүмүүс  өөр хоорондоо чөлөөтэй харьцаж, ажиллаж, сурч, хөгжим сонсож, мэдээлэл дамжуулж, мэдлэгийг түгээж байна. Эрдэмтэд цахилгаан автомашин, автобус бүтээсэн нь машин үйлдвэрлэлийн салбарт “хувьсгал” болсон гэж үздэг. Техник, технологийн энэ дэвшил, ирж буй хиймэл оюун ухааны  эрин зууныг  чухамдаа литийн ионы батарейгүйгээр төсөөлөх аргагүй юм. Иймд 2019 оны химийн салбарын Нобелийн шагналыг литийн ионы батарейн судалгаа, хөгжүүлэлтэнд онцгой амжилт гаргасан эрдэмтдэд олгожээ.

Химийн Салбарын Нобелийн шагналтнуудыг зарлах хэвлэлийн хурлын үеэр химийн Нобелийн шагнал олгох хорооны гишүүн доктор, профессор Olof Ramstrom: - Литийн ионы батарейн судалгааны ажил нь шинжлэх ухааны салбар хоорондын огтлолцол юм.  Химич - физикч - инженер гэсэн хослол байж хамгийн сайн батарейг хийх болно гэж онцлон хэллээ.

2019 оны Химийн Салбарын Нобелийн шагналтнууд:

§  Английн химич, профессор M. Stanley Whittingham нь 1970 оноос хойш литийн ионы батарейн электродын материалын судалгааг явуулж, өөрийн бүтээсэн дахин цэнэглэгддэг литийн ионы батарейг танилцуулж байв. Тэрээр батарейн катодын материалд үелсэн бүтэц бүхий нэгдэл илүү тохиромжтой болохыг тогтоон, улмаар катод нь титаны дисулфид (TiS2), анод нь  лити – хөнгөнцагааны нэгдэл бүхий батарей гарган авсан байна. Гэвч анодын материал болох металл лити нь дахин цэнэглэгддэг, шингэн электролит бүхий батарейн хувьд аюулгүй ажиллагааны хангахгүй, тэсрэх аюултай байв.

§  Физикч, профессор John B. Good enough нь дахин цэнэглэгддэг литийн ионы батарейн катодын материалыг металлын оксид(CoO2) -оор  сольж,  илүү их хүчдэл гаргах боломжтойг нээсэн. Түүний дэвшүүлсэн  кобалтын оксид  катод бүхий батарей 4В хүчдэл гаргаж байсан нь өндөр багтаамжтай  литийн ионы батарейг үйлдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болсон.

§  Япон профессор Akira Yoshino литийн ионы батарейн анодын материалыг хөгжүүлсэн бөгөөд нүүрстөрөгчжүүлсэн  анод материалыг гарган авч, профессор John B. Goodenough -ын катодын материалыг ашиглан 1985 онд хамгийн анхны литийн ионы батарейг үйлдвэрлэн, худалдаанд гаргасан байна.

Эдгээр эрдэмтэд  хүн төрөлхтний хөгжил дэвшлийг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг болох энергийн шинэ үүсгүүрийг бий болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр нь энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болгожээ. Шагналыг 12-р сарын 10-нд буюу Алфред Нобелийн таалал төгссөн өдрөөр олгох бөгөөд шагналын хэмжээ 9 сая швед крон юм.

 

Г.Сэвжидсүрэн

Л. Сарантуяа,

Физик,  технологийн хүрээлэн


Бусад мэдээлэл