Вэбсайтын цэс
Олон улсын нейтриногийн туршилтын бүртгэх багажаар ажиглагдсан анхны бөөмсийн мөрүүд.
Олон улсын нейтриногийн туршилтын бүртгэх багажаар ажиглагдсан анхны бөөмсийн мөрүүд.

Баруун Европын Цөмийн Судалгааны  Байгууллага /CERN/ болон Ферми лаборатори  хамтран газрын гүний нейтриногийн туршилтын/ГГНТ, англиар Deep Underground Neutrino Experiment (DUNE)/ томоохон  үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Шингэн аргоноор хийсэн дэлхий дээрх хамгийн том нейтриногийн бүртгэх багаж/детектор/-аар бөөмийн мөрүүдийг анхлан бүртгэж  авсан нь олон улсын ГГНТ -ын түүхэнд шинэ хуудсыг нээлээ.

ГГНТ-ын шинжлэх ухааны зорилго нь ертөнцийн хамгийн түгээмэл, үндсэн бөөм болох нейтриногийн нууцыг тайлахад зориулагдсан. Нейтрино нь бидний эргэн тойронд оршиж байдаг боловч бид тэдний талаар маш бага мэддэг.

ГГНТ-ын хамтын ажиллагааны эрдэмтэд нейтрино нь физикийн шинжлэх ухааны хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох дараах асуултанд хариулахад тусалж магадгүй гэж бодож байна. Үүнд: яагаад бид эсрэг матери биш зөвхөн эерэг матери давамгайлсан ертөнцөд амьдардаг вэ? 
















Зураг 1. Энэ зураг нь CERN дэх ProtoDUNE детектороор бүртгэгдсэн анхны сансрын мюон бөөмийн мөрүүдийн нэгийг үзүүлсэн байна. Тус бүр нь мянга мянган бие биенээсээ үл хамаарах зураасыг агуулсан дээрх гурван хавтгай нь детектор доторх шингэн аргон руу ойролцоогоор 3.8 м нэвтэрсэн мюоны явсан замыг бичиж тэмдэглэсэн бөгөөд эдгээр зургууд нь хамтдаа бөөмийн явсан замын гурван хэмжээст зургийг өгдөг байна.

Хамгийн анхны ProtoDUNE детекторыг барихад 2 жил болсон ба  уг детекторийн хэмжилтийн орчинг хасах  -аас доош хэмийн температурт байрлуулж, хэмжилт хийх зорилгоор 800 тн шингэн аргоноор дүүргэхэд найман 7 хоног зарцуулсан байна.

CERN-ийн хурдасгуурын цогцолбор дээр гаргаж авсан бөөмсийн багц болон сансрын туяаны багцыг детектор дундуур нэвтрүүлж бөөмсийн мөрүүдийг бүртгэдэг. Анхны бөөмсийн мөрүүдийг  найдвартай бүртгэж чадсан учраас эрдэмтэд дараагийн хэдэн сарын турш  хэрэглэгдэж байгаа технологио илүү найдвартай шалгаж, сайн болон сул талуудыг нь нарийвчлан судлахаар төлөвлөж байна.

Анхны ProtoDUNE детекторын ажиллах зарчим, хэрэглэгдэж байгаа технологи нь АНУ-ын  Өмнөд Дакота дахь Стэнфордын Газар доорх судалгааны  1,6 км гүнд  орших байгууламж дээр явагдах ГГНТ-ын анхны DUNE детекторын технологитой  ижил байна. DUNE  туршилтанд 5 тивийн (Ази, Европ, Африк, Хойд болон Өмнөд Америк) 32 хотын 1000 гаруй эрдэмтэд, инженерүүд  оролцож, ГГНТ-ын детекторын технологийн шинэчлэл, детекторыг бүтээх загвар болон барилгын ажил дээр ажиллаж байна.

 














                 Зураг 2. Шингэн аргоноор дүүргэхээс өмнөх үеийн анхны protoDUNE детекторын дотор хэсэг.

ГГНТ нь бидний дэлхий ертөнцийг харах өнцгийг өөрчилж чадсан сүүлийн үеийн туршилтыг хийх зорилготой дэлхий дээрх нейтриногийн судалгаан дээр ажиллаж байгаа эрдэмтдийн хамгийн том хамтын ажиллагаа болох юм.

Бөөмсийн явсан мөрийг харсан нь DUNE хамтын ажиллагааны томоохон амжилт юм гэж тус хамтын ажиллагааны ерөнхийлэн удирдагч нарын нэг, Их Британийн Манчестерийн Их Сургуулийн эрдэмтэн Стефан Солднер-Ремболд ярьжээ.

DUNE хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн нейтриног судлаад зогсохгүй түүний анти-бөөмийг судлана. Анти-нейтрино, нейтриног зэрэгцүүлэн судалсанаар яагаад үзэгдэх ертөнц  анти-матери биш эерэг материас бүрэлдэн тогтдог вэ? гэдэг мэдээллийг бидэнд өгөх боломжтой болно.


Эх сурвалж: www.fnal.gov/dune

Мэдээ бэлтгэсэн: ФТХ-ЭБЦФ-ийн салбарын ЭШДаА Г.Оюунжаргал

 

 


Бусад мэдээлэл