ХЭТ ИХ МАССТАЙ ТЭНҮҮЛЧ ХАР НҮХ НЬ БИДНИЙ БОДСОНООС Ч ИХ
Харвард-Смитсоны
Астрофизикийн Төвийн одон орон судлаачдын удирдсан шинэ судалгаа нь хэт их
масстай хар нүхнүүдийн сүүлийн үеийн тоо нь бүрэн гүйцэд биш байгаа ба өвөрмөц
тэнүүчлэгчдийн тоо нэлээд байгаа гэдгийг
харуулж байгаа юм.
(Линз маягийн галактик GJ1417+52-д “тэнүүчилж” буй хар нүх.
Өргөн бүсийн, оптикийн гэрэлтэй гол зургийг NASA/ESA Хаббли Огторгуйн
Телескоп-с. Зүүн дээд өнцгийн жижиг хайрцганд хар нүх болон түүний эзэн
галактик байрласан байна. Зүүн талд нь GJ1417+52-н Хабблийн томруулсан
харагдац. Тойрогт XJ1417+52-той нийлсэн байж магадгүй галактикийн хойд хил
дээрх цэг шиг гэрэл үүсгэгчийг харуулав. Баруун талд хавсаргасан нь нил ягаан
өнгөөр NASA’s Chandra X-Ray Одон орныг судлах төвөөс гаргасан XJ1417+52-н
рентген зураг. Зурагны эх сурвалж: NASA/CXC/UNH/Lin et al./STScl.)
Нарны массаас 10-100 дахин их масстай хар нүхийг мөхсөн одны үлдэгдэл, харин хэт их масстай хар нүх нарны массаас 100,000-10 тэрбум дахин том байдаг. Ихэнх том хэмжээтэй галактикууд болон манай Сүүн зам галактикийн төвд хэт их масстай хар нүх оршдог гэж үздэг.
Тэдний масс (хэт их масстай хар нүхнүүдийн масс)-нь эзэн галактикийн дотоод хэсгүүдийн шинж чанартай холбоотой байдаг. Учир нь галактик бусад галактикуудтайгаа нэгдэж, галактик хоорондын орчноос матери оруулах замаар томордог ба галактик томрохын хэрээр хар нүх даган хувьсан хөгжиж байгаатай холбоотой байж магадгүй юм. Матери ийм замаар галактикийн төвийг бүрдүүлж, хэт их масстай хар нүхийг нэмж өргөсгөснөөр энэ нь идэвхтэй галактикийн цөмийг үүсгэж байдаг. Идэвхтэй галактикийн цөмөөс гарч буй урсгал эсвэл хариу үйлдэл нь галактик дахь оддын үүслийг зогсоохын тулд тасралтгүй ажилладаг.Орчин үеийн сансар судлалын симуляци нь орчлон ертөнцийн эхэн үеэс өнөөг хүртэлх галактик дахь оддын үүсэл болон хэт их масстай хар нүхний өсөлтийг тогтмол ялган таньдаг ба эдгээр дүрслэлүүдийгээ баталж байна. Нэгдэх үйл явц нь томорсон галактикийн төвөөс үл ялиг зайд орших хэт их масстай хар нүхнүүдийг аяндаа бий болгодог.
Дангаараа болон нийлсэн хэт их масстай хар нүх рүү хүрэх замнал төвөгтэй байдаг. Заримдаа хэт их масстай хос хар нүх эхлээд үүсээд дараа нь аажмаар нэгэн лүүгээ нэгдсэн байдаг. Мэдэгдэхүйц гравитацын долгионы ялгаралт энэ үйл явцаас төрж болно. Тэгсэн хэдий ч нэгдэх үйл явц нь заримдаа зогсолт хийж эсвэл устаж болдог. Яагаад гэдгийг ойлгох нь хэт их масстай хар нүхнүүдийн хувьслын гол таавруудын нэг.
Шинэ судалгааны дагуу зарим хэт их масстай хар нүхнүүд олон арван тэрбум жил хувьссаны дараа ч цөмдөө нэгддэггүй ба оронд нь галактик дундуур тэнүүчилж дуусдаг.
2016 онд одон орон судлаачид 4,5 тэрбум гэрлийн жилийн зайд байх галактикт тэнэж буй хар нүхийг олсон. Энэ нь линз хэлбэртэй галактик SDSS J141711.07+522540.8(GJ1417+52 богиносгож бичвэл)-н гадаад хүрээнд олдсон тэнүүлч хар нүх байсан юм. Нотолгоо нь энэ хар нүхний масс нь ойролцоогоор 100,000 нарны масстай тэнцэхүйц масстай ба өөрөөсөө илүү том хар нүхтэй мөргөлдсөн эсвэл одой дагуул галактикт байрладаг гэдгийг хэлж байна.
Харвардын Их Сургуулийн Хар Нүхний Үүсэл (Black Hole Initiative- BHI) болон Харвард Смитсоны Астрофизикийн Төвийн Др. Анжело Рикарте болон түүний хамтран ажиллагсад "Бид ROMULUS сансар судлалын симуляциар гало ( спираль галактикийн гадуур ажиглагдах сийрэг хий) төвүүдээсээ бие махбодын хувьд салаалсан гэж нэрлэгддэг тэнүүчилж буй хар нүхний тоог тодорхойлдог " хэмээн хэлжээ. "Одоо байгаа бусад ихэнх сансар судлалын симуляцуудаас энэ симуляцийн ялгаатай тал нь хар нүхнүүдийг дотоод хийн шинж чанарт нь үндэслэн хиймлээр үүсгэдэг бөгөөд гало төвдөө баригдалгүйгээр динамикаар хувьсахыг нь зөвшөөрдөг."
“Эдгээр хар нүхнүүдийг мөшгөснөөр галактикаас зайтай хар нүхний тоог баттай таамаглаж болно.”
ROMULUS сансар судлалын симуляцыг ашигласнаар одон орон судлаачид одоогийн орчлон ертөнц дахь хар нүхнүүдийн бараг 10% нь тэнүүлч байх магадлалтайг олсон. Их Тэсрэлтээс 2 тэрбум жил болон түүнээс бага хугацааны дараа орчлон ертөнцөд эдгээр тэнүүлчид илүү илэрхий харагдаж эхэлсэн ба оршиж буй хар нүхнүүдийн массын ихэнхийг нь тэнүүлчид агуулдаг байсан. Мэдээж судлаачид энэ зууны эхэн үед хэт их масстай хар нүхнээс ирж буй цацаргалтын ихэнхийг нь тэнүүлчид үүсгэдэг гэдгийг олж нээжээ.
“Тэнүүчилж буй хар нүхнүүдийн масс нь бараг цөмийнхөө массын хэмжээтэй ойролцоо мөн өмнө устсан дагуул галактикийн төвөөс үүссэн гэдгийг бид олсон” гэж судалгааны багийнхан хэлжээ.
“Эрчим ихтэй тэнүүлч хар нүх нь бусад хар нүхнээс илүү бага радиус, их масстай байдаг ба өөрсдийн эзэн галактикийн дундаж хавтгайтай илүү ойрхон эсвэл оддын хэт нягтралтай нийлсэн байдаг.”
“Ирээдүйн төслүүдэд бид илүү их нарийвчлалтайгаар тэнүүлчдийн тоог ажиглан судлах болно”
Мөн тэдний өгүүлэл Monthly Notices of the Royal Astronomical Society-д хэвлэгджээ. (Өгүүлэлийн линк - https://academic.oup.com/mnras/article-abstract/503/4/6098/6189716)
(Эх сурвалжууд -http://www.sci-news.com/astronomy/wandering-supermassive-black-holes-09987.html
http://www.sci-news.com/astronomy/wandering-black-hole-04257.html)