Вэбсайтын цэс
СОЁЛЫН ӨВИЙН МАТЕРИАЛЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
 СОЁЛЫН ӨВИЙН МАТЕРИАЛЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС

СОЁЛЫН ӨВИЙН МАТЕРИАЛЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС


Сүмийн барилгын сэргээн засварлалтанд шаардлагатай зөвлөмж боловсруулах зорилгоор Физик Технологийн хүрээлэнгийн Хэрэглээний Физикийн салбарын хамт олон Чойжин ламын музейн барилгын ханын материалын судалгаа болон дулааны алдагдалын хэмжилтийн судалгааг явуулж Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэнтэй хамтран ажиллаж байна.
Уран барилгын гайхамшиг болсон 15 байгууламж бүхий Чойжин ламын сүм цогцолбор нь 1908 онд Монголын төрийн сахиусны гүргэнбэ Лувсанхайдавын төр, шашныг сахин хамгаалах үйлст зориулан байгуулагдаж 2 жас, 50 орчим хурлын ламтайгаар 1930-аад оны сүүл үе хүртэл шашин номын үйл ажиллагаа явуулдаг байжээ.Монголын урчуудын бүтээсэн хосгүй үнэт бүтээлтэй уран барилгын хувьд 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнд шилжүүлсэн ба 1942 оноос музей болгон тусгай зочид, гадаадын элчин төлөөлөгчдөд үзүүлж байгаад 1962 оноос олон нийтэд нээлттэй музей болгосон байна. Тус музей нь Монгол улсын хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн, Өндөр гэгээн Занабазарын мутрын болон эд өлгийн зүйлийг хадгалж иржээ. Чойжин ламын сүмийн сэргээн засварлах ажлыг анх 1960-1961 онд эхлүүлж байсан бол 1970-аад онд сэргээн засварлах ажил үргэлжилж байжээ (www.templemuseum.mn).

          
                 Зураг 1. Чойжин ламын сүмийн хананы физик-шинж чанарын судалгаа

Сүм дуганы барилгын гаднах ханын түүхий тоосгыг хэрхэн үйлдвэрлэсэн, ямар шавраар хийсэн, ямар шохойн зуурмагаар өнгөлгөө хийснийг тогтооход эдгээрийн эрдсийн найрлагыг шалгах нь сэргээн засварлах үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байдаг. Эртний материалын үйлдвэрлэлийн технологийн судалгааны салшгүй хэсэг нь тухайн материалын түүхий эд болох шаврын гарал үүслийг тогтоох явдал юм. Шавар эдлэлийн эрдсийн найрлага, тоосго үйлдвэрлэхэд ашигласан шатаалтын горимыг тодорхойлох, нөгөөтэйгүүр, соёлын өвийн материалыг үл эвдэх буюу маш бага хэмжээний дээжид хэмжилт хийх  шаардлагатай. Эдгээрт нийцэх инфра улаан туяаны спектроскоп (FTIR, Fourier-Transform Infrared Spectroscopy), электрон микроскропийн (SEM/EDX, Scanning Electron Microscopy) спектроскопийн болон гравиметрийн аргыг (Ma et al., 2018; Xu et.al, 2019; Solongo et al., 2020) туршив. Тус Салбарын эрхлэгч доктор С.Саран нь энэхүү судалгааны ажлын хүрээнд, Чойжин ламын музейн Ядам сүмийн хэрэмнээс түүхий тоосго, тоосгоны хоорондох шавар, лагшим шохойн будагны суурь шавардлага гэсэн гурван төрлийн дээж авч судалгааг явуулсан. Инфра улаан гэрлийн спектрийн 3420см-1 харгалзах өргөн пик нь монтмориллонит шавраар хийсэн, 1427см-1–д харгалзах пик анхдагч шохойн чулуу (CaCO3) буйг харуулж байна. Шавардлага, лагшим шохойн суурь шавар болон түүхий тоосгоны спектрт төстэй байсан нь ижил түүхий эдээр үйлдвэрлэсэнг харууллаа. Өндөр температурт шатааж боловсруулаагүй, ижил төрлийн шавар ашигласан байна.

Электрон микроскопийн хэмжилтийн элементийн анализ хийх чадварт тулгуурлан тодорхойлсон дүнгээс монтмориллонит, цахиур, шохойн чулуу илэрч нил улаан гэрлийн спектрын хэмжилтийн үр дүнтэй нийцэж байна. Термогравиметрийн хэмжилтээр дегидрацийн болон дегидроксилацийн үеийн массын алдагдал тоосго болон шавардлагын дээжийн хувьд ижил байв.


            Зураг 2. Түүхийн тоосго, шавардлага болон шавар дээжийн ИК спектр


Зураг 3. Түүхийн тоосго, шавардлага болон шавар дээжийн электрон микроскопийн (SEM-EDX) хэмжилтийн дүн (500 дахин өсгөлт)


Зураг 4. Түүхийн тоосго, шавардлага болон шавар дээжийн термогравиметрийн хэмжилтийн үр дүн

Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Молор, Б.Мэндбаяр нар сүмийн барилгын дулааны ачаалал тооцоолох судалгааг явуулж урьдчилсан үр дүнг гарган авлаа.     
                                         Зураг 5. Дулааны ачааллын хэмжилт
                                        Зураг 6. Дулааны эсэргүүцэл болон нэвтрүүлэлтийн хэмжилт

Тоосгоны төрөл

Зузаан (см)

Дулааны эсэргүүцэл R утга (м20С/Вт)

Дулаан нэвтрүүлэлт U утга (Вт/м20С)

Хөх тоосго

5.5

0.2

5.03

Цагаан тоосго

5

0.32

3.1

 


Хэмжилтийн үр дүнгээс харахад Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн барилгыг 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд +5°C байлгахад шаардагдах нийт дулааны ачаалал нь 35кВт/цаг гарсан ба хамгийн их дулаан алдагдал (14 кВт/цаг)-г ханаараа алдаж 1м2–д 0,76кВт/цаг энерги шаардлагатай байна.
Түүх соёлын барилгад сөргөөр нөлөөлөх байгалийн болон хүний хүчин зүйлс, барилгын бүтцийн гэмтлийн хэмжээг тогтоон, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтанд шаардлагатай зөвлөмж боловсруулахаар ажиллаж эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхээр ажиллаж байна.


Бусад мэдээлэл