Батарей нь анод, катод, электролит хэмээх үндсэн 3-н хэсгээс бүрддэг. Бидний ашиглаж буй ихэнх дахин цэнэглэгддэг батарей буюу зөөврийн хэрэгслүүдэд ашиглагдаж байгаа батарейн хувьд шингэн электролитыг ашиглаж байна. Шингэн электролит нь аюулгүй ажиллагааны хувьд эрсдэлтэй буюу шатах тэсрэх аюултай гэж Penn State-ийн Их сургуулийн профессор Donghai Wang хэлжээ.
Судалгааны багийн гарган авсан шинэ материал нь натри, фосфор, цагаан тугалга, хүхэр зэрэг элементүүдээс бүрдэх бөгөөд кристалл бүтцийн хувьд тетрагональ бүтэцтэй. Натри нь литиг бодвол илүү олдоц сайтай байдаг учраас одоо бидний хэрэглэж буй лити-ионы батарейн технологиос илүү хямд байх юм. Хамгийн гол үзүүлэлт болох аюулгүй байдлын хувьд хэд дахин илүү байж чадах юм.
"Бидний гарган авсан материал нь өндөр температурт маш тогтвортой" гэж судалгааны багт зочин судлаачаар ажиллаж байгаа доктор Zhaoxin Yu хэлжээ. Хэрэв шингэн электролитыг 150 С - ээс дээш /Цельс/ температурт халаавал шатах, тэсрэх аюултай. Харин судлаачдын гарган авсан материал нь 400 С /Цельс/ хүртэлх температурт ажиллаж боломжтой ажээ.
Мэдээллийг бэлтгэсэн: ФТХ, Материал судлалын салбарын Хатуу биеийн физикийн лабораторийн эрхлэгч Л.Сарантуяа