2026.03.18 УБ хот
ШУА-ийн ФТХ-ийн Инновац, Технологийн салбараас “Электроникийн салбарын ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны 3-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. ФТХ-ийн ахмад эрдэмтдийн хийж бүтээсэн амжилтыг алдаршуулах зорилгоор нэрэмжит хурал зохион байгуулах, тэдний нэрэмжит танхим байгуулах зэрэг олон ажил хийдэг сайхан уламжлалтай билээ. Энэхүү бага хурал нь ФТХ анх байгуулагдсан үеэс эхлэн эх орондоо электрон багаж, хэмжлийн төхөөрөмж, автоматжуулалтын системийг хөгжүүлэх ажлын суурийг тавьсан шинийг санаачлагч, зохион бүтээгч инженер эрдэмтэн Гомбын Жаргалсайхан агсны шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүний амжилт бүтээлийг алдаршуулах, ажил мэргэжлийн замналыг дурсахад зориулсан юм. Тус эрдэм шинжилгээний бага хуралд "Г.Жаргалсайхан агсны ШУ-ны хөгжилд оруулсан хувь нэмэр" сэдвээр ФТХ-ийн Электроник, төхөөрөмж хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч доктор Ц.Хoс-Очир, "Электроникийн салбарын өнөө ба ирээдүй" сэдвээр докторант Б.Наранбат, Б.Зандан нар, "Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан болон цахилгаан хуримтлуурын судалгаа" сэдвээр ахмад ажилтан Ц.Энхмандал, Д.Энх-Амгалан нар, "Сэргээгдэх эрчим хүчний систем дэх чадлын электроникийн хөгжүүлэлт, чиг хандлага" сэдвээр МУИС-ийн доктор Д.Баясгалан нар тус тус илтгэл хэлэлцүүллээ.



Эрдэм шинжилгээний хурлын үеэр ФТХ-ийн захирал Ж.Даваасамбуу ФТХ-ийн Захиргааны зөвлөлийн 2026 оны 1 сарын 26-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Инновац, Технологийн салбарын “Электроник, төхөөрөмж хөгжүүлэлтийн лабораторийг зохион бүтээгч инженер эрдэмтэн Гомбын Жаргалсайхан агсны нэрэмжит болгосон тухай шийдвэрийг танилцуулсан. Түүнчлэн ФТХ-ийн II давхарт Г.Жаргалсайханы нэрэмжит буланг үр хүүхдүүдийн дэмжлэгээр тохижуулсан байна. Энэ буланд 1974-1980-иад онд Г.Жаргалсайхан агсны өөрийн хийсэн, мөн түүний удирдаж байсан ФТХ-ийн зохион бүтээх товчооны хамт олны бүтээсэн үйлдвэрийн телевизийн камерын систем, зүрхний цохилт хэмжигч, гялбалзалтын радиометр, импульсын генератор, MONEL-88 IP компьютер, хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авагч зэрэг 15 гаруй биет төхөөрөмжийг дэлгэн үзүүлсэн нь одоо ажиллаж буй ахмад үеийнхэнд дурсамжтай, залуу судлаачдын сонирхлыг татсан үзмэр болж олны талархалыг хүлээлээ. Өнөөдөр тус хүрээлэнгийн Инновац, Технологийн салбарын “электроник, төхөөрөмж хөгжүүлэлтийн лабораторид орчин үеийн электроник, хэмжилтийн техник, ухаалаг төхөөрөмж, инженерчлэлийн чиглэлээр судалгааг үргэлжлүүлэн, үндэсний технологийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байна. Цаашид энэхүү буланд ФТХ-ийн эрдэмтдийн бүтээлийн дээжээс тавьж олны хүртээл болгох болно.


Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд ФТХ-ийн захирал Академич Ж.Даваасамбуу хүрээлэнгийн нийт эрдэмтэн судлаачдын дунд нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, эцсийн бүтээгдэхүүн гаргах 75 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт бүхий инновацын төслийн сонгон шалгаруулалтыг зарласан. Энэ төслийн санхүүжилтийг зохион бүтээгч инженер Гомбын Жаргалсайхан агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж байгаа юм. Төслийг хэрэгжүүлснээр Монгол улсад электроник, инновац зохион бүтээлтийн өнөөгийн хөгжилд, залуу судлаачдыг хөгжүүлэхэд, инженерчлэлийн чиглэлийн судалгаанд жинтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. “Электроникийн салбарын ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулахад гүн тусалцаа үзүүлсэн ахмад эрдэмтэн Гомбын Жаргалсайхан агсны үр хүүхдүүд, хамт сурч, ажиллаж байсан нөхөд шавь нарт нь, хүрээлэнгийн хамт олонд талархаж байна.Бэлтгэсэн ФТХ-ийн ИТС-ын эрхлэгч Д.Өнөрбилэг