БНХАУ УЛСАД ДЭЛХИЙН АНХНЫ 20 МВТ СУУРИЛАГДСАН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ДАЛАЙН САЛХИН ТУРБИНЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СҮЛЖЭЭНД АМЖИЛТТАЙ ХОЛБОЛОО

 БНХАУ-н баруун өмнөд нутгийн эргээс зайдуу далайн бүсэд байрлах 20 МВт-н далайн салхин турбиныг амжилттай суурилуулж, тохируулан туршиж нэгдсэн сүлжээнд холбох ажиллагааг анх удаа 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр амжилттай гүйцэтгэсэн нь тус улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт технологийн томоохон дэвшил боллоо.

Салхин турбин нь далайн түвшнээс дээш 174 метр өндөрт бөгөөд энэ нь ойролцоогоор 58 давхар барилгын өндөртэй дүйцнэ. Харин роторын диаметр 300 метр, сэнсний далбаануудын хамрах талбай нь 7000 метр квадрат буюу 10 ширхэг стандарт хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ.

Нэг салхин турбин нь нэрлэсэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 80 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба ойролцоогоор 44,000 өрхийн жилийн эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна 22,000 орчим тонн нүүрсийг хэмнэх тооцоо гарчээ.
Аварга том хэмжээтэй салхин турбин бүтээхэд техникийн гол шинэлэг зүйл нь эрчим хүчний үйлдвэрлэлтийн үр ашгийг хамгийн их байлгах зорилгоор тусгайлан зохион бүтээсэн аэродинамик далбаанууд юм. Хөнгөн хийц болон дижитал интеграцийн ачаар энэхүү турбины 1 МВт-д ногдох жинг 20 гаруй хувиар бууруулжээ. Энэ нь салхины эрчим хүчний үр ашиг болон эрчим хүч үйлдвэрлэх чадварыг нь мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна.


БНХАУ-ын Фужиан мужийн өмнөд хэсэгт байрлах далайн салхин турбин

Энэхүү бүтээн байгуулалт эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс алслагдсан бүс нутагт, эх газраас илүү салхины нөөц ихтэй далайд салхин турбинуудыг байршуулах нь ирээдүйн эрчим хүчний гол эх үүсвэр болохыг батлан харууллаа. БНХАУ дотооддоо төдийгүй дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний салбарт технологийн стандартыг тогтоож, уламжлалт түлшнээс хараат бус ногоон ирээдүй рүү хөтөлж байна.
Эх сурвалж: https://english.news.cn/20260206/6284ae94dd044088b2275dea43abdf6a/c.html

Бэлтгэсэн: СЭХ-ний лабораторийн ЭШДаА Э.Алтанзаяа


Бусад мэдээлэл