ЭЛСЭН БАТАРЕЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Элсэн батарей нь сэргээгдэх эрчим хүчний хуримтлалын технологийг үндсээр нь өөрчлөх боломжтой. Энэхүү систем нь чулуужсан түлшний хэрэглээгүйгээр цахилгаан сүлжээг тэнцвэржүүлэх, дулаан үйлдвэрлэх өндөр үр ашигтай шийдлийг санал болгодог. Уг технологи нь зардлыг бууруулж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ аж үйлдвэрийн салбарт салхи, нарны эрчим хүчний хэрэглээг хэрхэн өргөжиж буйг харуулж байна.
Элсэн батарей нь элс болон түүнтэй адилтгах мөхлөгт материалыг ашиглан эрчим хүчийг дулааны энерги хэлбэрээр хуримтлуулдаг, өндөр температурт ажиллах том оврын дулааны энергийн хуримтлуурын систем юм.

Үндсэн зорилго нь илүүдэл салхи, нарны эрчим хүчийг хуримтлуулах, цахилгаан сүлжээг тэнцвэржүүлэх, ямар нэг шаталтын процессгүйгээр дулаан үйлдвэрлэхэд оршино. Энэхүү технологи нь нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд тусалж, аж ахуйн нэгжүүдэд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг уур амьсгалын зорилтуудаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний зардлаа мэдэгдэхүйц бууруулах боломжийг олгодог.
“Элсэн батарей” гэх нэр томьёо нь 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр BBC News агентлагийн байгаль орчны сурвалжлагч Мэтт МакГратын бэлтгэсэн сурвалжаар олон нийтийн хүртээл болсон. Тус сурвалжид Финландын Канкаанпяа хотод байрлах дэлхийн анхны элсэн батарейг онцолж байжээ.
Финланд дахь дэлхийн анхны элсэн батарей
“Polar Night Energy” компани нь Финланд Улсын Канкаанпяа хотод үйл ажиллагаа явуулдаг “Vatajankoski” компанид зориулан дэлхийд анхдагч хэрэглээний зориулалттай элсэн батарейг бүтээн босгож, өнөөг хүртэл амжилттай ажиллуулж байна. 200 кВт-ын хүчин чадалтай, 8 МВтц багтаамж бүхий элсэн батарей нь 7 метр өндөр, ойролцоогоор 4 метр диаметртэй байгууламж юм. Энэ нь тус нутгийн 100 тонн элсийг хуримтлуулан орон сууц, барилгууд, тэр дундаа хотын усан бассейныг халаах дулаан түгээх сүлжээнд холбогдон ажиллаж байна.

Уг систем нь 60–70%-ийн үр ашигтай ажилласан нь хүлээлтэд нийцсэн үзүүлэлт байв. Том оврын элсэн батарейнууд илүү өндөр үр ашигтай ажиллах бөгөөд цар хүрээ нэмэгдэх тусам үр ашиг нь өсдөг. Тухайлбал, 2МВт-ын элсэн батарейны үр ашиг ойролцоогоор 85%, харин 10 МВт-ын элсэн батарейных 90% байдаг байна.
Дэлхийн хамгийн том элсэн батарей
“Loviisan Lämpö” компани 2025 оны 6-р сард дэлхийн хамгийн том элсэн батарейг ашиглалтад оруулсан. “Polar Night Energy”-ийн бүтээсэн аж үйлдвэрийн хэмжээний энэхүү элсэн батарей одоо Финландын Порнайнен хотын дулаан түгээх сүлжээний үндсэн үйлдвэрлэлийн байгууламж болж байна.

Шинэ элсэн батарей нь 1 МВт дулааны хүчин чадал, 100 МВтц хадгалах багтаамжтай бөгөөд энэ нь 2022 онд Канкаанпяад ашиглалтад орсон элсэн батарейгаас арав дахин том юм. 13 метр өндөр, 15 метр өргөнтэй энэхүү байгууламж нь дулааны орчин болгон ойролцоогоор 2,000 тонн буталсан стеатит (савангийн чулуу) агуулж байна.
Элсэн батарейн дизайн
Элсэн батарейны хуримтлуурын хэсэг нь дулаан тусгаарлах том сав бөгөөд ихэвчлэн 10-аас 15 метр өндөр, багтаамжаасаа хамааран 4-өөс 30 метрийн диаметртэй байдаг. Модульчлагдсан бүтэц нь дахин зураг төсөл шаардахгүйгээр багтаамжийг уян хатан тохируулах боломжийг олгодог.

Цэнэг хуримтлуулах болон цэнэг ялгаруулах процесс нь хаалттай хэлхээ бүхий агаарын эргэлтийн системээр явагдана. Цэнэглэх горимын үед агаарыг цахилгаан эсэргүүцлийн халаагуураар халааж, үйлдвэрийн үлээгүүрийн тусламжтайгаар дулаан дамжуулах хоолойгоор эргэлдүүлэн дулаан хуримтлуурт дамжуулна. Агаарын урсгалын хэмжээ болон хурдыг тохируулагчаар удирдана.
Харин цэнэг ялгаруулах буюу ашиглах горимын үед халсан дулаан хуримтлуулагчаас дулааныг агаарын урсгалаар дамжуулан авч, дулаан солилцуураар хэрэглээний системд шилжүүлнэ. Ийнхүү хаалттай эргэлтийн системийн тусламжтайгаар дулааныг хуримтлуулах болон ашиглах процесс тасралтгүй, үр ашигтай явагдана.
Элсэн батарейн хэрэглээ
Эрчим хүчний салбарын байгууллагууд болон аж үйлдвэрийн компаниуд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд уур амьсгалд ээлтэй технологи руу эрчимтэй шилжиж буй энэ үед элсэн батарей нь одоо ашиглагдаж буй дэд бүтэцтэй уялдан ажиллах өндөр дасан зохицох чадвараараа онцлог юм. “Polar Night Energy”-ийн үйлчлүүлэгчдийн хүрээнд эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд, төвлөрсөн дулаан түгээгчид, орон зайн халаалт шаарддаг томоохон нийтийн болон орон сууцны цогцолборын операторууд, мөн өндөр температурт үйлдвэрлэл хийдэг дараах салбарууд багтана:
- Хүнс, ундааны үйлдвэрлэл
- Целлюлоз, цаасны үйлдвэрлэл
- Нэхмэл, хувцасны үйлдвэрлэл
- Металлурги, уул уурхай, ашигт малтмалын салбар
- Хими, эм зүйн үйлдвэрлэл
Элсэн батарей нь 60–400°C-ийн температурт процессын дулаан шаарддаг хэрэглээнд онцгой үр дүнтэй бөгөөд энэ температурын мужийг өнөөгийн байдлаар ихэвчлэн байгалийн хий эсвэл газрын тосны түлшээр хангадаг.
Элсэн батарей нь нэгдсэн үндэстний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилтууд, ялангуяа хямд цэвэр эрчим хүч, аж үйлдвэрийн инновац, хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл зэрэгт шууд хувь нэмэр оруулж байна. Уг технологийн түүхий эдийн уян хатан чанар нь эдийн засгийн зарчимтай нийцэж, хомсдлын эрсдэлийг бууруулдаг. Цаашид хуримтлагдсан дулааныг цахилгаан эрчим хүч болгон хувиргах хөрвүүлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх, өндөр температурын (400°C-ээс дээш) хэрэглээнд тохируулах судалгаа нь тус технологийн үр нөлөөг улам өргөжүүлсээр байна.
Мэдээ бэлтгэсэн:
Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн ЭШДаА Р.Саруултуяа
2026/05/12
Эх сурвалж: https://polarnightenergy.com/news/what-is-a-sand-battery/
Бусад мэдээлэл