Археологийн судалгааны олон чухал ажлын нэг
нь тухайн соёлын үнэт зүйлсийг иж бүрнээр нь судлах асуудал байдаг. Үүний үр
дүнд бид өнгөрсөн үед зочилж, улмаар соёл иргэншил болон этник бүлгүүдийн
үүсэл, хөгжлийг илүү сайн ойлгох боломжтой болдог. Соёлын үнэт зүйлс нь онцгой
үнэ цэнэтэй, дахин давтагдашгүй байх ба тэдгээрийг үл эвдэх сорилын дэвшилтэт
аргуудыг ашиглан судлах шаардлагатай байдаг.
Дэвшилтэт аргуудын нэг нь цөмийн технологид
суурилсан нейтрон радиограф, томографын арга юм. Энэ арга нь нейтрон цацрагийн
багцыг ашиглах ба судалж буй объектын дотоод бүтцийн талаарх маш нарийн мэдээллийг
өгдөг. Дээжид агуулагдах химийн олон элементүүдийн нейтрон цацрагтай харилцан
үйлчилж түүнийг шингээх бүрэн огтлол ялгаатай байдаг учраас энэ арга нь судалж
буй объектын
миллиметрээс бага орон зайн нарийвчлал бүхий гурван хэмжээст моделийг байгуулж
дүрсжүүлэх, улмаар дотоод гетероген байдал, мөн
найрлагын түгэлтийг нарийвчлан судлах боломжийг олгодог.
S.E. Kichanov болон D.P. Kozlenko нарын
судлаачид 2014 онд ОХУ-ын Твер мужаас олдсон соёлын үнэт зүйлс болох хоёр салаа
бугуйвч болон гоёлын зүүлтний хэлтэрхийнүүдийг нейтрон томографын аргаар
судалсан байна.
Тэдгээр зүйлсийн дотоод бүтцийн талаарх
мэдээллийг олж авахын тулд судлаачид *CCD чипт тулгуурласан өндөр мэдрэмжтэй
камер, мөн LiF/ZnS сцинтиллятор бүхий детекторын системийг ашиглан өндөр
урсгалтай, импульсийн IBR-2
реакторын 14-р багцын шугамын нейтрон радиограф, томографын байгууламжид цуврал
туршилтуудыг явуулсан байна.
Судалгааны объектын анализыг хийх зорилгоор гурван хэмжээст моделийг нейтрон радиографын олон өнцгийн проекц тусгалуудаас сэргээн босгосон байна. Сэргээж авсан гурван хэмжээст модель нь 3D пиксель (voxel)-үүдийн гурван хэмжээст олонлог юм. Тухайн байгуулсан гурван хэмжээст объектын пиксель бүр нь уг дээжийн тодорхой цэг дээрх нейтрон цацрагийн багцын эрчмийн бууралт (attenuation)-ын зэргээс хамаарсан орон зайн координатын болон саарал түвшин (grayscale)-ний утгуудаар тодорхойлогдоно. Нейтрон радиографын олон зургаас томограф сэргээлтийн дараа байгуулсан виртуал гурван хэмжээст модель нь тус объектүүдийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг дээжийг гэмтээхгүйгээр дүрсжүүлэн харж судлах боломжийг олгожээ.
Зураг 1-ийн a-д гоёлын зүүлтний хэлтэрхийн бодит зургийг, б-д уг дээжийн нейтрон томографын тусламжтайгаар сэргээн байгуулсан виртуал, гурван хэмжээст моделийг тус тус харуулав.
Зураг
1. 5 см өндөртэй зүүлт (а) ба түүний гурван хэмжээст модель (b).
Гурван хэмжээст модельд хийсэн анализаас
үзэхэд олон нугалаас бүхий гадна талын өргөн цагираг нь тухайн объектын их
бие бөгөөд чимэглэлийн бусад зүйлсийг уг цагирагт бэхэлж тогтоосон байна. Мөн
цагирагны гадуур байгаа нарийн утас нь уг зүүлтний бэхэлгээ байдлаар
хэрэглэгдсэн байгааг илрүүлсэн байна.
* CCD нь “Charged Coupled Device” гэсэн үгсийн
товчлол. Уг мэдрэгч нь гэрлийг дижитал өгөгдөлд хувиргадаг бөгөөд дижитал болон
видео камеруудад түгээмэл хэрэглэгддэг.
Эх сурвалж: S.E. Kichanov, D.P. Kozlenko et
al, “A Study of the Archeological Objects by Means of a Neutron Tomography
Method”, JINR NEWS, 1/2017
Мэдээ орчуулж, бэлтгэсэн: Эгэл бөөм, цөмийн
физикийн салбарын ЭШДэА А.Төрсүх