БИД ЯАГААД ОДОО ХҮРТЭЛ НИСДЭГ МАШИНТАЙ
БОЛООГҮЙ БАЙНА ВЭ?
Түгжрэлд нэг газраа 2 цагийн турш зогсохдоо машинтайгаа нисээд явчих юмсан гэж бодож байсан уу? Хүн бүр л ганцхан товч дараад машинаасаа сэнс гаргаж ирээд нисээд явах мөрөөдөлтэй байдаг. Ямар ч тээврийн компани нисдэг машин үйлдвэрлэхэд харамгүй мөнгө зарцуулахад бэлэн байдаг байхад яагаад бид одоог хүртэл нисдэг машинтай болоогүй л байгаа юм бэ? 1903 оны 12 сарын 3-д Wright-н ах дүүсийн туршилт амжилттай болж хүн төрөлхтөн анхны нислэгийг амжилттай хийсэн. Тухайн төхөөрөмж нь инженерийн маш нарийн шийдлүүдийн цогц, сод бүтээл байсан. Одоогоос 100-аад жилийн өмнө үүсэж хэд дахин шинэчлэгдэн сайжирсаар олон зуун хүн болон хэдэн мянган кг ачааг зөөвөрлөх чадалтай болсон хэрнээ бидний өдөр тутмын хэрэглээнд яагаад одоо хүртэл нисдэг машин ашиглагдаагүй байна вэ?
Дээрх асуултуудад хариулахын тулд хэд хэдэн хүчин зүйлийг тоочих ёстой. Хамгийн гол хүчин зүйл бол машин нь бат бөх, онгоц нь хөнгөн байх ёстой гэсэн 2 чанарыг нэгтгэж чадахгүй байгаад оршино. Машин нь бартаат зам гэх мэтэд тэсвэртэй, маш аюулгүй байх ёстой. Аюулгүй байлгахыг хүсч, хамгаалалтаа сайжруулж тоноглол нэмбэл машин улам л хүнд болдог. Харин онгоц агаарт аюулгүй нисэхийн тулд маш хөнгөн байх ёстой. Энэ эсрэгцэлийг давхцуулахын тулд нисдэг машины загвар дээр ажиллаж буй инженерүүдэд тэнцвэргүй байх, жин тохирохгүй байх гэсэн асуудлууд тулгардаг. Ийм загвар гаргахын тулд маш нарийн тооцооллыг хийж, бүх ангиудыг сонгож, байхгүйг зохион бүтээх, өөрсдийн загварт тааруулан бий болгох зэрэг асар их ажил,
тооцоолол хийгддэг нь ойлгомжтой. 1970 онд Ford 25000 ширхэг аэрокар буюу нисдэг машиныг зах зээлд гаргахаар төлөвлөж, эдгээр машиныг жолоодох хүмүүсийг хүртэл бэлтгэж байсан. Гэхдээ тухайн загвар нь хуульчид болон бусад инженерүүдийн шүүмжлэлд өртсөнөөр цуцлагдаж байсан. Үүний дараа Ford-н инженерүүд хэлэхдээ хүмүүсийг стандарт хангагдахуйц аюулгүй зорчуулах нь онгоцны хурдан байх чанарт өөрөөр хэлбэл онгоцыг ашигтай ажиллахад нь саад учруулах юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөнгөн мөртлөө бат бөх материал болох нүүрстөрөгчийн утсыг (carbon fiber) хэрэглээнд нэвтрүүлэх судалгаа ихээр хийгдэж байгаа тул бидний зорилго биелэхэд ойр болж байна.
Мөн түүнчлэн авто замын түгжрэл, замын эвдрэл, ууртай жолоочдыг эс тооцвол тээврийн хэрэгслээр зорчино гэдэг нь маш энгийн зүйл. Тээврийн хэрэгсэлд сууна, хүрэх газар руу хязгааргүй боломжит замуудаас аль нэгийг сонгон явна, тэгээд бууна. Ийм энгийн хэрэгцээгээ хангахын тулд тухайн тээврийн хэрэгсэл бас л энгийн байх ёстой. Нисдэг машиныг замаар болон агаараар явуулахад нэг их энерги зарцуулахгүй ч гэсэн тэднийг дээш нисгэх болон аюулгүй буулгахад илүү их энерги зарцуулна. Өөрөөр хэлбэл түлш. Бид байгальд ээлтэй, түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийг сонгохыг илүүд үзэж байгаа үзэл баримтлалтай нисдэг машин нь бас л таарахгүй нь.
Бид хэдий нисдэг машинтай болохыг хүсдэг ч одоогийн нөхцөлд энэ нь хэтэрхий үнэтэй тусна гэдгийг ойлгодоггүй. Хамгийн энгийнээр тайлбарлавал хэрвээ нисдэг машинтай болбол бид маш үнэтэй нисдэг машин авах хэрэгтэй, үнэтэй түлш хэрэглэнэ, түлш тань хурдан дуусна. Мөн машины үнэмлэх гэж байдагтай адил нисдэг машины үнэмлэх авна. Үүний оронд машинтайгаа онгоцны буудал ороод онгоцоор нисээд, буугаад машин хөлслөөд явбал аль нь илүү амар хялбар, хямд сонсогдож байна вэ?
Гэхдээ бид одоогийн ухаалаг гар утсыг боломжгүй мэтээр төсөөлж байсан үе бий учир инженерүүдийн ачаар бидний нисдэг машинтай болох боломж өмнөхөөс хэд дахин ихэсч байгаад итгэх хэрэгтэй.
Мэдээ бэлтгэсэн: Хэрэглээний физикийн салбар ЭШДаА П.Батцэнгүүн