БУРХАН БАГШИЙН СУРГААЛ БА МОНГОЛ ОРОН
Их суутнуудыг төрүүлсэн Энэтхэг орны зохиогчид, жүжигчид, хүн ба хүмүүн төрөлхтний амьдрал, хөгжил дэвшлийн мөн чанарт хүрсэн Будда бурхан түүний гэгээн сургаал хэрхэн бий болсныг харуулсан 50 гаруй ангит уран сайхны киног Монгол түмэндээ толилуулсан нь сүсэгтэн олон, нийт ард түмэн талархан шимтэн үзсэн билээ. Цаг төрийн энэ ээдрээтэй бөгөөд Монгол орон хөгжлийнхөө дараачийн шинэ үе, шинэ 30 жилийн хөгжилд орж буй энэхүү торгон мөчид уг кино бид бүгдэд хүртээл болсон нь Монголчууд бид туулж өнгөрүүлсэн амьдрал, хөгжил, цэцэглэлтээ дүгнэж, ирээдүйн баясгалант амьдралыг цогцлоон байгуулахад санаа авч шинэ Монголыг бүтээн байгуулахад үнэтэй сургамж, хөгжлийн замын гэрэл, луужин нь боллоо. Бурханы сургаал нь зөвхөн хувь хүн, хүмүүн төрөлхтөн, амьд ертөнцийн мөн чанарт хүрээд зогсохгүй биднийг хүрээлэн буй бүх хорвоо ертөнцийн нууцыг тайлжээ. Орчлон хорвоогийн нэгэн нийтлэг мөн чанар бол бүх юм үүсэлтэй, хөгжилтэй, төгсгөлтэй. Үүсэл нь хэзээ хаанаас эхлэлтэй, хэзээ хаана хүрч төгсөхийг мэдэх хувь тавилан байхгүй учир үүнийг хоосон чанар гэжээ. Харин аливаа нэг юмны үүслээс төгсгөл хүртэлх замын зургийг гаргаж болдог нь хүний оюун ухааны гайхамшиг гэлтэй. Энэ нь бага сургуулийн А-цэгээс В-цэг хүртэл явах аливаа нэг биеийн замын бодлого гэсэн үг. Бүх ертөнцийн хөгжлийн замын зураг нэгэн гайхамшигтай нийтлэг зарчимд тулгуурласан нь тэр нь аливаа нэг юмны хөдөлгөөн хэмнэлтийн горимоор явагддагт оршино. Хөдөлгөөн гэдэгт нь бүх юмны байх, мөнх оршихын амин сүнс нь болой. Хөдөлгөөн зогсоно гэдэг нь аливаа юм хоосон болон хувирна гэсэн үг. Физикийн шинжлэх ухаанд аливаа нэг биеийн А-цэгээс В-цэг хүртэлх хөдөлгөөний хэмнэлтийн зарчим нь түүний үйлчлэл буюу зарцуулсан энергий хамгийн бага байх тийм замыг сонгодог байна. Үүнийг физикт хамгийн бага үйлчлэлийн зарчим гэнэ. Бидний амьдралд нийтлэг тохиолддог хамгийн бага зардлаар олон газар ачаа хүргэх бодлого нь математикийн хэллэгээр шугаман програмчлал буюу хамгийн зохимжтой замын сонголтыг гаргадаг компьютерийн программ болно. Орчлонгийн бүх юмс, түүний дотор хувь хүний амьдрал төрснөөс үхэх хүртэлх замын зураг нь хэмнэлтийн буюу гэгээлэг гэрлэн зам мөн. Энэ замыг яаж сонгохыг Бурхан багш бидэнд зааж сургажээ. Хүн төрөөд үхэх хүртлээ амьдралын хязгааргүй олон боломжийн замаар явах хувь тавилан бий гэвч тохиолдлын гэмээр зөвхөн цорын ганц замыг сонгох цаг хугацааны хязгаарлалт байдаг. Боломжтой бүх замыг туулах нь хязгааргүй урт удаан цаг хугацааг шаарддаг учир ийм боломж ертөнцийн аливаа нэг юманд огт заяагаагүй билээ. Харин өнгөрсөн зуунд нээсэн атом, цөмийн бүтцийг бүрэлдүүлэгч эгэл бөөмс А-цэгээс В-цэг хүртэлх бүх боломжтой замаар нэг зэрэг явсан тийм сонин дүр зургийг гаргадаг нь одоогоор тайлагдаагүй оньсого хэвээрээ үлдсэн. Үүнийг бөөм, долгионы хоёрдмол шинж гэж нэрлэнэ. Бүх сайн, муу бүрдсэн ээдрээтэй, бартаатай, үхэл зовлонтой, баяр баясгалантай, амжилт бүтээлтэй, урт удаан амьдралын замыг сонгох нь зөвхөн хувь хүн өөрөөс чинь хамаарна гэж бурхан багш сургасан байна. Би хэдийгээр бурхан ч гэлээ та нарын амьдралын замыг хөтлөгч нь биш харин та нар түүнийг бүтээгчид би бол зөвхөн сонгосон замаар чинь яаж явахыг л сургаж чадна гэжээ. Нэгэнт сонгосон амьдралын замаар явахад чинь тус болох оюун санааны гайхамшигтай хэд хэдэн энгийн бөгөөд нийтлэг зарчмуудыг бурхан багш хүн төрөлхтөнд зааж, сургажээ. Түүний хамгийн гайхамшигтай зарчим бол хувь хүн та өөрөө Будда бурхан. Харин түүнийг өөрийн дотоод сэтгэл, ухамсартаа
суулгахад чинь миний сургаал хэрэг болно гэж үзжээ. Тэрнээс биш бурхан гэдэг нь ид шидтэй, болохгүй юмыг болгодог, хий хоосныг бүтээдэг, зовлонг үгүй хийдэг, баяр баясгаланг авчирдаг далдын хүч биш ээ гэдгийг бидэнд ойлгуулж өглөө.
Мэдээж олон зуу, олон мянган жилийн турш бурханы анхдагч сургаал шинэ санаа номлолоор баяжигдаж, зарим талаар гажигдаж, гол санаа нь бүрхэг болох зэрэг нь ертөнцийн хөгжлийн жам ёс юм. Цаг ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг хувьсамтгай ертөнцөд яг хатуу тогтсон жам ёс, зарчим байх ёсгүй. Хөгжил, хөдөлгөөний явцад үргэлжид баяжигдаж байх учиртай.
Одод хорвоог оролцуулаад бүх ертөнцийн бүтэц тоон хязгаартай. Жишээ нь бүх хорвоо ертөнц ердөө нэгийн ард 86 тэгтэй тоотой тэнцэх тийм эгэл хэсэг – эгэл бөөмсөөс тогтжээ. Тиймээс ч орчлонгийн хөгжил хөдөлгөөн хэмнэлтийн горим буюу энерги хадгалагдах зарчмыг сонгосон. Хувь хүний богинохон амьдрал байгалийн энэхүү жам ёсыг дагана. Төрөхөөс эхлээд үхэх хүртлээ хувь хүн хэмнэлтийн горимоор амьдрах хувь тавилантай ч бидний мунхаг шунал, хүсэл тэмүүлэл нь замын зургийн хэмнэлтийн горимоос гажиж, хөрөнгө мөнгө, эд барааны илүүдэлд баригдан улмаар түүнийхээ боол нь болж зовлонд учирдаг болохыг Будда бурхан яруу тодоор, ойлгомжтой хэлбэрээр сургасан байна.
Олон мянганы турш бурханы сургаалыг гээлгүй бидэндээ өвлүүлэн авч ирсэн өвөг дээдэс, лам хуваргууддаа мэхийн хүндэтгэл үзүүлэх нь залуу үеийнхний зүрх зориг билээ. Өнгөрсөн он жилүүдэд лам хуваргууд маань гал усан дундуур явж, гай зовлон үхэл хагацлыг үзэж, өнөө цагийн жаргалын оронд хүрч ирсэн түүхтэй.
Орчин цагийн хөрөнгө мөнгө, эд бараа илүүдсэн, шинжлэх ухаан техникийн гайхамшигтай хөгжлийн цаг үед хүний амьдралын сайн сайхан, гэгээлэг замын зургийг хүн бүрт хэвшүүлэхэд Бурханы сургаал юу юунаас чухал болж байна. Бурханы сургаалд заахдаа хий хоосныг бишрэн шүтэж, үүний улмаас янз бүрийн зан үйл, бариа засал, мэрэг төлөг тавих, он цаг өдрийг сайн муугаар ялгах, биднээс зуу зуун сая гэрлийн жилийн зайнд байгаа од эрхэс бидний амьдралын хувь тавиланг жолооддог гэх мэт мунхаглал нь хүнийг төөрөгдөлд оруулан, түүний гэгээлэг амьдралыг бий болгогч бясалгал, сэтгэн бодох ур чадварыг мунхруулдаг болохыг яруу тодоор бидэндээ зааж сургалаа. Хүнийг төөрөгдөлд оруулдаг дээрх төрлийн зан үйл, бусармаг ажиллагаа нь бурханы сургаалыг далимдуулан мөнгөжих, хөлжих нэгэн арга зам гэж Будда бурхан үзжээ. Жишээ нь хар тахалтай энэ жил олон айл өрх, хувь хүмүүс жилийнхээ заслыг Гандандаа очиж хийж чадаагүй ч одоо бүгдээрээ эрүүл саруул, өвчин зовлонгүй сайхан амьдарч болоод л байна. Оюутан, сурагч ямар дүн авах бол гэж мэрэг төлөг тавиулахын оронд шалгалтын билетээ дахин дахин унших хэрэгтэй болж байна. Замын ерөөл авахуулсан юм чинь 100 миллээр давхиад л байдаг хэргээ гээд аваарт орж болохгүй боллоо. Жилийнхээ заслыг хийлгэсэн юм чинь байна гээд тэр жилдээ хянуур болгоомжгүй, бие сэтгэлээ тайвшруулж, хэнэггүй амьдарч болохгүй боллоо.
Бурхан багшийн сургаалд аливаа юманд өөрийн гэсэн бодолтой, амар тайван сэтгэж, хувьсамтгай нийгэмд дундыг барин, олныхоо дунд нэр хүндтэй, тэднийг
баярлуулан, баярын нулимсийг нь асгаруулах тийм үйл хэрэг, ажил төрөл, тусч амьдралаараа үлгэр жишээ явах нь таны амьдралын алтан шар зам гэжээ. Орчлонгийн нэгэн гайхамшигтай зарчим бол аливаа юм энгийн байх нь түүний төгс төгөлдөрийн илрэл юм. Өөртөө илүүдэл юмс хурааж, хуримтлуулах нь зовлонд учрахын нэгэн хэлбэр гэж бурхан багш заасан байна. Хөрөнгөт нийгмийг сонгосон бидний хувьд хөгжлийнхөө эхэн үед аливаа юманд шохоорхон, бие биенээсээ өрсөн хөрөнгө мөнгөтэй болох сониуч зан нь өвөг дээдсийн маань хоёр идэхгүй хоосон хонохгүй гэсэн гайхамшигтай энгийн зарчим алдагдаж, улмаар хөрөнгө мөнгөний далайд живэх шахам болж байгааг бид анхаарах ёстой. Жишээ нь танан цагаан гэрээ хоёр өрөөгөөр сольж, түүнийгээ гурван өрөө, цаашлаад хаустай болох шунал, унадаг морио орчин үеийн хөнгөн тэргээр сольж, түүнийгээ өндөр үнэтэй жип машин болгох шунал, хурган дотортой монгол дээлээ ноорхон шубаар солих гэсэн шунал, олон арван мянган хундан цагаан хониныхоо аминд хүрч нүгэл үйлдэн Цагаан сараараа ууц тавьдаг өрсөлдөөн гэх мэт бэл бэнчинтэйгээ харуулах гэсэн юм шиг хэнээрхэлийн өрсөлдөөн, малчин удмын бидний үр садад уг нь огт хэрэггүй зүйл болохыг Бурханы сургаал бидэнд зааж өглөө. Манай лам хуваргууд, багш нарын хувьд шар торгон орхимж, ганган гар утас, өндөр үнэтэй жип машинаараа гангарах нь бас л Бурханы сургаалд харш болох нь тэр.
13-р зууны Их Монгол гүрний буурь туурийг сахин үлдсэн бидний буурай цөөхөн Монголчуудад олон шашны урсгал огт хэрэггүй боллоо. Хувь хүний эрх чөлөө, хүсэл тэмүүлэл нь ард олон, улс нийтийн эрх ашигт ямагт захирагдах тул хувь хүн шүтэн бишрэх, аливаа нэг шашинд орох нь төрөөс хязгаар тогтоох амин чухал асуудлуудын нэг мөн. Ард олныг үзэл суртал, шашин шүтлэгээр нь талцуулан, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болгох нь Монгол орны хөгжлийн замд засч болмооргүй саад тотгор болно. Яагаад гэвэл ертөнцийн хөдлөшгүй хууль ёсоор аливаа нэгэн систем, үүний дотор хүмүүний нийгэм, улс үндэстэн нэг төрлийн байж гэмээ нь урт удаан хөгжлийн жамыг туулдаг жам ёстой. Үүний нэг тод жишээ гэвэл биднийг хүрээлэн буй одод хорвоогийн бүтцийг бүрэлдүүлэгч-өөртөө зуу зуун тэрбум оддыг багтаасан, зуу зуун тэрбум Сүүн-зам буюу Галактикууд өөр хоорондоо ойртон нийлж галав юүлэхгүйгээр орон зайн хувьд нэг төрлийн бүтэцтэй байснаар амьдралыг бий болготол тийм урт удаан 13.6 тэрбум жилийн хөгжлийн замыг туулжээ. Үүнийг физикчид антропологийн зарчим гэнэ.
Х. Намсрай