Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хаягдал шилийг хөөлгөн энгийн блокоос илүү дулаан хадгалах чадвартай материал гарган авчээ. Тус материалыг “хөөсөн шил” хэмээн нэрлэсэн бөгөөд түүгээр барьсан байшинг /амины орон сууц/ өнөөдөр танилцууллаа.
“Хөөсөн шил”-ийн 94-96 хувь нь хаягдал шил, үлдсэн нь хаягдал шохой, элс, нүүрс зэрэг ажээ. 4х6 м хэмжээтэй байшинг барихад 60 см кв, 10 см зузаантай 60 гаруй ширхэг “хөөсөн шил” ашигласан байна. Нийт 1 орчим тонн жинтэй тус “хөөсөн шил”-үүдийг 1800 хаягдал архины шилээр хийжээ.
Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын эрхлэгч, доктор Г.Сэвжидсүрэн “Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй хамгийн их төсөвтэй хоёр цөм технологийн төслийг бид сүүлийн зургаан жилийн хугацаанд гүйцэтгээд ажиллаж байна. Түүний нэг нь 300 гаруй сая төгрөгийн төсөвтэй "хаягдал шил ашиглан бүтээгдэхүүн гаргаж авах" төсөл байв. Хаягдал шилнээс гаргаж авсан материалаар замын хайрга, дайргыг орлуулж болно. Мөн маш сайн дулаан тусгаарлагч учраас байшин барьж болж байгаа юм. Бидний хийсэн энэ блок, материал нь шил учраас усанд элэгдэхгүй, эдэлгээ сайтай” гэв.
Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын эрхлэгч, доктор Г.Сэвжидсүрэн
Түүний хэлснээр Улаанбаатар хотод 60 мянган тонн хаягдал шил бий ба түүний 40 мянган тонныг боловсруулах үйлдвэр барьж болох аж.
“Бидний хэрэглэж буй тоног төхөөрөмжүүд үнэтэй байгаа учраас “хөөсөн шил” зэх зээлд зарагдаж буй бусад дүүргэгч материал, блокуудаас үнэтэй зарагдана. Гэхдээ үйлдвэрлэл жигдрээд ирэхээр үнэ нь буурах юм. Бидний тооцоогоор 6-7 тэрбум төгрөгийн санхүүжилт байвал Монголын барилгын материалын 15-20 хувийг үйлдвэрлэж чадна” хэмээн Г.Сэвжидсүрэн нэмж хэллээ.
10 СМ ЗУЗААНТАЙ ХАЯГДАЛ ШИЛЭН БЛОК НЬ 30-40 СМ ЗУЗААНТАЙ ЭНГИЙН БЛОКТОЙ АДИЛ
10 см зузаантай тус "хөөсөн шил" нь 30-40 см зузаантай энгийн блоктой харьцуулахад хатуулаг, дулаан хадгалалтаараа адил ба түүнээс ч илүү дулаан хадгалах чадвартай аж. Нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан төслийн баг бүтээлээрээ ашигтай загварын гэрчилгээ авсан байна.
Г.Сэвжидсүрэн “Бид гарааны “Алтан шил” гэх компани байгуулсан ч гарааны компаниудад олгодог Засгийн газрын хөнгөлөлт одоохондоо аваагүй байна” гэв.
Хаягдал шилэн блок; "хөөсөн шил"
Эдгээр эрдэмтэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн "цагаан тоос"-ноос дээж аван судалгаа хийсэн ба ингэхэд найрлагын ихэнх хувийг нь цахиур эзэлж байжээ. Цахиур гэдэг бол бидний мэдэх шил. Тиймээс тухайн тоосыг хайлуулж шил гарган авсан ба түүнийгээ мөн хөөлгөж өөр төрлийн “хөөсөн шил” бүтээсэн хэмээн тайлбарлаж байлаа.
Хаягдал шилээр хийсэн хөөсөн шилийг маш сайн нягтруулан барилгын материал болгон хэрэглэж болохоос гадна “ус шүүгч” болгон хэрэглэж болох аж. Нягтрал багатай хөөлгөсөн “хөөсөн шил” ээр ус гүйлгэж үзэхэд усыг өмнө байснаас нь 6 дахин цэвэршүүлсэн байна.
Блокнуудын өөр өнгөтэй байгаа шалтгаан нь шилний өнгө болон хөөлгөгч бодисоос шалтгаалдаг ба нүүрсээр хөөлгөсөн блок нь хар өнгөтэй байгаа юм.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн "цагаан тоос"