Эрдэмтэд анх удаа нейрон од гэж нэрлэгдэх хоёр
сөнөсөн оддын мөргөлдөөнөөс үүсэх таталцлын долгионыг бүртгэлээ. Энэ нь одон
орон судлаачдын хувьд хоёр нейтрон одны мөргөлдөөнийг гэрчлэх анхны үйл явц
бөгөөд энэхүү шинэ ололт нь олон арван мянган жилийн туршид орчлон ертөнц дээр
хэр олон хүнд элементүүд үүсэн нууцыг тайлбарлахад чухал ач холбогдолтой юм.
Манай
нарнаас хэдэн арав дахин хүнд масстай одод амьдралынхаа сүүлчийн мөчид хэт шинэ одны тэсрэлт гэж нэрлэгдэх
дэлбэрэлтийг бий болгодог. Одод хөгшрөх тусам тэдний цөмд хүнд элементүүд бий
болох бөгөөд улмаар дотоод даралт нь ихсэж од илүү нягтаршихад хүрнэ. Цөм
нягтаршихын хэмжээгээр оддын дотоод даралтын хэмжээ ихсэж хэт шинэ одны тэсрэлтийг бий болгоно. Хэт шинэ одны тэсрэлтийн
дараагаар үлдсэн оддын үлдэгдэл нь хар
нүх эсвэл нейтрон од гэж нэрлэгдэх асар өндөр нягттай оддыг бий болгоно. Атом дахь электрон бүрхүүл өөрийн
цөм дээр унан нейтронуудыг бий болгосон зөвхөн нейтроноос тогтох од нь ердөө
10-20км орчим л диаметртэй байх бөгөөд ойролцоогоор нэг халбага орчим хэмжээ нь
хэдэн тэр бум хүртэл масстай байх асар өндөр нягттай байдаг. Ойролцоогоор манай сартай адил хэмжээтэй
нейтрон од нь дор хаяж хэдэн сая дэлхийн масстай тэнцэх хэмжээний масстай
байна. Ертөнцөд хүнд элементүүдийг бий болгох, тархах нэгэн шалтгаан нь хэт шинэ одны
тэсрэлт байсантай адилаар нэгнээ тойрч эргэлдэх хос нейтрон оддын мөргөлдөөн нь
ертөнц дээрх төмрөөс дээших хүнд элементүүдийн үүслийн тэн хагасыг бүрдүүлнэ
хэмээн эрдэмтэд таамагладаг. Асар хүнд масс, нягттай хос нейтрон оддын мөргөлдөөний
үед хэт шинэ одны тэсрэлттэй адил асар хүчтэй килонова гэж нэрлэгдэх тэсрэлт бий болох бөгөөд тэсрэлтийн үед
нейтрон оддоос цацагдсан материал нь төмөр, алт зэрэг хүнд элементүүдийг бий болгон
сансарт цацна.
Эрдэмтэд 2017 оны 8 сарын 17ны өдөр Америк болон Италид байрлах лазер гэрлийн интерферометр ( ЛИГО болон ВИРГО) төхөөрөмжүүдийн тусламжтайгаар Гидра одны ордны ордонд байрлах, 130 сая гэрлийн жилийн зайтай NGC4993 галактик дахь нейтрон одны мөргөлдөөнөөс бий болсон таталцлын долгионыг бүртгэн "барьжээ". Өмнө нь эдгээр төхөөрөмжүүд нь хоёр жилийн хугацаанд нийт дээ 4н удаа таталцлын долгионыг илрүүлж байсан бөгөөд эдгээр нь бүгд алс холын галактикууд дахь хар нүхний мөргөлдөөнөөс бий болсон байдаг. Хар нүх нь нейтрон оддоос хэдэн мянга дахин хүнд масстай биетүүд тул мөргөлдөөний үед бий болох таталцлын долгион нь нейтрон одны мөргөлдөөнийхөөс хэд дахин илүү эрчимтэй байдаг байна. Нейтрон оддын мөргөлдөөний үед бий болох таталцлын долгион нь маш сул эрчимтэй ч үүнийг бүртгэж авах нь ертөнц дэх төмрөөс дээших хүнд элементүүдийн тархалт болон тэдгээрийн үүслийг судлахад чухал нөлөөтэй. Тав дахь удаагийн (GW170817) таталцлын долгионы хэмжилт нь нейтрон оддын мөргөлдөөнөөс бий болсноороо онцлог байсан бөгөөд дэлхийн бусад орнуудад байрлах радио, гамма цацрагийн телескопуудаар килонова тэсрэлтийн үед бий болсон гэрлийг ажиглан ажиглалтыг давхар баталжээ.
Хос нейтрон оддын мөргөлдөөний үед ойролцоогоор 10000 дэлхийн масстай тэнцэх хэмжээний алт бий болон сансарт цацагдсан нь нейтрон оддын мөргөлдөөний үеэр төмрөөс дээших хүнд элементүүд бий болдог гэх эрдэмтдийн таамаглалыг дэмжих нэгэн баримт болжээ.
Нейтрон оддын мөргөлдөөнийг таталцлын долгионы болон цахилгаан соронзон долгионы аргуудаар хэмжих нь цаашдаа ертөнц дэх нийт хүнд элементүүдийн үүсэл, тархалтыг судлахад нэн чухал нөлөөтэй бөгөөд дараа дараагийн нээлтүүд нь эрдэмтдийн таамаглалыг хэр үнэн болохыг нарийвчлал өндөртэй тодорхойлоход тус болох юм.
Эх сурвалж: https://www.space.com/38471-gravitational-waves-neutron-star-crashes-discovery-explained.html
Мэдээ бэлтгэсэн: ЭБЦФС-ЭШДА З.
Лхамжав