Вэбсайтын цэс
Шинжлэх ухааны ажилчдын баярын концертод ФТХ-гийн ЭШДА Ц.Банзрагч өөрийн зохиосон "Эрдэмтэн судлаачид" ерөөлөөрөө оролцлоо.
Шинжлэх ухааны ажилчдын баярын концертод ФТХ-гийн ЭШДА Ц.Банзрагч өөрийн зохиосон "Эрдэмтэн судлаачид" ерөөлөөрөө оролцлоо.

ЭРДЭМТЭН СУДЛААЧИД

Зээ

Зуун зууныг дамжсан

Нүүдэлчин монгол алдартай

Зузаан зузаан түүх

Нууц товчоо шастиртай

Дээрээс мөнхөд ивээсэн

Хөхрөх тэнгэрээс заяатай

Дэлхийн улсуудаас ялгарах

Хөх толбон тэмдэгтэй

Эзэн Чингис хааны

Эвлүүлж тулсан голомт

Өлзий төвшин Монголынхоо

Эрдэмтэн судлаач та бүхэндээ

Айлтгаж байгаа бэлэг

Сонсгож байгаа ерөөл байна

Баяраа тэмдэглэж нас нэмсэн

Шинжлэх ухааны байгууллага нь

Их Чингис хаан үед “Цэцдийн зөвлөл” нэртэй

Хубилай цэцэн хаан үед “Монголын бичгийн мэргэдийн хүрээлэн” нэртэй

Богд хаант засгийн үед “Монголыг судлах газар” нэртэй

Ардын хувьсгал ялсны дараа “Судар бичгийн  хүрээлэн” нэртэй

Хорь дугаар зууны дунд үеэс ӨНӨӨГИЙН “Шинжлэх ухааны Академи” нэртэйгээр

Үйл ажиллагаагаа явуулсаар байна.

 

Зээ

Оюун билэг содондуухан

Онцгой гарамгай эрдэмтэн

Үе үеийн судлаачид нь

Үй олон шавь нарынхаа хамтаар

Судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээр

Сурсан эрдмийнхээ үр шимээр

Өнөөгийн Монгол улсын хөгжлийг илэрхийлж байна

Дөрвөн тив таван далайгаар тархан суурьшсан

Монгол эрдэмтдээ судалгааны  ажлынх нь дагуу ангилж хуваан хэлбэл

Квант харвах тэртээ гүнийг гарцаагүй нарийн тооцоолж хэлдэг

Аливаа юмсын найрлага, бүтцийг алдалгүй хэмжиж хэлдэг Байгалийн ухааны салбар

Амьтан  хүн ялгалгүй байгалийн бүрэлдэхүүн бүрийг

Аз жаргалтай амьдралынх төлөө

Судалгаа шинжилгээ хийж байдаг Анагаахын ухааны салбар

Алтан дэлхийн үр шимийг

Авах гээхийн ухаанаар, дэнсэлж тэнцүүлж судалдаг ХАА салбар

Уул усны хэвгий

Ургаа модны байрлалыг

Агаарын соронзон долгионоор бүртгэж, судалж шинжилдэг Газарзүй-Геологийн салбар

Цаг хугацааны эрхээр

Хувьсан өөрчлөгдөх  

Хүний хэрэгцээ бүрийг

Хүсэл сонирхолд нь нийцүүлэн

Өндөр технологийн хэрэглээг өдөр тутамд  нэвтрүүлдэг Техник-технологийн салбар 

Энэхэн замбуу тивийн

Зургаан тэрбум хүний

Эв найртай, эеийг эрхэмлэн

Элгээрээ энх төрлөөрөө төвшин амгалан амьдрах боломжийг судалдаг Нийгмийн ухааны салбар билээ

 

Зээ

Алтан дэлхийг хөгжүүлэхийн төлөө

Оюун бодлоо уралдуулж

Цаглашгүй их оюун ухааны

Цар хэмжээгээ гайхуулан

Дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж яваа

Тайз болоод зэрийтэлд суугаа байгаа та бүхнээс эхлээд

Бүх Монголын эрдэмтэн судлаач та бүхний маань

Эрдмийн их ажлын үр дүн нь

Ганга мөрөн далай шиг ёроолоосоо ундарч

Галбирвасан модны цэцэг шиг оройгоосоо цэцэглэж

Санасан бүхэн чинь саадгүй

Сар нарны туяа мэт

Бодсон бүхэн чинь саадгүй

Өөрсдийн чинь санасан ёсоор бүтэж

Цэцэн билэгт та бүхэн

Цэлгэр Монголоо хөгжүүлэн бадрааж

Цэцэн ардаа жаргааж явах ерөөлийг

Өргөн барьж дэвшүүлэн айлтгая

 

Зохиогч: Физик, Технологийн хүрээлэнгийн ЭБЦФ - ийн салбарын ЭШДА Ц.Банзрагч


Бусад мэдээлэл