Wi-Fi сүлжээг оновчтой зохион байгуулж чадвал гэрийнхээ өнцөг булан бүрт интернет холболттой болно. Үүнд хамгийн гол асуудал нь Wi-Fi рутерыг зөв газарт байрлуулах юм. Ингээд мэргэжилтнүүдийн өгсөн дараах зөвлөмжийг хүргэж байна.
Зөв рутер сонгохоос эхлэх ёстой. 140 м.кв хүртэл талбайтай гэрт нэг рутер байрлуулахад хангалттай. Ингэхдээ 802.11ac стандартын утасгүй сүлжээтэй рутерыг сонгох нь чухал. Шинэ стандарттай рутер нь хурд сайтай, хамрах талбай өргөнтэй байдаг. Олон жил хэрэглэсэн хуучин рутерүүдэд ийм стандарт байхгүй.
Том талбайтай сууцанд нэг рутер хангалтгүй тул хэд хэдийг ашиглах хэрэгтэй болдог. Гэхдээ аль ч тохиолдолд гол рутерыг зөв газарт байрлуулах нь чухал юм.
Рутер нь сигналыг бүх чиглэлд цацдаг тул гэрийнхээ захад байрлуулбал сигналын зарим хэсэг нь гэрийн гадна талыг хамарна. Ингэх нь ашиггүй. Тиймээс аль болох төв цэгт байруулах хэрэгтэй.
Интернет модем ихэвчлэн гэрийн хананаас кабелиар холбогддог тул төв хэсэгт байрлуулахад амар биш. Гэхдээ хэдэн метр сүлжээний кабель татах нь үр ашигтай хөрөнгө оруулалт тул хийхээс өөр аргагүй.
Рутерын сигнал доош чиглэлд цацагддаг тул өндөрлөг цэгт байрлуулах нь оновчтой болж илүү өргөн талбайг хамарна. Номын тавиур дээр байрлуулах, эсвэл хананд зөвхөн рутерт зориулсан тавиур бий болгох хэрэгтэй,
Бусад электроник төхөөрөмжүүүд, том метал биетээс аль болох хол байлга. Ингэхгүй бол сигналын тархалтад сөргөөр нөлөөлдөг. Тухайлан хэлэхэд богино долгионы зуух рутертай адил зурвасын (2.4GHz) сигнал ялгаруулдаг тул хамгийн их сөрөг нөлөөтэй.
Зарим рутерууд огт антеннгүй, зарим нь бүр хэд хэдэн антеннтай байх нь бий. Антеннууд сигналыг чиглүүлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ хоёр ба түүнээс дээш тооны антеннтай бол тэднийг нэг чиглэлд байрлуулж болохгүй. Хоёр антеннтай бол хоорондоо перпендикуляр чиглэлтэй буюу нэг нь хэвтээ, нөгөө нь босоо чиглэлтэй байх ёстой. Олон антеннтай бол бүгдийг нь чиглэл давхцуулалгүй, зөрүүтэй байрлуулах хэрэгтэй.
Бүр аргагүйдсэн тохиолдолд орон зайд сигнал хэрхэн тархаж байгааг зураглаж хараад тохируулах хэрэгтэй. Ийм зориулалттай янз бүрийн програмууд байдгийн нэг нь NetSpot юм. Үнэ төлбөргүй энэ програм Mac болон Windows компьютерт суудаг.
Эх сурвалж: Ikon.mn