Вэбсайтын цэс
Орчлон ертөнцийг рентген нүдээр ажиглах нь...
Орчлон ертөнцийг рентген нүдээр ажиглах нь...

Орчлон ертөнцийг рентген нүдээр ажиглах нь:


2019 оны 7 сард хөөргөсөн Spectr-RG сансрын хиймэл дагуулын хөлөг дээрх eROSITA (зургийн холч дурангийн массивтай өргөтгөсөн рентген судалгаа) холч дуран тэнгэрийг бүхэлд нь шинжлэн, рентген цацрагийн долгионы уртын мужид тэнгэрийн бүрэн ажиглалтын өгөгдлийг цуглуулж дуусгажээ. Энэхүү холч дуран нь орчлон ертөнцийн нууцлагдмал харанхуй энергийг судлах зорилготой ба тэнгэрийн анхны бүрэн “Хэрвээ бид рентген нүдтэй байсан бол юу харах байсан бол...” зургийг авснаа 2020.06.19-нд зарлалаа.


               



eROSITA рентген холч дурангийн энэхүү зураг нь энерги ихтэй орчлон ертөнцийг дүрсэлж байгаа бөгөөд тэнгэрийг шинжлэхэд бүртгэгдсэн фотонуудын энерги 2% - 6% -ийн нарийвчлалтай хэмжигдсэн. Энэхүү зургийг үүсгэхэд тэнгэр бүхэлдээ эллипс хэлбэртэй туйлширсан бөгөөд гол хэсэгтээ сүүн замын төв байх ба бидний галактикийн эх бие хөндлөн чиглэлд тархаж байна. Мөн энергиэсээ хамааран фотонууд өнгөөр кодлогдсон - 0.3-0.6 Кэв энергид улаан, 0.6-1 Кэв энергид ногоон. 1-2.3 Кэв энергид хөх. Галактикийн хавтгайгаас цааш туяарч байгаа улаан сарнил нарны аймгийн ойролцоох халуун хийн цацаргалт юм. Хавтгайн дагуух тоосонцор болон хий нь бага энергитэй рентген фотоныг шингээх учраас зөвхөн өндөр энергитэй цацаргалтын үүсгүүр харагдах бөгөөд тэдгээрийн өнгө зурагт хөхөөр дүрслэгджээ. Ногоон болон шараар дүрслэгдэх галактикийн төвтэй ойр байрлах халуун хий нь сүүн замын амьдралын хамгийн энерги ихтэй процессууд (жишээлбэл: хэт шинэ одны дэлбэрэлт, хавтгайн гаднах хийн эх үүсвэрийн хөдөлгөөн болон сүүн замын төв дэх одоогоор идэвхгүй байгаа асар их масстай хар нүхнээс дэлбэрэх өнгөрсөн үеийн тэсрэлт)-ийн түүхийн ул мөрийг зөөнө. Зурагт ихэвчлэн цагаанаар илэрхийлэгдэх хэдэн зуун мянган объект нь халуун цацаргалтын орчинд байх ба тэнгэрээр нэгэн төрлийн жигд тархалттай дүрслэгдэнэ. Эдгээр объектуудын дундаас холийн галактикийн идэвхтэй цөм цэгэн үүсгүүр мэтээр харагдах бөгөөд галактикийн бөөгнөрөл өргөтгөсөн рентген мананцар мэтээр ажиглагдана. Бүхэлдээ энэ зурагт 1 сая гаруй рентген үүсгүүрүүд бүртгэгдсэн. Image credit: Jeremy Sanders, Hermann Brunner & the eSASS team / Max Planck Institute for Extraterrestrial Physics / Eugene Churazov & Marat Gilfanov, IKI.

Эдгээр бүх өгөгдлүүд 1 саяас илүү тод рентген объектийг атласад хөрвүүлсэн бөгөөд энэхүү шинэ объектуудын тал нь астрономичидод цоо шинэ байсан юм. Энэхүү анхны зураг маань рентген астрономийн өмнөх 60 жилд бүртгэгдсэнээс 2 дахин их рентген үүсгүүрийг нэгтгэсэн мөн 30 жилийн өмнөх рентген ажиглалтаас 4 дахин гүнийг хамарч сунасан. eROSITA үүсгүүрийн ихэнх нь галактикийн асар том бөөгнөрөл болон галактикийн идэвхтэй цөм (active galactic nuclei) юм. Тэнгэрийн бүрэн зураг сүүн замын халуун хийн бүтцийн нарийн деталиудыг үзүүлж байгаа бөгөөд түүнийг тойрон хүрээлж байгаа тойрог-галактик орчны шинж чанар нь манай галактикийн үүслийн түүхийг ойлгоход чухал түлхүүр болно. Мөн түүнчлэн рентген оддын зураг нь хүчтэй, соронзон идэвхтэй халуун нарны титэм (coronae) – тэй одод, нейтрон од, хар нүх эсвэл цагаан одойгоос бүрдэх рентген хос одод мөн манай болон бусад ойролцоох галактик (жишээлбэл Magellanic үүл)-ийн хэт шинэ одны үлдэгдлийг ил харуулж байна.

eROSITA тэнгэрийн бүрэн зургийн хураангуйлсан хувилбар. Хэд хэдэн чухал рентген онцлогууд тэмдэглэгдсэн: холийн галактик бөөгнөрөл (Coma, Virgo, Fornax, Perseus)-аас хэт шинэ одны үлдэгдэл болон мананцар гэх мэт өргөтгөсөн үүсгүүр болон тод цэгэн үүсгүүр (Sco X-1) хүртэлх хязгаарт анхны нарны системийн гаднах рентген үүсгүүр бүртгэгдсэн. Vela хэт шинэ одны үлдэгдэл зургийн баруун талд, баруун доод талд Аварга Magellanic Үүл, баруун дээд талд Sharpley аварга бөөгнөрөл тус тус дүрслэгдэж байна. Image credit: Jeremy Sanders, Hermann Brunner & the eSASS team / Max Planck Institute for Extraterrestrial Physics / Eugene Churazov & Marat Gilfanov, IKI.

Бид бүхэн eROSITA-аас тэнгэрийн анхны бүрэн атласыг дүрслэхийг тэсэн ядан хүлээж байлаа хэмээн цахилгаан соронзон спектрийн дагуух бусад холч дурантай eROSITA-ийн

ажиглалтыг нэгтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн Mara Salvato хэлсэн. “Тэнгэрийн өргөн хүрээ олон төрлийн бусад долгионы уртад хамаарах бөгөөд бид энэ удаа рентген туяаны өгөгдлийг холбож байна. Рентген туяаны үүсгүүрийг ялгах болон тэдгээрийн мөн чанарыг ойлгоход эдгээр бусад долгионы уртын судалгаа хэрэгтэй.” Мөн энэхүү судалгаа ховор сонин үзэгдлүүд болох нягт объектоос гялбаа цацрах, нейтрон оддод нэгдэх ба одод хар нүхээр залгигдах зэрэгт эрдэнэсийн авдар болох юм. “eROSITA ихэвчлэн тэнгэрээс рентген цацрагийн тэсрэлтийг хардаг бөгөөд чухам юу рентген цацрагийг үүсгэж байгааг нэн даруй мэдэхийн тулд бидэнд газар дээр суурилсан холч дуран хэрэгтэй” гэж доктор Salvato үргэлжлүүлэн тайлбарласан.

Эх сурвалж: https://phys.org/news/2020-06-deepest-view-x-ray-sky/

https://www.sciencealert.com/this-is-what-the-entire-sky-looks-like-through-x-ray-eyes/

Мэдээг бэлтгэсэн: ФТХ, Онолын ба Их энергийн физикийн салбарын ЭШДаА Л.Эрдэнэбулган


Бусад мэдээлэл