АНУ-ын физикч Ларри Шоу (Larry Shaw) 3-р сарын 14-ны өдрийн 1 цаг 59 минут 26 секунд нь Пи тооны эхний найман цифртэй давхцаж байгааг ажиглаад 1988 онд АНУ-ын Сан-Франциско хотын Эксплораториум шинжлэх ухааны музейд анх удаа “Пи тооны өдөр”-ийг тэмдэглэснээс хойш дэлхий нийтэд жилээс жилд өргөжин тэмдэглэж байна.
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд энэ
өдрийг 2019 оны 3 сарын 14-нд дөрөв дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэв.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Боловсролын Их Сургууль, ШУТИС-ийн багш, магистрант
нараас оролцов.
1. Доктор
П.Алтанцог “Пи-матрёщка”
2. Доктор
Б.Батгэрэл “Тоог хэрхэн ойлгох вэ?”
3. Доктор
Ц.Энхбат “Пи мөргөлдөөн”
4. Докторант
Л.Сарантуяа “Пи томъёо, үл анзаарагдам
зүйлс” зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцлээ.
Пи тооны аравтын бичлэг нь төгсгөлгүй, үегүй,
тэнд ямар ч зүй тогтол байхгүй. Энэхүү зүй тогтолгүй асар их тоон дунд хүссэн
тоогоо олж болно, тэр дундаа пи тоог. Энэ нь “матрёщка” орос ардын хүүхэлдэйн
дотроос жижигхэн боловч ижилхэн хүүхэлдэй дахин дахин гарч ирдэгтэй адил байгаа
тухай доктор П.Алтанцогийн “Пи-матрёщка” сонирхолтой лекцэнд илтгэгдлээ.
Доктор Б.Батгэрэлийн “Тоог хэрхэн хялбараар
ойлгох вэ?” лекцэнд тоог анх хэрэглэж байсан тухай археологийн баримтууд,
натурал тооны загвараас эхлээд бутархай тооны, сөрөг тооны, эцэст нь комплекс
тоог ойлгох хялбар загваруудын тухай илтгэгдлээ.
Пи
тоо нь дугуй хэлбэртэй зүйлст өргөн тааралддаг. Гэвч огт холбогдоогүй мэт
зүйлст, тухайлбал биесийн мөргөлдөөн дунд тааралдаж буй тухай доктор Ц.Энхбатын
“Пи мөргөлдөөн” лекцэнд илтгэгдсэн нь тун сонирхолтой байлаа. Үнэн хэрэгтээ
мөргөлдөөн нь энерги хадгалагдах хуулинд захирагдах тул мөргөлдөөний тоо нь пи
тоотой холбоотой болохыг энгийн систем дээр жишээ болгон илтгэв. Эндээс
математик бол аливаа зүйлсийн гүнд нэвтэрч хэрхэн дотоод мөн чанарыг нь
илэрхийлж тайлбарладаг болох нь тод харагдаж байна.
Докторант Л.Сарантуяа “Пи томъёо, үл
анзаарагдам зүйлс” илтгэлдээ пи тооны квадрат зэрэг нь хүндийн хүчний
хурдатгалтай ойролцоо утгатай байгаа тухай, пи тооны цифрүүд нь хугацаанаас
хамаарч экспоненциал хуулиар өсөж байгаа тухай, одоогоор пи тоог олох 140 орчим
томъёо бий болоод байгаа тухай сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Тус хүрээлэнгийн судлаачид төрөл бүрийн багаж
ашигладаг, гэвч хамгийн чухал багаж нь математик юм. Иймд залуу судлаачдын
математикийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бодлогын уралдаан зарласан байсан
бөгөөд дүнг нт энэ өдөр гаргав. Бодлогын уралдаанд эрдэм шинжилгээний
дадлагажигч ажилтан П.Батцэнгүүн,
Л.Мөнхжаргал, З.Лхамжав нар тэргүүлж Ц.Банзрагч, Л.Сарантуяа,
Л.Эрдэнэбулган нар шагналт байр эзлэв. Бодлогыг профессор Х.Цоохүү,
доктор П.Алтанцог, доктор Б.Батгэрэл, доктор Ц.Энхбат нар дэвшүүлжээ. Эдгээр
эрдэмтэд уг бодлогыг сонгон тавьсны учир шалтгаан, ач холбогдол, түүний бодох
арга техникийг нийтэд ойлгомжтой тайлбарлаж өглөө.
Мөн салбаруудын хооронд зохион байгуулсан хөгжөөнт бодлогын блиц тэмцээнд Информатикийн баг тэргүүлж удаах байруудыг Материал судлал, Биофизикийн багууд эзэллээ.
Б.Батгэрэл