Вэбсайтын цэс
Нулимснаас нүдний бэртлийн шинж тэмдгийг ѳнгѳѳ хувиргагч сенсор ашиглан илрүүлэх нь.
Нулимснаас нүдний бэртлийн шинж тэмдгийг ѳнгѳѳ хувиргагч сенсор ашиглан илрүүлэх нь.
















Хэдийгээр аливаа нүдний гадна бэртэл гэмтлийг тэсвэрлэхэд хүнд бэрх, сэтгэл зовоосон асуудал боловч тухайн гэмтэл нүдний дотор талтай холбоотой бол маш нухацтай авч үзэх хэрэгтэй болдог.

Байлдааны талбар эсвэл хѳдѳѳ орон нутагт ажиллаж байгаа эмч нар эмнэлгийн нарийн багаж тѳхѳѳрѳмжгүйгээр нүдний гэмтлийг оношлох боломжгүй байдгаас үүдэн Иллинойсийн Их сургуулийн (University of Illinois) судлаачид ОкюЧек (OcuCheck) нэртэй зѳѳврийн сенсор буюу мэдрэгчийг зохион бүтээжээ. Энэ мэдрэгч нь хүний нулимсан дахь витамин С-ийн (буюу аскорбины хүчил) хэмжээн дээр суурилан нүдний гэмтлийг оношлохоор зохиогджээ.

Жирийн үед бидний нүдийг бүрхэгч шингэн буюу окуляр нулимсан бүрхэвчинд витамин С харьцангуй бага хэмжээтэй оршдог. Харин нүдний доторх шингэн гель үүнээс илүү их хэмжээгээр уг хүчлийг агуулдаг. Энэ зѳѳврийн мэдрэгч нь ѳвчтѳний нулимсан бүрхэвчээс дээж авч аскорбины хүчлийн агуулгыг хэмждэг байна. Хэрвээ витамин С байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн байвал нүдний дотоод хэсгээс илүүдэл хэмжээтэйгээр гоожиж бэртэл авсан хэмээн тодорхойлох болно. Гэмтлийн аюулын зэргийг хүчлийн илүүдэл хэмжээгээр тодруулах ажээ.      

Энэ мэдрэгч багаж нь хэд хэдэн давхарга үеэс тогтоно. Фильтрийн цаасны 1 үе дээр 1 нм –ийн зузаантай графины үеийг суулгасан байна. Графинтай харилцан үйлчлэлд орох 1 полимерийн үе, мѳн алтны электрод, дээжид агуулагдах аскорбины хүчилтэй холбогдох аскорбат оксидаза энзимийн үе зэргээс бүрдэнэ. Аскорбины хүчил энзимтэй холбогдоход графинаас полимерийн үеийг цааш татаж мэдрэгчийн цахилгаан цэнэг ѳѳрчлѳгдѳнѳ. Харин алтны электрод цэнэгийн ѳѳрчлѳлтийг хэмжээг бүртгэж авах зарчмаар ажиллана.

















Зураг 1. Нулимсан дахь витамин С -ийн концентрацийн ялгааг тодорхойлох шинэ тѳрлийн мэдрэгч. Зурагчин: L Brian Stauffer

Энэ тѳхѳѳрѳмжийн судалгааг Иллинойсийн Их сургуулийн эрдэмтэд болох Профессор Дипанжан Пан (Dipanjan Pan), нүдний эмч Доктор Леан Лабриола (Leanne Labriola) болон докторын дараах судлаач Сантош Мисра (Santosh Misra) нар 2015 онд “Point-of-servise, quantitative of ascorbic acid in aqueous humor for evaluating anterior globe integrity” нэртэйгээр Nature сэтгүүлд хэвлүүлжээ (DOI:10.1038/srep16011). 




















Зураг 2. Тэгүүлэх эрдэмтэн Проф. Dipanjan Pan (зүүн гар талаас), нүдний эмч Др. Leanne Labriola болон докторын дараах судлаач Santosh Misra нар 2015 он.

Харин энэ онд эдгээр судлаачид үргэлжлүүлэн нүдний гэмтлийг нулимснаас ѳнгѳѳ ѳѳрчилдѳг мэдрэгчээр илрүүлэх судалдаа болгон ѳргѳжүүлжээ. Энэ судалгаа нь “In situ plasmonic generation in functional ionic-gold-nanogel scaffold for rapid quantitative bio-sensing” нэртэйгээр Biosensor and Bioelectronics сэтгүүлийн 120-р дугаарт хэвлэгдэн гарчээ (DOI:10.1016/j.bios.2018.08.019). Энэ удаад мэдрэгчээ Ожогель (ОjoGel) хэмээн нэрлэжээ. Энэ маркер нь нүдний гэмтлийг хэдхэн минутын дотор аскорбины хүчлийн хэмжээгээр хэмжиж илрүүлэх аж. Багахан хэмжээний нулимс байхад ѳнгѳт урвал явагдаж ѳнгѳний хувирлаар аскорбины хүчлийн хэмжээг тодорхойлохоор бүтээжээ. Аскорбины хүчил ихсэхэд цайвар шаргалаас бараан хүрэн улаан хүртэл мэдрэгч ѳнгѳѳ ѳѳрчилнѳ. Судлаачид ѳнгѳний тѳвшин бүрт харгалзах концентрацийн хэмжээг тодорхойлох дэлгэрэнгүй судалгааг хийсэн байна. Нарийвчилсан хэмжилт хийхийн тулд ѳнгѳний түлхүүр болон зааварчилгааг гар утасны Пиксл Пикер (Pixel Picker) аппликейшиныг ашиглан хийжээ. Үүний дараагаар судлаачид Ожогель технологийг хэрэглэхэд хялбар, ѳртѳг багатайгаар үйлдвэрлэх, мѳн клиник судалгааг хийхээр зорин ажиллаж байна. Үндэсний Шинжлэх Ухааны сан (The National Science Foundation), Америкийн зүрхний холбоо (The American Heart Association) болон Карл сангийн эмнэлэг (Carl Foundation Hospital) зэрэг байгууллагууд энэ тѳслийг дэмжин ажиллаж байгаа ажээ.      

 

Нийтлэлийг бичсэн: Т.Бадамхатан (Биофизикийн салбар, ФТХ)    

Мэдээллийн эх сурвалж: https://phys.org/news/2018-09-color-changing-sensor-eye.html,

https://phys.org/news/2015-12-portable-device-quickly-extent-eye.html#nRlv

 

 



Бусад мэдээлэл