Вэбсайтын цэс
Манай орчлон ертөнц ба нэмэлт хэмжээсээр тэлж байгаа бөмбөлөг
Манай орчлон ертөнц ба нэмэлт хэмжээсээр тэлж байгаа бөмбөлөг

Шведийн Uppsala-ийн Их сургуулийн эрдэмтэд харанхуй энергийн тайлагдашгүй үзэгдлийг шийдвэрлэх боломжтой, орчлон ертөнцийн тухай шинэ загварыг дэвшүүлсэн байна. Тэд нэмэлт хэмжээсний хувьд тэлж байгаа бөмбөлгийн гадаргуу дээр орших орчлон ертөнц болон харанхуй энергийг багтаасан шинэ бүтцийн тухай өөрсдийн төсөөллийг Physical Review Letters сэтгүүлд хэвлүүлсэн байна [1].

Сүүлийн 20-н жилийн турш бидний мэдэж байгаачлан орчлон ертөнц хурдатгалтайгаар зогсолтгүй тэлж байна. Үүний тайлбар бол “Харанхуй энерги”-ийн түлхэлт юм. Энэ нь харанхуй энерги орчлон ертөнц дундуур тархахдаа ертөнцийг түлхэж, улмаар тэлэхэд хүргэж байна гэсэн модель юм. Харанхуй энергийн уг шинж чанарыг тайлж ойлгох асуудал бол суурь физикийн танин мэдэхүйн тэргүүн асуудлуудыг нэг.

Энэ асуудалд утасны онол хариулт өгч чадна гэж судлаачид удаан хугацааны турш найдаж байгаа юм. Утасны онолоор бүх матери нь маш жижиг хэмжээтэй бөгөөд хэлбэлзэж байдаг “утас маягийн” (stringlike) бүтцүүдээс тогтдог гэж үздэг.Мөн уг онолоор орон зайн нь бидний мэдэх гурваас гадна өөр хэмжээсний хамтаар тайлбарлагдах ёстой байдаг. Өнгөрсөн 15 жилд, харанхуй энергийг тайлбарлах гэсэн олон моделиуд утасны онолд гарсан. Гэсэн хэдий ч тэдгээр моделиуд нь нэлээд ширүүн шүүмжлэл дунд байгаа бөгөөд бүр зарим судлаачид өнөөдрийг хүртэл дэвшүүлээд байгаа моделиудын аль нь ч тайлбарлах зорилгоо биелүүлэх боломжгүй гэж үзэж байна.

Uppsala-ийн эрдэмтэд нэмэлт олон хэмжээстэй тэлж байгаа бөмбөлөг дээр орших харанхуй энерги болон манай орчлон ертөнцийн тухай шинэ моделийг хөгжүүлсэн байна. Манай ертөнцөд байгаа бүх матери нь уг нэмэлт хэмжээсний дагуу сунаж байрласан утасны үзүүрүүдэд харгалзана. Тэдгээр судлаачид нь энэ төрлийн тэлж буй, өөр олон бөмбөлөг утасны онолоос гарч болохыг харуулсан бөгөөд энэ нь манай орчлон ертөнцөөс өөр бусад ертөнцүүдэд харгалзаж болох юм. Дэвшүүлсэн уг модель нь манай ертөнцийн үүсэл, хөгжлийг харуулах шинэ зураг болж байгаагийн дээр утасны онолыг шалгах нэг шалгуур болж болох юм.

 

 

Journal Reference:

  1. Souvik Banerjee, Ulf Danielsson, Giuseppe Dibitetto, Suvendu Giri, Marjorie Schillo. Emergent de Sitter Cosmology from Decaying Anti–de Sitter Space. Physical Review Letters, 2018; 121 (26) DOI: 10.1103/PhysRevLett.121.261301

Эх сурвалж: https://www.sciencedaily.com/releases/2018/12/181228164824.htm

Мэдээ бэлтгэсэн: Онолын физикийн салбарын ЭШДА Г. Энхтуяа


Бусад мэдээлэл