НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Доктор(PhD) Доржсүрэнгийн БАТТОГТОХ агсаны дурсгалд зориулж онолын физик болон биофизикийн чиглэлээр бичсэн судалгааны өгүүллүүдийг эмхэтгэн хэвлүүлсэн "ОНОЛЫН БА ШУГАМАН БУС ФИЗИК, БИОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЛҮҮД" номын нээлт боллоо. Доктор Д.Баттогтохын судалгааны өгүүллүүдийг үр хүүхэд, төрөл төрөгсөд нь санаачлан эмхтгэж, манай Физик технологийн хүрээлэн болон бусад байгууллага, хувь хүн зохих хандив өргөж хэвлүүлсэн.
Доктор(PhD) Д.Баттогтох нь 1988 оноос Монгол улсын Шинжлэх ухааны академийн Биотехнологийн хүрээлэнгийн Биофизикийн сектороос ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. 1999 он хүртэл ШУА-ийн Физик Технологийн хүрээлэнд ажиллаж байгаад эрдэм судлалын ажлаа гадаадын улс орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад үргэлжлүүлэн хийх болсон юм. Тэрбээр ОХУ, ХБНГУ, Япон, АНУ зэрэг гадаад улс орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ 2014 оноос 2019 он хүртэл манай ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Онолын физикийн салбарт эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар хавсран ажиллаж байсан юм.
Тус номд түүний физик болон
биофизикийн чиглэлээр 1995-2019 онд дэлхийн мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд
бичсэн өгүүллүүдээс түүвэрлэн авч эмхэтгэсэн бөгөөд өгүүллүүд англи хэлээр байгаа
учраас тэдгээрийн товч агуулгыг Монголоор бичиж хавсаргасан байна . Мөн тус
номд зориулж бичсэн ОХУ, Япон, АНУ, Монголын нэр хүндтэй эрдэмтэн судлаачдын
дурсамжийг, ажил төрлийн холбоотой зургийн цомгийг бас номд хавсарган оруулжээ.