Вэбсайтын цэс
ХОРТ ХАВДАР: Хорт хавдрын түүх, өнөөгийн байдал ба эмчилгээний аргууд
ХОРТ ХАВДАР: Хорт хавдрын түүх, өнөөгийн байдал ба эмчилгээний аргууд

Хорт хавдрын өвчлөл

Дэлхийн хэмжээнд хорт хавдрын улмаас нас барж буй хүмүүсийн тоо жил бүр ихэссээр хамгийн их хүн нас барж буй өвчнүүдийн жагсаалтын хоёрдугаар байранд явж байна. 2018 оны байдлаар 9,6 сая хүн хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд энэ нь 6н хүн тутмын нэг нь хорт хавдраар нас барж буйг илтгэж байна. Уг тоо баримтаас харахад нийт нас барагчдын 70 гаруй хувь нь дундаж эсвэл буурай хөгжилтэй орнуудын иргэд байгаа юм. Анагаах ухаанд хорт хавдрыг бүх шатанд эмчилдэг болсон боловч багаж, технологи, мэргэжилтэн дутмаг байгаагаас буурай хөгжилтэй орнуудад өвчлөл болон нас баралтын тоо хэмжээ буурахгүй улам өссөөр байна. 



Зураг 1: 2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд нийт хорт хавдраар нас барсан өвчтөнүүдийн тоог улс улсаар ангилж эрэмбэлсэн байдал. (100000 нас баралт тутамд)






Зураг 2: 2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд ходоодны хорт хавдраар нас барсан өвчтөнүүдийн тоог улс улсаар ангилж эрэмбэлсэн байдал. (100000 нас баралт тутамд)






Зураг 3: 2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд элэгний хорт хавдраар нас барсан өвчтөнүүдийн тоог улс улсаар ангилж эрэмбэлсэн байдал. (100000 нас баралт тутамд)





Зураг 4: 2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд улаан хоолойн хорт хавдраар нас барсан өвчтөнүүдийн тоог улс улсаар ангилж эрэмбэлсэн байдал.  (100000 нас баралт тутамд)





Монгол орны хувьд жилд дунджаар 5000 гариу хүн хорт хавдраар өвдөж, 3000 гариу хүн нас барж байгаа ба нийт хавдартай гэж оношлогдсон өвчтөнүүдийн 70 гариу хувь нь хожуу үедээ эмнэлэгт хандсан гэсэн харамсалтай тоо мэдээ байна. Монгол улс нь ходоод болон элэгний хорт хавдраар өвчлөгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа бол улаан хоолойн хавдраар 5-р байранд элэгний бусад өвчлөлөөр 8-р байранд эрэмбэлэгдэж байгаа юм. Иймд хорт хавдрын өвчлөлийг эрт үед нь оношлох, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хямд төсвөөр эмчлэх боломжтой арга, технологи хөгжүүлж нэвтрүүлэх шаардлага бидэнд тулгараад байна.










Зураг 5: 2018 оны байдлаар Монгол улсын а) хүн амын дунд зонхилох хорт хавдрын төрөл болон б) үе шатууд


Хорт хавдар ба нөлөөлөх хүчин зүйлс

Хорт хавдар нь хэвийн бус эсүүдийн хязгааргүй өсөлт бөгөөд бидний биеийн хэсгүүдээр тарж эрүүл эсийг өвчлүүлдэг. Нийт хавдрын 90-95% нь хүрээлэн буй орчин, хүний буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон генийн гажгаас үүсдэг бол үлдсэн 5-10% нь удамшсан генээс болно. Хорт хавдар үүсгэх хүрээлэн буй орчин болон хүний буруутай бүхий л үйл ажиллагааны нийтлэг хүчин зүйлүүдийг ангилахад:

·         Тамхинаас  25-30%

·         Хооллолт ба таргалалтаас  30-35%

·         Халдвар 15-20%

·         Цацраг, стресс болон хөдөлгөөний дутагдлуудаас 10% хүртэлх хувиар нөлөөлдөг байна.

 

Хэрэв бид өөрсдийн амьдралын хэвшил болон хүрээлэн буй орчноо өөрчилж чадвал хорт хавдраас сэргийлэх, улам хүндрүүлэхгүй байх бүрэн боломжтой. Учир нь хорт хавдар нь хүн төрөлхтний хувьд шинэ өвчин биш юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас л маш бага магадлалаар генийн гажиг үүсч хорт хавдар бий болдог байсан. Үүнтэй дасан зохижиж бидний дархлааны системийн p53 уураг эрүүл бус эсийг илрүүлж, засаж эсвэл устгах байдлаар биднийг хамгаалсаар ирсэн. Техник технологийн өндөр хөгжил болон бидний эрүүл бус амьдралын хэв маягаас шалтгаалж хорт хавдар үүсгэх боломжийг асар ихээр нэмэгдүүлж байгаа тул бидний биеийн дархлалын систем бүгдийг засч, эрүүлжүүлэх боломжгүй байгаа юм. Нэгэнт бид өөрсдийн хүрээлэн буй орчны нөлөөг багасгах, амьдралын хэмнэлээ өөрчилж чадахгүй бол бид хорт хавдрыг уг үндсээр нь устгах, дахин үүсгэхгүй байлгах эмчилгээний аргыг нээж олох, хөгжүүлэн нэвтрүүлэх шаардлагатай юм.

Хорт хавдар нь мутацид орсон генээс болж үүсдэгийг өнөөгийн шинжлэх ухаан нэгэнт нотлоод байгаа ба анх хорт хавдрыг танин мэдэж эмчлэхийг оролдох болсноос өнөөг хүртэл эмчилгээний маш олон арга зүй, технологиуд бий болж хэрэглээнд нэвтрээд байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд хорт хавдрын өвчлөлийн тоо улам бүр багасаж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн үеийн мэдээнүүдээс харж болно. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад 2018 оны байдлаар нийт хавдартай өвчтөнүүдийн тоо 25% аар буурсан мэдээлэл байна.

Ген ба генийн гажиг

Гадны маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр ген мутацид орох ба уг генийг агуулсан эс хорт хавдрын эс болж өөрийгөө зогсолтгүй өсгөдөг тул амьд организмын тэнцвэртэй байдлыг алдагдуулж үхэлд хүргэдэг. Тэгвэл бид хорт хавдрыг уг үндсээр нь устгах, дахин үүсгэхгүйн тулд генийн төвшинд механизмыг бүрэн таньж, эмчлэх шаардлагатай. Ген нь амьд организмуудын эсийг тэтгэх, үүсгэн бий болгох бүхий л мэдээллийг агуулдаг ДНХ-ын дарааллын хэсэг ба эцэг эхээс үр удамд генийн шинж тэмдгүүдийг дамжуулан удамшуулна. ДНХ-ын геномын дарааллын ялгаатай байдлаар ген тодорхойлогддог.

Хорт хавдрын эсийг бий болгодог гол ген нь онкогенесис (Oncogenesis) буюу эсийн өсөлт, төлжилт, нөхөн үржихүйг дэмждэг ген юм. Уг ген мутацид орж өөрчлөгдсөнөөр эсийг маш олноор нь хувилан олшруулж цаашлаад хавдрын хэмжээнд хүргэнэ. Эсрэгээрээ энэхүү хяналтгүй эсийн хуваагдлыг хавдар дарангуйлагч (Tumor suppressor genes) ген зогсоож засварладаг. Гэхдээ энэхүү хавдар дарангуйлагч ген бас мутацид орох тохиолдол бий. Энэ тохиолдолд хяналтгүй өсч буй эсийг зогсоох, засварлах боломжгүй болдог. Гадны нөлөөнөөс шалтгаалж уг хоёр ген хоёулаа мутацид орж үндсэн үүргээ алдаж болно энэ тохиолдолд хавдар илүү хурдан өсч томроно. Хавдар дарангуйлагч ген онкогенесис генийг бодвол мутацид орох магадлал арай бага байдаг. 

 























Зураг 6: Генийн мутациас хавдар үүсэх


Иймээс хавдрыг уг үндсээр нь устгах, дахин үүсгэхгүйн тулд генийн төвшинд эмчлэх шаардлагатай. Гэвч бүрэн биш мэдлэг болон технологийн хөгжлөөс шалтгаалж боломж хомс байна. Тэгвэл дэлхийн хэмжээнд хорт хавдрыг эмчлэх ямар, ямар аргууд хөгжөөд байгаа тэдгээрийн эмчилгээний ерөнхий механизмуудыг тодруулъя.

Хорт хавдрын  эмчилгээний аргууд

Хүн төрөлхтөн хорт хавдартай анх нүүр тулж, танин мэдэж, эмчлэхийг оролдох болсноос өнөөг хүртэл маш олон төрлийн эмчилгээний аргууд үүсэн бий болж хөгжсөөр байна. Тухайн өвчтөний биеийн байдал, хавдрын төрөл болон үе шатуудаас хамаарч тохирох хавдрыг устгах, багасгах, өсөлтийг удаашруулах, өвчтөний биеийг тогтворжуулах эмчилгээнүүдээс сонгодог байна. Ингэхдээ ихэвчлэн өвчтөнд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж хэрэглэж буй аргын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн аргийг хослуулан хэрэглэдэг. Өнөөг хүртэл хөгжүүлж байгаа эмчилгээний  арга, технологиуд өвчтөнд үзүүлэх сөрөг нөлөөг арилгаж зөвхөн хавдартай хэсэгт үйлчлэл үзүүлэхийг үндсэн зорилго болгон ажиллаж байна.

Хавдрын эмчилгээний түүхээс үзэхэд хамгийн эртний хавдрын тохиолдол МЭӨ 1600-аад оны үеийн эртний Египетын эмчилгээний тэмдэглэлд тэмдэглэгдсэн бол гармоны болон цацаргийн эмчилгээ 19-р зууны сүүлээр, химийн болон дархлалын эмчилгээний аргууд харьцангуй сүүл үед буюу 20-р зуунаас хэрэглэж эхэлсэн баримтууд бий. Тэгэхлээр хагалгааны аргаар хавдрыг эмчлэх арга нь хамгийн урт, удаан хэрэглэгдсэн арга болж байгаа бөгөөд өнөөд ч хэрэглэгдсээр байгаа юм. Хавдрын тохиолдлууд болон эмчилж байсан аргууд, түүхэн баримтуудын талаар дараагийн хэсэгт илүү дэлгэрэнгүй сонирхуулах болно.










Зураг 7: 2001 ба 2005 онуудад хэрэглэгдсэн хавдрын эмчилгээний аргуудын диаграмм.


Хагалгаа

Онолын хувьд цусны (гематологи) хавдраас бусад бүх хавдрыг хагалгааны аргаар авах, эмчлэх боломжтой гэж үздэг байсан боловч энэ арга нь хангалттай тохиромжтой арга биш болох нь хүн төрөлхтний хавдрыг эмчлэхээр оролдсон энэ олон жилүүдэд мэдрэгдээд байна. Тухайлбал хавдар тухайн голомтоос үсэрхийлэн биеийн бусад хэсэгт үүсэн үед голомтын хавдрыг авсан ч өөр газар дахин үүсдэг. Хавдар хэдий жижиг хэмжээтэй байсан ч Хастидианы загвар ёсоор анхны үүссэн газраа ургаад тодорхой нөхцөлд хүрсний дараагаар тунгалагын зангилаанд хүрч хүний биеийн бусад хэсэгт тархдаг. Иймээс хагалгааг хавдрын хэд дэх шатанд байгаагаас шалтгаалж хийх эсэхийг шийддэг бөгөөд хавдар хүндэрсэн байх тусам биеийн бусад хэсэгт тархсан байх магадлал өсдөг тул давхар химийн эмчилгээг ашигладаг.

Цацрагийн эмчилгээ

Цацаргийн эмчилгээ нь ионжуулагч цацаргийг ашиглан хавдрын эсийг устгах, багасгах, өсөлтийг зогсоож эмчилдэг. Уг эмчилгээний арга нь өвчтөний хавдрын байрлал, хэмжээ зэргийг нарийн тодорхойлсны дараагаар цацаргаар үйлчилж хавдрын эсийн ДНХ-г гэмтээж эсвэл устгаж цаашид өсөх, ургах, хуваагдах боломжгүй болгоно. Гэхдээ цацаргаар үйлчлэхэд хавдрын орчин дахь эрүүл эсэд нөлөө үзүүлж зарим тохиолдолд эрүүл эсүүдийг устгах гэмтээх нь бий. Ихэнх гэмтсэн эрүүл эсүүд дахин сэргэх засварлагдах боломжтой байдаг бол хавдрын эс өөрийгөө засварлаж чаддаггүй. Цацрагийн эмчилгээний аргыг хөгжүүлэгчид хүний эрүүл эсэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зөвхөн хавдрын хэсэгт нөлөөлүүлэхийг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна. 0-14 настай хүүхдүүд цацрагийн сөрөг нөлөөг бусдаас илүү мэдрэгдэнэ.

Цацрагийн эмчилгээг ихэвчлэн тархи, хөх, элэг, уушиг, арьс, ходоод, сав, төвөнх, нойр булчирхай, түрүү булчирхай, умай, зөөлөн эд зэрэг хөндий биш бүхэл хавдруудад ашиглахаас гадна сүүлийн шатандаа орсон хавдруудад мөн түлхүү ашиглана.

Ионжуулагч цацраг хавдрын эсийн ДНХ-д шууд болон шууд бус нөлөө үзүүлж эвдэлдэг. Шууд нөлөө нь ДНХ-ийн дан болон давхар утсыг тасдаж ДНХ-г хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгодог бол шууд бус нөлөө нь ионжуулагч цацрагийн нөлөөгөөр тухайн орчинд үүсэх чөлөөт радикалууд ДНХ-ийн утастай холбогдсоноор утсыг таслаж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгохыг хэлнэ.

Цацрагийн эмчилгээнд рентген туяа, электрон, протон, бусад цэнэгт бөөмс зэргийг өргөн ашигладаг бөгөөд бусад эмчилгээний аргуудтай хослуулан ашиглах нь элбэг.












Зураг 8: Цацрагийн хүний биед үзүүлэх шууд болон шууд бус нөлөөний ялгаа.


Химийн эмчилгээ

Химийн эмчилгээ нь хавдрын эсийг устгах чадвартай эмийн эмчилгээ юм. Хавдрын төрөл болон онцлогоос хамаарч 100 гариу хавдрын эсийг дарангуйлаг эмийг гарган авч эмчилгээнд хэрэглэж байна. Ийм төрлийн эмнүүд нь маш хурдан хуваагдаж, өсөж буй бүхий л эсийг олж усгадаг тул хавдрын эсийг дарангуйлах чадвартай юм. Гэхдээ зөвхөн хавдрын эсийг ялган таньж устгаж чаддаггүй учир хүний биеийн дараах хурдан хуваагдаж өсдөг эсүүдэд сөрөг нөлөө үзүүлж устгадаг.

·         Цусны эсүүд

·         Амны хөндийн эсүүд

·         Хоол боловсруулах системийн эсүүд

·         Үсний эсүүд

 

Зорилтот эмчилгээ

Энэхүү эмчилгээний арга нь химийн эмчилгээтэй төстэй боловч зөвхөн тухайн хавдарт нөлөөлөх эсрэг биет, генүүд, уургуудын тусламжтайгаар хавдрын өсөлт, хуваагдал, тархалтыг зогсоодог. Эдгээр молекулт нэгдлүүд нь эсийн өсөх, хуваагдах сигналыг хааж эсвэл бүүр ажиллагаагүй болгохоос гадна эрүүл эсүүдийг илүү удаан амьдрах нөхцөл боломжоор хангадаг. Харамсалтай нь энэхүү аргыг бүх төрлийн хавдрыг эмчлэхэд ашиглах боломжгүй байгаа юм. Уг эмчилгээний арга нь моноклонал эсрэг бие болон жижиг молекулт нэгдлүүдийн тусламжтайгаар зарим төрлийн хөхний хавдар, уушигны хавдар, BRAF-генээс үүдэлтэй хавдруудыг эмчлэх боломжтой байгаа юм. Өвчтөний биед оруулсан эсрэг биетүүд хавдрын эсийн гадна талд эсвэл эсийн дотор талд байрлаж эсийг үхүүлэх хорт бодис ялгаруулж устгадаг бол жижиг молекулт нэгдлүүд хавдрын эсийн өсөх, үржих процессуудыг хаадаг.

Дархлааны эмчилгээ

Дархлааны эмчилгээ нь өвчтөний өөрийн дархлалын системийн идэвхийг нэмэгдүүлж хавдрын эс болон бусад халдварыг устгадаг эмчилгээ юм. Ингэхдээ халдвар болон хавдрын эсийг илрүүлдэг хяналтын цэгийг  идэвхжүүлж хавдрын эсийг устгадаг T эсийн тусламжтайгаар ажиллагаагүй болгодог.

Энэ мэтчилэн маш олон бие даасан, хавсарсан эмчилгээний аргууд хөгжүүлэгдэж хэрэглээнд нэвтрээд байгаа бөгөөд өвчтөний биед үзүүлэх сөрөг нөлөөг улам бүр багасгаж, хавдрын аль ч шатанд эмчлэх, эрүүлжүүлэх боломжтой болгоод байна. Монгол орны хувьд хорт хавдраар өвчлөн нас барах өвчтөнүүдийн тоо жил ирэх бүр буурахгүй байгаа нь хавдрын өвчлөлийг эрт үед нь оношлох, хямд төсвөөр эмчлэх боломжийг эрэлхийлж хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага тулгараад байгааг бидэнд сануулсаар байна. Энэ хүрээнд Монголын шинжлэх ухааны академын Физик технологийн хүрээлэнд хорт хавдрыг эмчлэх, судлах 2р төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Эхний төсөл бол Д. Сангаа академичаар удирдуулсан судалгааны баг магни болон зэсийн феррит нэгдлүүдийн соронзон шинж чанарыг судлаад хувьсах соронзон орноор үйлчлэхэд өөрөөсөө хангалттай дулаан ялгаруулах чадамж бүхий соронзон нанобөөмийг гарган аваад байна. Энэхүү нанобөөмийн тусламжтайгаар хавдрын эсийг түлж усгах боломжтой юм. Хавдрын эс нь эрүүл эсийг бодоход илүү бага температурт денатурацид орж үхэлд хүрдэг. Хоёрдохь төсөл нь доктор Ж. Эрдэнэтогтохоор удирдуулсан судалгааны баг BNCT арга буюу Дулааны нейтроноор борын изотопыг шарахад үүсэх альфа ба лити цэнэгт бөөмсийг ашиглан хорт хавдрыг эмчилдэг аргыг судлах, зарим тайлбарлагдаагүй механизмыг тайлбарлахаар ажиллаж байна. Мөн хямд төсвөөр хорт хавдрыг эмчлэх арга технологи, багаж бүтээх зорилгоор рентген туяа, нейтрон, хэт ягаан туяаны хүний бие, хавдарт нөлөөлөх нөлөөг судлах судалгааг бусад орны судлаачидтай хамтран гүйцэтгэж байна.

Хорт хавдрын түүх

Сонирхолтой байх болов уу гэж үзээд хорт хавдрын түүхийн талаар бага зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Хүн төрөлхтөн үүссэн тэр цагаас л хорт хавдар бидэнтэй хамт оршисоор ирсэн. Хорт хавдрын тухай бичсэн бичээс, тэмдэглэлүүдээс үзэхэд хорт хавдрын хамгийн эртний тохиолдол нь МЭӨ 3000 аад оны үеийн эртний Египетын эмчилгээний тэмдэглэлд дурдагдсан байдаг. Энэхүү тэмдэглэл нь эртний Египетын 2р завсрын үе буюу 16-17 дахь эзэнт гүрний үед хамаарагдах хөхний шарх, гэмтэл, үений мултрал, ургацаг, хавдар зэрэг 48 төрлийн өвчний талаар бичигдсэн бичээс бөгөөд энэхүү тэмдэглэлд хөхний хавдар болон уг хавдарт тохирох эмчилгээ олоогүй тухай бичсэн байдаг. Уг бичээсийг папирус гэх зузаан хатуу цаасан дээр бичсэн бөгөөд 1862 онд Эдвин Смит гэх хүн худалдаж авснаар Edwin smith papyrus гэж нэрших болсон. Мөн эртний Грекийн суут сэтгэгч Гипократ (МЭӨ 460-375) өөрийн бичсэн номнууддаа хэд хэдэн хавдрыг ялган ангилж тодорхойлсон байдаг. Хавдрыг анх грекээр kαπkivos буюу karkinos (хавч) гэж нэрлэдэг байсан нь арьсан дээр ургасан хавдрыг таслан хаяхад хавчны хайрстай төстэй харагдсан тул нэрлэжээ ийнхүү нэрлэжээ. Сүүлд ромын суут сэтгэгч Целсус(МЭӨ 25 – МЭ 50) латин хэлрүү хөрвүүлж өнөөгийн cancer (латинаар хавч) гэсэн нэр томьёо үүссэн бөгөөд анх удаагаа мэс заслийн аргаар эмчлэх оролдлогуудыг хийсэн. Харин грекийн философич физикч Гален(МЭ 2р зуун) мэс заслийн аргийг эмчилгээнд тохиромжгүй гэж үзээд хавдартай хэсгийг байнга цэвэрлэх, ариутгах аргыг нэвтрүүлснээр дараагийн 1000 жилд уг арга өөрчлөгдөөгүй хадгалагдсаар ирсэн.

   









Зураг 9: Edwin smith papyrus-ийн тэмдэглэл.

Ингээд 15-17 р зуууны үед эмч нар үхлийн шалтгааныг илрүүлэхийн тулд задлан шинжилгээ хийхийг зөвшөөрснөөр хавдрыг илүү сайн таньж мэдэх, ойлгох, эмчилгээний аргыг өөрчлөн сайжруулах боломж олдсон юм. Энэ үе хүртэл эмч нар хавдрын үүсэл гарлыг биеийн онцлогоос шалтгаалж, химийн бодисын нөлөөгөөр, хордсон учраас зэрэг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байсан.

1761 онд Жон Хилл гэх физикч хамрын хавдрыг хамрын тамхинаас болж буйг баталснаар хавдар гадны нөлөөтэйгээр үүсч байгааг ойлгосон юм. Ингээд 18-р зууны үеэс английн мэс засалч Камбелл Дэ Морган(1811-1876) хавдрын судалгаанд микроскопыг ашигласнаар хавдар бусад биеийн хэсэгт үсэрхийлж байгааг 1871-1874 онд хийсэн судалгаануудаараа баталснаар хавдрын судалгаа эмчилгээ дараагийн шатандаа гарсан юм.


Он

Анагаах ухааны түүхэнд бүртгэгдсэн үйл явдлууд

Он

Түүхэн үйл явдал

МЭӨ 3000

Хөхний хавдар бүртгэгдсэн.

МЭӨ 3000

"Stonehenge" баригдсан.

МЭӨ 1500

Зөөлөн эдийн хавдарт эмийн ургамал, эрдэс минерал, хүнцэлийн эмчилгээний журмаар ашиглаж байсан.

МЭӨ 1500

Еврэйчүүд египед боолчлогдсон.

МЭӨ 375

Арьс, амны хөндий, гэдсэн дээр гарсан өмөн үү, зөөлөн ур, ургацгуудыг түлж, хайрж эмчлэх оролдож байсан.

МЭӨ 377

Ромыг тойрсон хана баригдсан.

50

Зөгийн бал, өндөгний цагаан болон байцааны холимгоор элэгний хавдар, бүдүүн гэдэс, цөсийг эмчлэх оролдлого. Хөхний хавдрыг мэс заслын аргаар эмчлэх оролдлого бүртгэгдсэн.

43

Ром Британируу довтолсон.

79

Мэс засал хийсний дараагаар эм уулгадаг байсан ба эм судлалын тухай ном хэвлэгдсэн.

68

Nero Claudius Caesar амиа хорлов.

138

Умайн шархлаа ба хавдар бүртгэгдсэн.

132

Сеймограф буюу газрын гадаргын чичирхийллийг бүртгэдэг багаж Хятадад бүтээгдэв.

200

Сарком, харласан шарласан цөсийг танин мэдэж анхны эмийн сан Ромд байгуулагдсан.

200

Хүннү афганистанруу довтлов.

403

Хавдрын улмаас нас барж болохыг тодорхойлов.

403

Висиготууд италируу довтлов.

562

Умайн хүзүү, шулуун гэдэсний хавдртай нүүр тулав.

571

Мухамед төрсөн.

690

Хавдар өвчин мэдрүүлдэггүй болохыг ойлосон ба гэдэсний хавдар бүртгэгдсэн.

691

Бөмбөлөг хэлбэрийн тааз хийдэг болов.

932

Нарийн гэдэсний түгжрэл, цөсний ховдлын хавдар бүртгэгдэв.

933

Арабууд алжирс хотыг үүсгэн байгуулав.

1037

Хэвийн бус эсийн бөөгнөрлийг халаасан утсаар таслах эмчилгээ бүртгэгдсэн.

1023

Цаасан мөнгө Хятадад хэвлэгдэв.

1080

Салерно болон Монтпелиэр хотуудад анагаахын сургуулиуд байгуулагдсан.

1066

Норманууд английг ялав.

1106

Мэс заслын аргаар эмчилгээ хийх оролдлогууд бүртгэгдсэн ба цус их алдсанаар өвчтөнүүд ихээр нас барж байв.

1110

Парисын их сургууль байгуулагдав.

1162

Улаан хоолойн хавдар, шулуун гэдсэний бөглөрлүүдийг зүү төөнүүрийн болон хагалгааны аргаар эмчлэх оролдлогууд бүртгэгдсэн.

1149

Оксфордын их сургууль байгуулагдав.

1163

Хүний эрүүл мэндэд нөлөөлөх дотоод гадаад бүхий л хүчин зүйлийг судлах оролдлогууд хийгдсэн.

1163

Нострдамусын сүм баригдсан.

1215

Ромын пап хагалгааг хориглов.

1215

Magna Carta буюу шудрага ёс, хүний эрхийн тунхаг бичиг хийгдэв.

1296

Хар тамхины нөлөөгөөр хамар, амны хөндийн хавдар өргөн тархаж тэдгээрийг тайрах эмчилгээ хийгдэж байв.

1295

Марко-Поло Италид эргэн ирэв.

1315

Анагаах ухаан хортой болон хоргүй хөхний хавдрыг ялган таньж мэс заслийн арга  илүү нарийн хөгжив.

1314

Данте "Divine" хошин жүжгээ бичив.

1320

Англид хорт хавдар үүгэх хүчин зүйлсийг судлаж, хавдрыг хэмжээ, байрлал зэргээр нь ангилж өмөн үүг нэг төрлийн хавдар гэж үзэв.

1319

Булш ухсан хүнийг ялладаг болсон.

1368

Хавдрыг эмчлэхийн тулд туулга, хоолны дэглэм, хөлдөөх зэрэг аргуудыг ашигласан.

1369

Парисын Бастилл цайз баригдаж дуусав.

1390

Шулуун гэдсэний хавдрыг эмчилгээгүй гэж үзэв.

1388

Шотландууд Чеви-чесийн тулаанд ялагдав.


Хүснэгт 1: Дэлхийн түүх болон анагаахын түүхэн дэх томоохон үйл явдлууд.

Мэдээ бэлтгэсэн:

ФТХ – Биофизикийн салбарын ЭША Б. Дүүрэнбуян 

Эх сурвалж

·         http://www.who.int/news-room/fact-sheets/detail/cancer

·         https://ourworldindata.org/cancer

·         https://www.worldlifeexpectancy.com/cause-of-death/all-cancers/by-country/

·         http://www.shuud.mn/a/479270

·         https://en.wikipedia.org/wiki/Cancer

·         https://en.wikipedia.org/wiki/Gene

·         https://en.wikipedia.org/wiki/Gene_structure

·         https://en.wikipedia.org/wiki/Edwin_Smith_Papyrus

·         http://www.hbocsociety.org/how-gene-mutations-cause-cancer.html

·         https://ghr.nlm.nih.gov/primer/mutationsanddisorders/genemutation

·         Strausberg R.L.; Simpson, Andrew J.G.; Old, Lloyd J.; Riggins, Gregory J.; et al. (2004). "Oncogenomics and the development of new cancer therapies". Nature. 429 (6990): 469–474 "Defining Cancer". National Cancer Institute. Retrieved 28 March 2018. World Cancer Report 2014. World Health Organization. 2014. pp. Chapter 1.1. ISBN 978-9283204299Archived from the original on 12 July 2017.

·         https://www.youtube.com/watch?v=1mo80kTZgW4 Hajdu SI (March 2011). "A note from history: landmarks in history of cancer, part 1". Cancer117 (5): 1097–102.

·         https://www.cancer.net/navigating-cancer-care/how-cancer-treated/personalized-and-targeted-therapies/understanding-targeted-therapy

·         https://www.cancer.gov/sites/nano/cancer-nanotechnology/treatment


Бусад мэдээлэл