Вэбсайтын цэс
СУДЛААЧИД ЭБОЛА ВИРУС ХҮНИЙ БИЕ МАХБОДИЙН ДАРХЛААНЫ ХАМГААЛАЛТЫГ ХЭРХЭН ИДЭВХГҮЙ БОЛГОДОГ ТАЛААР ОЛЖ МЭДЖЭЭ
СУДЛААЧИД ЭБОЛА ВИРУС ХҮНИЙ БИЕ МАХБОДИЙН ДАРХЛААНЫ ХАМГААЛАЛТЫГ ХЭРХЭН ИДЭВХГҮЙ БОЛГОДОГ ТАЛААР ОЛЖ МЭДЖЭЭ

Галвестон дахь Техасын их сургуулийн Анагаах ухааны салбарын судлаачдын хийсэн шинэ судалгаагаар Эбола вирус яагаад халдвартай хүмүүст ийм гамшигт нөлөө үзүүлдэг талаар шинэ мэдээллийг олж нээжээ. Тэд вирус нь дархлааны хамгаалалтын чухал тѳлѳѳлѳгч болох Т эсүүдийг идэвхгүй болгож, халдвар авсан хүн халдварын эсрэг тэмцэх чадваргүй болгож байгааг анх удаа тайлбарлажээ. Судалгааны үр дүнг ПЛОС Эмгэг төрөгчид (PLOS Pathogens) сэтгүүлээс харах боломжтой . 
















Эсээс нахиалан гарч ирж буй Эбола вирусийн сканнинг электрон микроскопын зураг (Африкийн ногоон сармагчны бѳѳрний эпитель эсийн ѳсгѳвѳр). Зургийн зохиогчийн эрх : NIAID

Эбола вирусийн өвчлөл нь бидэнд мэдэгдэж байгаа хамгийн хор хөнөөлтэй халдварт өвчний нэг бөгөөд өмнөх дэгдэлтээр нас баралтын үзүүлэлт харьцангуй өндөр байсан юм. Эбола вирусийн онцгой түрэмгий шинж чанар нь вирусийн дасан зохицох дархлааны хариу урвалыг зогсоох замаар халдвар авсан хүний дархлааг хурдан устгах чадвартай холбоотой юм. Цусны цагаан эсүүд нь бидний дархлааны тогтолцооны чухал хэсэг болдог. Цусан дахь “Т” цагаан эсийн хэмжээ хэвийн хэмжээнээс доогуур байх үед лимфопениа тохиолддог бөгөөд лимфопениaгийн хэмжээ нь Эболагийн халдвар хэрхэн хүндэрч болохыг зааж ѳгдѳг хүчтэй индикаторуудын нэг болдог юм.

Эбола вирусийн халдвараас амьд үлдсэн хүмүүс “Т” эсийнхээ түвшинг хадгалах чадвартай байсан бол “Т” эсийн түвшин бага байсанд нь бараг л нас баралт aжиглагдаж байна" гэж UTMB-ийн эмгэг болон дархлаа судлал, микробиологийн хэлтсийн ахлагч судлаач Алекс Букреев хэлэв. "Гол асуудал нь бид энэхүү “Т” эсийн хомстол хэрхэн тохиолддогийг хэзээ ч ойлгохгүй байсан тул энэ асуултад хариулахаар зорьж ажиллаж байна.

Судлаачид эсийн биологи болон генетикийн арга ашиглан Эбола вирус хэрхэн “Т” эсүүдэд очиж холбогдон, нэвтэрч, халдварлаж болох болон түүний дараа юу болох талаар анх удаа судалжээ. Вирус тухайн халдвар авсан “Т” эсэд агуулагдах боловч хүний бие махбод тэднийг устгах хүртэл ѳѳрсдѳѳ стресст ордог байна. Энэ нь өвчний хүндрэлийн явцтай холбоотой лимфопениад нѳлѳѳлдѳг байна. "Энэ шинэ мэдээллээр бид Эбола вирусээр үүсгэгдсэн цагаан эсийн үхэл, дархлаа дарангуйлах, өвчний тархалт зэргийн үйл явц, үүргийг судлахаар төлөвлөж байна" хэмээн Букреев хэллээ [1].

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад 2018 оны 8 сарын 1-нд Эбола вирус дахин дэгдсэнийг зарласнаас хойш 2000-аас илүү хүн вирусийн халдвараар нас барж, 3000 гаруй хүн халдвартай байгаа нь тогтоогдсон нь дэлхийн хэмжээнд Эбола вирусийн хоёр дах удаагийн томоохон тархалтаар тэмдэглэгдээд байна. Одоогийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Засгийн газраас явуулж буй вирусийн халдварын эсрэг арга хэмжээнд газар дээр нь туслуулахаар олон улсын болон БНА Конго улсын нийт 650 ажилтан хамтран тэмцэж байна [2].

Эбола вирусийн өвчин нь (өмнө нь Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан) цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин юм. Тус өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий төв болон баруун Африкийн орнуудад голчлон бүртгэгдсэн байдаг. Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг. Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай байдаг ѳвчин юм. Одоогийн байдлаар уг өвчнөөс сэргийлэх батлагдсан вакцин болон өвөрмөц эмчилгээний арга хараахан гараагүй байна [3].

Эх сурвалж: 

1. https://medicalxpress.com/news/2019-10-ebola-virus-disables-body-immune.html

2. https://www.who.int/emergencies/diseases/ebola/drc-2019

3. https://mn.wikipedia.org/wiki/Эбола

 

Мэдээллийг бэлтгэсэн: Т.Бадамхатан (M.Sc) (Материал судлалын салбар, Биофизикийн лаборатори)


Бусад мэдээлэл