Вэбсайтын цэс
АВТОМАТ РОБОТЫГ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦАД АШИГЛАХ НЬ
АВТОМАТ РОБОТЫГ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦАД АШИГЛАХ НЬ


АВТОМАТ РОБОТЫГ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦАД АШИГЛАХ НЬ


Нарны зай нь нарны цацрагаас цахилгаан үйлдвэрлэх хагас дамжуулагч элементээс бүрддэг. Аливаа бохирдолгүй, үүлшилтгүй бол нарны зай бүрэн чадлаараа ажилладаг. Гэвч орчны бохирдол, суурилуулсан газар орны цаг уурын нөхцөлөөс шалтгаалан тоосжилт, бохирдолт нарны зайн гадаргуу дээр хуримтлагдсанаар нарны зайн гаралтын чадал нь буурдаг. Үүнээс сэргийлэхийн тулд цэвэрлэгээ хийх шаардлагатай.

Нарны зайн гадаргуу дээр хуримтлагдах тоосжилт, бохирдлын нягтшил нь нарны зайн налалтын өнцгөөс ихээхэн хамаарч буйг эрдэмтдийн судалгааны ажлуудад дурдсан байдаг. Нарны зайн гадаргуугийн цэвэрлэгээний аргыг байгалийн, автомат болон механик буюу гар арга гэж ангилна.


                    

Зураг 1. Гадаргуугийн цэвэрлэгээний аргууд


Нарны цахилгаан станцын хүндрэлтэй асуудлын нэг нь цэвэрлэгээний асуудал билээ. Цэвэрлэгээний зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, ийн тулд эрдэмтэд, инженерүүд нарны зайн цэвэрлэгээний аргуудыг шинэчлэн сайжруулан хөгжүүлсээр ирсэн.

Нарны зайн гадаргууг цэвэрлэх туршилт судалгааны олон тооны ажил хийгдэж байгаагаас зарим нь практикт ашиглагдаж, зарим нь хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Эдгээрээс үзэхэд автомат цэвэрлэгээний арга нь цаг хугацаа, хүн хүч хэмнэсэн, санхүүгийн хувьд үр ашигтай тул энэ чиглэлийн судалгаа, туршилтын ажлууд ихээхэн хийгдэж байна. Жишээлбэл Энэтхэг улсын “Анрау Солюшн” компани бүрэн автомат усгүй, хуурай цэвэрлэгээ хийх, өөрийгөө цэнэглэгч роботыг хөгжүүлсэн байна. Уг робот нь өөр дээрээ нарны зай, батарейтай бөгөөд цаг уурын ямар ч нөхцөлд ажиллах боломжтой байна.


                 

Зураг 2. Анрау автомат нарны зай цэвэрлэх шийдэл

“Анрау Солюшн” компани газарт налуу өнцгөөр суурилуулсан нарны зайн гадаргууг ус хэрэглэлгүй цэвэрлэх, өөрийгөө цэнэглэдэг, ашиглахад хялбар роботыг хөгжүүлсэн байна. “Робот нь эрс тэс, тоосжилт ихтэй орчинд ажиллахаар зохион бүтээгдсэн ба тус шийдэл нь үечилсэн нойтон цэвэрлэгээтэй харьцуулахад 7 хүртэл хувиар үйлдвэрлэлтийг нэмэгдүүлнэ” гэж тус компанийн зүгээс мэдэгджээ.

 

 

Нарны цахилгаан станцын цэвэрлэгээний роботын онцлог:

Ø  Нэмэлт цахилгааны үүсгүүр шаарддаггүй буюу өөр дээрээ монокристалл нарны зай, литийн ионы батарей болон удирдлагын блоктой

Ø  Цаг агаарын мэдрэгчтэй

Ø  Хөнгөн цагаан хэсгүүдээс бүрдэх тул хөнгөн, ашиглахад хялбар

Ø  Нарны зайг цэвэрлэх хугацаа бага

Ø  Нарны зайн ямар ч хазайлтын өнцөгт ажиллах боломжтой

Уг робот нь үүлшилт болон цаг агаарыг мэдэрч ажиллаж чадна. Мөн хөнгөн цагаан хэсгүүдээс бүрдсэн учир нарны цахилгаан станцын сууринд мэдэгдэхүйц даралт учруулахааргүй хөнгөн, нарны зайг цэвэрлэх хугацааг хамгийн бага байхаар бүтээсэн байна. Үйлдвэрлэлийн туузан дамжуулга дээр суурилсан өндөр болон хазайлтыг тохируулах механизм ашигласан нь роботыг өргөж байрлуулахгүйгээр олон тооны, янз бүрийн байрлалтай нарны зайг цэвэрлэх боломж олгохоос гадна роботыг нарны зайн бүл хооронд шилжихэд гарч болох удирдлагын алдаанаас сэргийлэх юм.

Мэдээ бэлтгэсэн:  Энергийн судалгааны лабораторийн ЭШДэА Б.Мөнгөнцацрал

Эх сурвалж:

1.    https://www.researchgate.net/publication/338990581_Solar_Photovoltaic_Panels_Cleaning_Methods_A_Review

2.    https://www.pv-magazine.com/2022/05/02/self-powered-dry-cleaning-robot-for-solar-panels/

 







 


Бусад мэдээлэл