Шинжлэх ухааны академийн ууган хүрээлэнгүүдийн нэг Физик, технологийн хүрээлэн нь Монгол улсад физик, техникийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх эрхэм зорилго бүхий эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх байгууллагын нэг билээ. Манай хүрээлэн нь физик, техникийн чиглэлээр ФТХ-ийн бүтээл (Proceedings of Institute of Physics and Technology)-ийг 1966 оноос хойш жил бүр уламжлал болгон хэвлэн гаргаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 46 бүтээлийн 955 эрдэм шинжилгээний өгүүллийг монгол, орос, англи хэлээр хэвлэн гаргасан байна. Тус эрдэм шинжилгээний бүтээлд эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, их дээд сургуулийн багш, оюутнуудын өгүүллийг редакцийн зөвлөлөөр хянан магадалгаа хийлгэж хүлээн авдаг. Хэвлэх шаардлага хангасан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг нэгтгэн хэвлэлийн эхийг зохих загвараар бэлтгэж, дараа оны эхний улиралд өмнөх оны дугаар болгож хэвлэдэг. Мөн сонгогдсон эрдэм шинжилгээний бүтээлүүдээр жил бүрийн 12 сард Физик, Технологи эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг билээ.
Бид Физик, технологийн хүрээлэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл эмхэтгэн гаргасан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэгтгэн энэхүү мэдээллийн санг үүсгэлээ. Та бүхэн манай бүтээлийн нэгдсэн сангаас тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, өгүүллэгүүдийг цаг алдалгүй дэлхийн аль ч өнцгөөс татан унших, мэдээлэл солилцох, танилцах боломжтой юм.
ФИЗИК, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭЛИЙН НЭГДСЭН САНд орох: http://physpub.ac.mn/