Нарны гэрлийн нэг фотон фотосинтезийн системд шингэснээс хойших эхний 10⁻¹⁵–10⁻¹² секундэд юу болдог вэ?
Фотон шингэсний дараа юу болдог вэ?
Фемтосекундийн “камер”
Яагаад 2DES хэрэгтэй вэ?
Амьд фотосинтезийн системийн спектр маш нийлмэл. Олон төрлийн хлорофилл болон бусад пигментүүдийн шингээлтийн зурвас (absorption band) хоорондоо давхцдаг учраас нэг хэмжээст спектрээс “аль пигментээс аль пигмент рүү энерги шилжив?” гэдгийг ялгахад төвөгтэй ба 2DES-ээр шийдэхэд тусалдаг. Энэ аргаар спектрийн мэдээллийг өдөөлтийн болон бүртгэлийн гэсэн хоёр давтамжийн тэнхлэг дээр дүрсэлдэг. Ингэснээр өдөөлтийн энерги нэг төлөвөөс нөгөөд шилжихэд үүсэх хөндлөн пикийг (cross-peak) ажиглаж, электрон өдөөгдсөн төлөвүүдийн хоорондын холбоо болон энерги шилжих замыг ялгах боломжтой. Өөрөөр хэлбэл ердийн спектр зөвхөн “ямар долгионы уртад гэрлийг шингээв?” гэдгийг харуулдаг бол 2DES нь үүнээс гадна “хаана өдөөгдсөн энерги дараа нь хаашаа шилжив?” гэсэн асуултад хариулах боломж олгодог.

Synechocystis эсэд (in vivo) өдөөгч болон тандах импульсийн хоорондох хугацааны интервалд (t2) бүртгэсэн 2DES-ийн зураглал. (Зургийг Kumar R нарын өгүүллээс авсан.)
Амьд эс доторх энерги ба цэнэгийн шилжилт
Судлаачид антенны хлорофиллоос урвалын төв рүү өдөөлтийн энерги хэдхэн пикосекундэд дамжихыг ажиглажээ. Урвалын төвд цэнэг тусгаарлалттай холбоотой дохио ойролцоогоор 6 пикосекундын хугацааны масштабт илэрсэн бөгөөд уг дохионд өдөөгдсөн төлөвүүдийн тэнцвэржилт нөлөөлсөн байж болохыг зохиогчид тэмдэглэсэн. Фикобилисомоос фотосистем I ба II руу энерги дамжих үндсэн хугацааны масштаб 20 ± 1 пикосекунд байв. Мөн фотосистем II-оос фотосистем I рүү электрон зөөвөрлөгдөж буйг илтгэх шууд бус спектрийн нотолгоо гаргажээ.
Тусгаарласан молекулаас амьд систем рүү
Хэт хурдан спектроскоп ашиглан фотосинтезийн пигмент–уургийн комплекс дахь энерги шилжилтийг олон жилийн турш судалж ирсэн. Гэхдээ тусгаарласан комплекс дахь молекулын орчин амьд эсийнхээс өөр. Амьд эсэд пигментүүдийн орон зайн зохион байгуулалт, мембраны орчин, уураг-пигмент харилцан үйлчлэл, редокс төлөв болон физиологийн зохицуулалт зэрэг олон хүчин зүйл зэрэг үйлчилдэг. Энэ судалгааны онцлог нь хэт өргөн зурвасын 2DES болон TA-г хослуулан физиологийн идэвхтэй амьд фотосинтезийн системийн хэт хурдан динамикийг молекулын түвшинд судалсан явдал юм.
Фотофизикийн хувьд яагаад чухал вэ?
Фотосинтезийг физикийн үүднээс авч үзвэл энэ нь байгальд явагддаг маш нарийн гэрэл шингээх ба энерги хувиргах систем юм. Энд фотоны шингээлт, электроны өдөөлт, экситоны харилцан үйлчлэл, энергийн шилжилт, цэнэг салалт, электроны шилжилт зэрэг квант болон молекулын түвшний процессууд хоорондоо уялдан ажилладаг. Тиймээс амьд эсийн хэт богино спектроскоп нь зөвхөн фотосинтезийг ойлгоход төдийгүй, өдөөгдсөн төлвийн физик, молекул фотофизик, квант динамик, хиймэл гэрэл цуглуулалт, нарны энергийг хувиргах системийн физик зарчмыг судлахад ач холбогдолтой. Энэхүү судалгаанд ашигласан орчин үеийн спектроскоп нь молекулыг зөвхөн “ямар долгионы уртад гэрэл шингээдэг вэ?” гэдгээр нь хэмжихээс хальж, фотон шингэснээс хойших хэдхэн фемтосекундэд энерги хаашаа, ямар замаар, ямар хурдтай шилжиж байгааг амьд систем дотор мөрдөх түвшинд хүрснийг харуулж байна.
Мэдээг бэлтгэсэн: ЭША Г.Даваадулам
Эх сурвалж